“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 01 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхөрт авч байсан тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Энэ хуулийн үйлчлэлд дараах нөхцөлийг хангасан иргэн хамрагдах ажээ.

· нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхөр;

· хамтын тэтгэвэр авагч нь 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй Монгол Улсын иргэн байх,

· Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний эхнэр эсхүл нөхөр нь энэ хуулийн 4.1.2-т заасан насанд хүрээгүй тохиолдолд түүнд олговол зохих хамтын тэтгэврийг тухайн насанд хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд энэ эрх нь түүний эхнэр эсхүл нөхрийг нас барснаас хойш тав хүртэлх жилийн хугацаанд хадгалагдах юм байна.

·Харин хамтын тэтгэврийг бусдад өвлүүлэхгүй гэж хуульчилжээ.

Үүнээс гадна хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэнд олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтоох бөгөөд хамтын тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байна

Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно. Хамтын тэтгэврийг нас барсан эхнэр эсхүл нөхрийн өндөр насны тэтгэвэр авах хугацаа дуусгавар болсны дараа эхнэр эсхүл нөхөр нь хамтын тэтгэвэр авахыг хүсч өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгохоор хуульд заасан байна. Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг нийтэллээ. Уг хуулиар,

· Гааль, татварын ерөнхий газрын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Монгол Улсын гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, биелэлтийг хангах, улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн болохыг хуульчилсан байна.

· Гааль, татварын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн гааль, татварын нэгжийн дэргэд татварын хяналт шалгалтаар тогтоосон акт, дүгнэлттэй холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байнгын бус ажиллагаатай Маргаан таслах зөвлөл ажиллахаар хуульд тусгажээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт,

·Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

· Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай,

·Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

· Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

·Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

·Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

·Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт оруулах тухай,

·Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

·Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтлэв.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд, сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацааг сунгаж 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар өөрчлөлт оруулжээ.

Эмхэтгэлд,

· 2016 оны хаврын тариалалтад зориулан 20.0 /хорин/ мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөх тухай хуулийг тус тус нийтэллээ. Эдгээр хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

Эмхэтгэлийн шинэ дугаарт,

·Тогтоолын төсөл буцаах тухай, Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай, Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай, Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг,

· Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг,

·Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн  дүнгээр тасалбар болгон явуулж, дүнг 2016 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох байгууллагад даалгажээ.

Засгийн газрын өөр нэг  тогтоолоор, тусгай зориулалтаар 2016 онд угалз 60, тэх 70, халиун буга 30, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гайхай 10, цагаан зээр 150, агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 400 толгойг барьж буцаан тавиулахаар тогтоосон байна.

Эмхэтгэлд,

· Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих