Ж.Батмөнх агсаны гэргий А.Даариймаагийн дурсамжаас
Нэгэн үеийн Монголын түүхийг бичилцэж, эгзэгтэй үед хамгийн зөв гарцыг олж чадсан улс төрч Ж.Батмөнх: Залуучууд Монгол орныг авч явж чадна. Ганцхан зөв талруу нь залах хүн хэрэгтэй.
***
1990 онд өвгөнийг минь огцроход 500 төгрөгнөөс өөр юу ч өгөөгүй. Бидэнд байр, унаа байгаагүй. Багш байхад нь 12 дугаар Микро районд дөрвөн өрөө сайхан байртай байсан. Тэгсэн өвгөн “Хоёулаа улсын байранд орлоо. Хүүхдүүд бага болохоор тэр байрыг тэнд цоожтой байлгаж байхаар хотын захиргаанд гэрчилгээг нь аваачаад өгчих. Нэг ч гэсэн хүн орон гэртэй болог гэхээр үгэнд нь орж, Балжинням гэдэг даргад байрныхаа гэрчилгээг аваачаад өгчихсөн.
Ингээд 1990 оны гуравдугаар сард өвгөн ажил, байргүй болж хаашаа ч очих аргагүй болсноор Их тэнгэрийн аманд, энэ байранд ортлоо өвлийн хүйтнийг үзэж байлаа. Хажууд байсан айлууд бүгд нүүгээд явчихсан. Гэтэл бид хоёр нүүгээд орох байргүй сууж байлаа. Одоо энэ байрнаас өөр юу ч байхгүй. Бид хоёрын мөнгө нийлээд 800-хан төгрөг болдог байв. Байр, цахилгаан, хоолоо авахад хаанаа ч хүрдэггүй байсан. Тэр үед бид хоёр аль олдсон ажлыг л хийж явлаа. Нөхөр талхаа өөрөө барьдаг боллоо. Би буриад гутал хийж, дээл оёж зардаг байлаа.
Хүү маань хойшоо, урагшаа явж даавуу авчирч дээл оёж таньдаг хүнээр заруулж хэд гурван төгрөг болгоно. Намайг гэртээ юм оёод суучихаар өвгөн минь очиж картын бараагаа авдаг байсан. Тэгээд ирэхдээ “Ёстой эвгүй юмаа. Нэг л их урт дугаар байна. Хойно зогссон минь хүмүүс урагшаа ороод ав гээд байх юм. Надтай адилхан хөгшчүүл, хүүхэд гээд янз бүрийн хүн дугаарлаж байхад “Миний юмыг өг” гээд дайралтай нь биш. Адилхан л зогсч байгаад аваад ирлээ гэдэг байсан.
- Өвгөнтэйгөө хамт ажлын айлчлалаар Энэтхэг, Солонгос хоёр улсад л айлчилж байсан. Өвгөн маань улсаас зардал нь гардаг юм гээд намайг тэр болгон авч явдаггүй байсаан. Энэ хоёр оронд очсон сэтгэгдэл минь хэзээ ч мартагдахгүй, тийм сайхан байж билээ.
- 60 насных нь ойгоор Хөдөлмөрийн баатар цол өгөх гэхээр “Би баатар авахаар юм хийгээгүй” гээд хүлээж аваагүй.
Картын бараанд дугаарладаг байсан үед бага насны хүүхэд гартаа арван төгрөг бариад олны хөлд дайруулж нас барсан тухай сониноос үзээд “Даанч яав даа, монголчууд ингэж өлсөх гэж, Энэ хүүхдүүд сургууль, соёлгүй. Юу болж байна” гэж хэлээд ухаан алдаж унасан. Тэрнээс хойш өвгөн минь үе үе унадаг болчихсон. Хамгийн сүүлд юм даа, “П.Очирбат, Н.Багабанди хоёрын халз ярилцлагыг үзээд өрөөндөө орж ирээд “Энэ Очирбат юу ярьж, юу хийж байна аа” гээд ухаан алдаж унасан. Тэгээд сэргээгүй. Монголын ард түмэн гэж явсаар байгаад л өнгөрсөн дөө хөөрхий минь. Тэрнийг нь бодохоор би зүгээр байж чаддаггүй.
Манай хөгшин хууч өвчингүй цоо эрүүл байсан. Дарга байхдаа ганц удаа ч эмнэлэгт хэвтэж үзээгүй. Амгалан, тайван зантай хүн байлаа. Дотроо бухимдсаар байгаад л бурхан болсон доо хөөрхий. Багшийнхаа.ажлыг хийж байсан бол өнөөдөр байж л байх байсан гэж бодогддог юм
Ж.Батмөнх агсны гэргий А.Дариймаа
Сонирхолтой, сургамжтай, бодит түүхүүд пэйж хуудаснаас
URL: