Сонгуулийн хуулиар Цэцэд хандана
УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандахаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун мэдэгдэж мэдээлэл хийлээ. Сонгуулийн нэгдсэн хуульд өмнөхөөсөө дэвшилттэй заалт туссан хэдий ч Үндсэн хуулийн зөрчлийг арилгаж чадаагүй гэж үзэж буй аж. Тухайлбал, УИХ-ын 76 гишүүний 28-ыг пропорцианаль хувилбараар буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгох болж байгаа нь 2011 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн алдааг давтсан, тэрхүү алдааг арилгахыг хүсэхгүй байгаа нь хэн ч тоож сонгохооргүй хүмүүсийг намын жагсаалтад багтаах гэсэн арга гэж мэдээллийн эхэнд онцолсон юм.
Мөн Сонгуулийн нэгдсэн хуульд нам, эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн заалт гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдэгдлээ. Тэрээр “Дээрх заалтаар сонгогч нам ,эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжээд дугуйлсан нөхцөлд хүчингүй болох юм байна. Тиймээс энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандах аж. Сонгуулийн нэгдсэн хуульд зааснаар шинэ нам, эвсэл байгуулж, сонгуульд оролцох боломжгүй болжээ. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу үндсэндээ тавдугаар сар хүртэл нам, эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан. Энэ хумигдсан. Сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 16 хоногоор хязгаарласан нь шинэ хүн, шинэ намууд өөрсдийгөө таниулах боломжгүй. Том тойрогт нэр дэвшсэн шинэ хүн зарим сумандаа хүрч ажиллаж чадаагүй байтал сурталчилгааны хоног дуусах болж байгаа нь жижгүүдийг хавчсан заалт гэв. Уг нь С.Ганбаатар гишүүнийг оролцуулаад бие даагч гишүүд шинээр нам байгуулж сонгуульд оролцох тухай ярьж, төлөвлөж байсан аж. Гэвч дээрх хуулиар боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр, С.Ганбаатар гишүүн сонголтоо хийж ХҮН-д элссэн. Тийм учраас өнөөдрөөс эхлэн бие даагч гишүүдтэй хамт С.Ганбаатар гишүүн хэвлэлийн хуралд оролцохгүй байгааг” хэлсэн юм.
Мөн бие даагчдын зүгээс энэ долоо хоногт УИХ, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас Гацууртын ордыг дэмжихгүй болохоо мэдэгдлээ. Энэ тухай Х.Болорчулуун гишүүн “Гацууртын ордыг ашиглавал хүнцэл гэдэг асар их хор ил гарахаар идэвхижинэ. Хараа гол төдийгүй Сэлэнгийг хордуулах эрсдэлтэй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан аюулгүй гэдэг баталгааг хөрс судлаач нараар гаргуулж чадаагүй. Монголд гуравхан хөрс судлаач бий. Энэ асуудлаар Ерөнхий сайдын байр суурийг сонирхож, хариуцлагыг нь та үүрч чадах уу гэхэд өөрөөсөө холдуулж тайлбар хийгээд аюулгүй гэдэг баталгааг өгч чадахгүй байгаа. Гацууртын ордыг ашиглахад 10 жилийн дотор 200 сая ам.долларын ашиг олохоор байгаа. Үүнийхээ оронд Тавантолгойгоо үр ашигтай ажиллуулахад анхаарах ёстой” гэж мэдэгдлээ.
Д.ЖАРГАЛ
URL: