Товчхондоо энэ цаг үеэсээ МОНГОЛОО нэхэл хатуутай нэхэх цаг болчихоод байна

12201_1666426773636626_4631154040212112987_n

Гудамж зам дээр ч, төрийнхөө ордонд ч ялгалгүй эвлэж ойлголцоод эвтэйхэн зохицчих зүйл дээр эвдрэлцэж уралцсаар хамаг хүч чадал, нөөц боломжоо салхинд тавьж туух нь их болжээ.

Нэг нэгнээ дэмжиж туслахаасаа илүүгээр тэрсэлдэж тэмцэлдэх нь их харагдах юм. Ялангуяа улс төрийн талбарт. Эрхэм сайхан язгууртэй Монгол хүмүүс маань нэгнээ үгийг муугаар харааж, гутаан доромжлох нь их байх юм. Бусдынхаа ололт амжилтад баясдаггүй атлаа алдааг хараад хар хэрээ мэт бархиран цуугилдах нь их болжээ. Монгол хүн Монгол хүндээ хамгаас эрхэм байх ёстой байтал харин ч монгол хүн монгол хүндээ хог новш шиг харагдаж, сэтгэгддэг болжээ. Эх нутагтаа бүү хэл харь оронд монгол хүн монгол хүнээсээ хальширч зугтаах нь их болжээ.

Шувуун цээжтэй, шувтан ташаатай, шоорон явдалтай, ойр зуурын ашигч, олон үгт, омог түргэн, ойворгон залуус их олон үзэгдэх болжээ. Харахад зүс царай нь монгол боловч хахь хол, танил бус сэтгэлгээтэй хүүхэд залуус их олон болжээ. Харийн соёлд хараа хяналт, бодлого сэрэмжгүйгээр хандсаны гор л байх даа.
Монгол эр хүн хэзээ тийм байлаа. Монгол эх хүн хэзээ тийм байлаа. Монгол хүн хэзээ тийм байлаа гэх эмзэглэл харуусал, үл эвлэрэл өдрөөс өдөрт зузаарна.
Энэ бүхэн бол өнөөх “МОНГОЛОО АЛДАЖ” гээсний л гор, гай болно. Монголчууд бидний ёсзүйн цогц ихээхэн задралд орж, Монгол хүний үнэ цэнэ гундан буурсны үр дагавар болно. Та бид Монголчуудаасаа Монголоо маш бага нэхдэг болсны хариу болно.
Товчхондоо энэ цаг үеэсээ МОНГОЛОО нэхэл хатуутай нэхэх цаг болчихоод байна даа.
Б.Номинчимэд


URL:

Сэтгэгдэл бичих