Эзэнт гүрний боолуудын шарх
Япон цэргүүд Хятадын Нанжин хотод секс боолуудын төв болгон ашиглаж байсан байшинг музей болгон хувиргажээ. Эмэгтэйчүүдийн эмзэг, нандин хэсгүүдийг нь шалгадаг сандал, үзлэг хийдэг эмч нарын гэрэл зураг, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг эм бэлдмэл, зүү, тариур, дотор оношлуур, япон цэргүүдийн хувцас зэргийг музейд тавьжээ. Сomfort woman буюу япон цэргүүдийн секс боол болж явсан эмэгтэйчүүдийн зургийг томоор угаалгаж хананд өлгөжээ. Дээрх үзмэрүүдийн заримыг Ли Жиюун хандивлажээ. Хятадын өмнөд хэсгийн Жиансу мужид япон цэргүүдийн 40 орчим секс боолын төв байсны нэг нь энэ юм. “Чөлөөлөлтийн дараа ээж минь энэ түүхийг хэзээ ч ярьж байгаагүй. 2005 оны сүүлчээр хөршийн нэг хөгшин ээжийг минь comfort woman байсан гэдгийг хэлсэн юм. Сэтгэл хачин болж, итгэж чадахгүй байсан” хэмээн Ли Жиюуны өргөмөл хүү Тан Жиагуо өгүүлэв. Ли Жиюун энэ түүхээ хүүгээсээ нуусан төдийгүй, 1982 онд нас барсан нөхөртөө ч хэлээгүй аж. Жиагуо өргөмөл ээжээсээ тэр талаар асуухад тэрээр ихэд уурлаж, намайг доромжиллоо хэмээн юм ярихаас татгалзаж байв. Гэвч ятгаж, ярилцсаны эцэст хандлага нь өөрчлөгдөж, бүх секс боолуудын өмнөөс шударга ёсыг шаардахын тулд өнгөрсөн түүхээ дэлгэхийг зөвшөөрчээ. Ли Жиюун 2007 онд 79 насандаа өөд болжээ.
Ли Жиюуныг 13 настай байхад нэгэн янхны газрын эзэн цэвэрлэгээний ажилтан хэрэгтэй байна гэж хэлж, ажилд авчээ. “Гэвч хэсэг хугацааны дараа намайг янхан болохыг шаардсан” хэмээн тэрээр 2007 онд нас барахаасаа өмнө ярилцлага өгөхдөө дурдаж байв. “Намайг 5-6 охидын хамт өргөн орон дээр хэвтүүлээд цэргүүд ээлжлэн орж ирдэг байсан. Татгалзах юм бол буугаараа зодож, цохьдог байсан. Охидын нэг нь зодуураас болж үхвэл байшингийн эзэн нүх ухаад булчихдаг байсан. Эхэндээ бид 15-уулаа байсан ч зургаа нь үлдэж, бусад нь үхсэн” хэмээн хятад эмээ дурсаж байсан юм. Жиюун тэр газар хоёр жил болсны эцэст 1943 онд зугтаж чаджээ. 17 насандаа гэрлэсэн ч янхны газарт өгдөг байсан эм бэлдмэлийн улмаас хэзээ ч жирэмсэн болж чадаагүй юм. “Ээж минь япон цэргүүдийг шүүхийн өмнө аваачихыг хүсч байсан ч чадалгүй нас барсан. Нас барахаасаа өмнө миний нэрийн өмнөөс тэмцээрэй гэж захисан” хэмээн Тан Жиагуо өгүүлэв. Япон цэргүүд 1931-1945 онд Хятадын газар нутаг дээр үйлдэж байсан яргалал, харгис үйлдлийг баримтжуулах ажлыг Бээжингийн эрх баригчид сүүлийн хэдэн жилд идэвхтэй хийж байгаа юм.
Япон улс дайны үед секс боол байсан Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгох талаар тохиролцоонд хүрсэн нь Хятадад маргаан дагуулж, тэд ч бас өөрсдийн эрхийг шаардаж байгаа аж. Японууд анх 1937 онд Нанжинд янхны газар байгуулж, хятад эмэгтэйчүүдийг хүчээр аваачин секс боол болгодог байжээ. Улмаар япон цэргүүдийн зугаа цэнгээний газар Шанхайд хүрээгээ тэлж Дайчи танхим гэсэн нэртэй болж байсан юм. 2014 онд Жилин мужийн архиваас Японы армийн баримт сэлтийг сэргээж авсны дараа япон цэргүүд хэдэн зуун зугаа цэнгээний газрыг байгуулж байсан нь ил болсон юм. Нанжинд гэхэд л 178 цэрэгт нэг comfort woman ногддог байжээ. Нанжины ойролцоох Жэнжиан хот дахь секс боолуудын төвд арав хоногт л найман мянга 929 япон цэрэг зочилж байсан нь архивын баримтаас ил болжээ.
“Орчин үеийн түүхэнд янхны газрын ийм том сүлжээг байгуулж байсан цорын ганц улс нь Япон” хэмээн Шанхайн их сургуулийн түүхч, судлаач Су Жилян өгүүлж байна. Япон, Хятад хоёр 1972 онд дипломат харилцаагаа сэргээсний дараа секс боолуудын асуудал сөхөгдөж, олон эмэгтэй шүүхэд өргөдөл гомдол гаргасан ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тэд шүүх дээр олон удаа ялагдал хүлээж байгаа ч бууж өгөх бодолгүй байна. Өмнөд Солонгосын арав гаруй эмэгтэй өнгөрсөн долоо хоногт улсынхаа шүүхэд Токиогийн эсрэг гомдол гаргаад байна. “Тэд нас барсан ч хүүхдүүд нь тэмцэх нь болно. Бидний хувьд мөнгө тийм чухал биш. Шударга ёс, хариуцлагыг тогтоохыг хүсч байна. Тэд уучлал гуйх ёстой. Өмнөд Солонгостой тохиролцоонд хүрснийг мэдээд миний уур хүрсэн. Японууд Хятадад бас ийм гэмт хэрэг үйлдсэн. Зөвхөн солонгосуудын өмнө уучлал гуйх нь хангалтгүй” хэмээн Ли Жиюуны өргөмөл хүү Тан Жиагуо ярилаа.
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: