“Алтансарнай” наадамд улс төрийн намуудын удирдлага оролцож олны анхаарлыг татлаа

НАМЗХ-оос “Алтансарнай” наадмыг 15 дахь жилдээ зохион байгуулав. Оны хамгийн сүүлийн отгон наадам “Алтансарнай” 12 сарын 31 өдөр болж өнгөрөв. МАН-ын “Алтансарнай” наадам тасралтгүй 15 жил зохион байгуулагдлаа. Харин АН-ын гэгдэх “NEXT STOP” наадам энэ жил өнжив. Энэ жилийн “Алтансарнай” наадмын зочид НАМЗХ-ноос зохион байгуулж буй сайн үйлсийн аянд нэгдсэн нь нэг гол онцлог байлаа. Тухайлбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг аянд нэгдэж хувиасаа 10 сая төгрөг хандивласан юм. Ингээд энэ жилийн “Алтансарнай”-н эздийг танилцуулья.

Улс төрийн салбарын онц онцлох хүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Сандагийн Бямбацогт

Улиран өнгөрч буй 2015 онд УИХ-дахь МАН-ын бүлэг улс орны эдийн засгийн хямрал хүндрэлийг даван туулахыг тулд бүтээлч санал санаачлага гаргаж, зөвшилцлийг эрхэмлэж ажилласан гэж үзжээ. Мөн С.Бямбацогтыг МАН-ын бүлгийн дарга болсноор УИХ дахь бүлэг идэвхи санаачилгатай ажиллах болсон гэж дүгнэжээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн жилд Эдийн засгийн бодлогын хүрээнд: Хөгжлийн урт хугацааны бодлогыг гаргах, Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгох, Чингис, Самурай бондуудын зарцуулалтыг ил болгох, Алслагдсан бүсэд орлогын татварыг 90% хөнгөлөх санаачилгууд гаргасан. Нийгмийн бодлогын хүрээнд: Авлига албан тушаалтнуудыг өршөөхгүй байх, Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Малчдын тэтгэвэрийн насыг наашлуулах, Төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн мөнгийг хасахгүй байх, шатахууны үнийг бууруулах, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ард түмний хүсэн хүлээсэн хар машинд хяналтын тооллого хийлгэх, нийслэл, аймаг, дүүрэг, сумыг листгүй болгох зэрэг ард иргэдийн аж амьдралтай холбогдсон олон чухал санаачлагыг гаргаж, тодорхой үр дүнд хүрчээ.

Бизнес, эдийн засгийн салбарын оны онцлох хүн “Дорнын говь” ХХК-ийн Ерөнхий захирал  Борхүүгийн Дэлгэрсайхан

Б.Дэлгэрсайхан нь “Чандмань” компанийг 1993 онд үүсгэн байгуулсан. Улмаар Дорноговь аймгийн Махны үйлдвэр, Хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч “Дорнын говь” ХХК-ийг байгуулсан. Тус компани 2000 онд Сэлэнгэ аймагт махны үйлдвэрийг, 3000 тонн багтаамжтай хөргөлтийн агуулахыг, 2004 онд Багануур дүүрэгт 2500 тонн хөргөлттэй агуулахыг Махны үйлдвэрийн хамт тус тус байгуулж тухайн үедээ Монгол Улсын нийт махны экспортын 60 хувийг дангаараа бүрдүүлж байв.

2004 оноос уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Баянголын уурхайг 2004 оноос эхлэн бүтээн босгосон. Уурхайгаа ашиглахаас өмнө юуны түрүүнд дэд бүтэц хөгжүүлэх шаардлагын хүрээнд нийт 115 км дэлгэмэл урттай 2 өртөө, 3 зөрлөгтэй төмөр замыг барьж байгуулсан. Дархан хотоос 100 мВт-ын хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам татсан. Эдгээр бүтээн байгуулалттай зэрэгцээд Нойтон баяжуулах үйлдвэрээ барьж байна.

2013, 2014, 2015 онуудад Шилдэг татвар төлөгчөөр “Хөх дэвтэр”-ийг 3 жил дараалан авч,  МХАҮТ -аас жил бүр зохион байгуулдаг бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Entreprenuer-2015” ёслолын үйл ажиллагаанд Шилдэгийн шилдэгээр тодорч, Онцлох ГРАНПРИ шагналыг авч байжээ.

Шинжлэх ухаан, технологийн салбарын оны онцлох хүн Доржнамжингийн Дэмбэрэлнямба

“МонХимо” компанийн эрдэм шинжилгээний төвийн захирал, МУИС-ийн багш, Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба шинжлэх ухаан технологийн салбарын оны хүнээр тодров. Тэрээр “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-ийг олон жилийн судалгааны ажлын үр дүнд, орчин үеийн биотехнологи, биохимийн нарийн аргуудыг ашиглан гарган авсан. Уг бүтээгдэхүүн нь яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, нөхөн төлжүүлэхэд өндөр үр дүн үзүүлсэн гэж үзжээ.

Соёл, урлагийн салбарын оны хүн Ганбаатарын Ариунбаатар

2012 онд Глинкийн уралдааны тэргүүн байрын эзэн. Сонгодог урлагийн дэлхийн олимп гэгддэг, дэлхийн сонгодог урлагийн хамгийн том наадмын нэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн. Монгол Улсын болон ОХУ-ын гавьяат жүжигчин цолтой. Чайковскийн нэрэмжит энэхүү тэмцээнд 1975 оноос хойш дуучин хүнд олгоогүй Гранприг хүртсэнээрээ онцлох амжилтаар шалгарчээ.

Спортын салбарын оны онцлох хүн Мөнхбатын Даваажаргал

2007 онд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Даваажаргал өнгөрч буй 2015 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тэрээр 30 насандаа эзэн хааны цомыг 35 дахь удаагаа гардаж авсан нь одоогоор мэргэжлийн сумогийн хамгийн дээд амжилт болоод байна. Сумо бөхийн домог болсон Их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, Их аварга Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч дээд амжилтын эзэд болж байсан. Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 29 насандаа 33 дахь түрүүгээ авч байсан түүхтэй аж. Түүний хосгүй дээд амжилтыг 2015 онд Гиннесийн номонд албан ёсоор бүртгэж баталгаажуулжээ. М.Даваажаргалын шагналыг түүний ээж нь гардан авсан байна.

Олон нийтийн байгууллагын оны шилдэг удирдлага Баатаржавын Лхагважав

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга Баатаржавын Лхагважавыг 2015 онд санхүүгийн шинэчлэлийн эзэн, ил тодын хуулийн автор гэж хэвлэлүүд дүгнэх болсон. Учир нь тэрээр 2015 онд Эдийн засгийн Ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөл, НӨАТ зэрэг санхүү, татварын багц хуулиудыг шинээр гаргах, шинэчлэгдэхэд гол нөлөөлөл үзүүлсэн юм. Бизнес эрхлэгчид, УИХ-ын хоорондын гүүрж болж ажилласан нь оны онцлох хүн болоход гол нөлөөлөл үзүүлэв. Эдийн засгийн Ил тод байдлыг дэмжих хууль гарч хэрэгжих өнгөрсөн гуравхан сарын хугацаанд манай улсын эдийн засагт 6 их наяад төгрөгийн орлого, хөрөнгө, татвар ил болж, эдийн засаг тэлээд байна. Энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа НӨАТ-ын буцаан олголт ч Б.Лхагважавтай хамааралтай юм. Ер нь Б.Лхагважавын МҮХАҮТ-ийн хамгийн тод удирдлагуудын нэг гэж хүмүүс дүгнэсэн аж.

Хэвлэл мэдээллийн салбарын оны онцлох бүтээл Монгол HD ТВ-ийн  “Авьяаслаг Монголчууд” шоу төсөл

“Монгол” телевизийн уран бүтээлчид, “Got talent” шоуны ажлыг  2014 оны 10 дугаар сараас эхлүүлжээ. Тэд 2000 гаруй авьяастны үзүүлбэрийг үзэж сонирхоод шүүгчийн шатны шалгаруулалтад  220 оролцогч оруулсан аж. Дэлхийн хэмжээний стандартыг монголын хэвлэл мэдээллийн салбарт нэвтрүүлсэн. Тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийг 2015 онд олон түмэнд толилуулсан. Уг бүтээл нь ард түмний эв нэгдлийг хангаж, олон хүнийг цэнхэр дэлгэцийн өмнө суулгасан гэж дүгнэжээ.

Нийгэм хүмүүнлэгийн салбарын оны онцлох төсөл “1000 төгрөг” аян

Түлэгдсэн хүүхдүүдэд зориулж “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт нэн шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг авч өгөх зорилгоор “1000 төгрөг”  аяныг хэрэгжүүлж 200 ширхэг төхөөрөмж авч өгчээ. Уг аянд нийтдээ 170.000 иргэн хамрагдсан нь 2015 онд хамгийн олон хүнийг хамарсан хүмүүнлэгийн аян гэж нэрлэгджээ.

Энэ жилийн “Алтансарнай” наадмыг зохион байгуулалт сайтай, сайн үйлсийн аян өрнүүлсэнээрээ онцлог болсон гэж оролцогчид дүгнэжээ. Мөн АН-аас бусад улс төрийн намуудын удирдлага оролцсон нь олон нийтийн анхаарлыг татав. Тухайлбал УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Ц.Оюунбаатар, байнгын хорооны дарга Ч.Улаан нар хүрэлцэн ирж шагнал гардуулахад оролцсон нь “Алтансарнай” наадмыг эв нэгдлийг эрхэмлэсэн болохыг харуулсан шийдэл гэж ярих хүмүүс байна. Үүний зэрэгцээ “Алтансарнай”-н эзэдийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, 2015 онд амжилт үзүүлсэн хүмүүсийг шударгаар шалгаруулсан гэж олон нийт үнэлж эхэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих