С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ базааж, Г.Уянга ХҮН-д элсэхээр зэхэж байна

http://www.bolod.mn/Upload/news/1451841159568956871dfa5.jpg

Сонгуулийн жил эхэллээ. Өнгөрсөн сарын сүүлээр хамгийн их хүлээлт үүсгээд байсан сонгуулийн тухай хуулийг УИХ-аас батлан гаргалаа. Үүнтэй холбогдуулан улстөрчид болон улс төрийн намууд сонгуульд оролцох үйл ажиллагааныхаа ерөнхий төлөвлөгөөг гаргаж эхэллээ. Өнгөрсөн сар буюу өнгөрч буй долоо хоногийн дундуур улс төр болон нийгмийн амьдралд олон сонирхолтой үйл явдал өрнөсөн. Эдгээрээс өлгөж авахуйц буюу хамгийн сонирхолтой нь УИХ-д суудалтай нам нэгээр нэмэгдсэн явдал байлаа.

Тодруулбал, Үндэсний эрх чөлөөний баяр, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн өдөр УИХ-д суудалтай намын тоо нэгээр нэмэгдэж, УИХ-д бие даан сонгогдсон С.Ганбаатар гишүүн шинээр байгуулагдаад буй ХҮН-д элсэж, намын батлагаа гардан авсан юм. Боловсролтой, салбар бүрийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэж чадсан гэж PR-аа хийдэг тус нам парламентад суудалтай болсноор улам хүчирхэгжиж байна гэж намын дарга нь мэдэгдэж харагдсан. Уг намыг байгуулагдах үеэс л эхэлж бие даагчид болон УИХ-ын гишүүн Г.Уянга нартай нэр холбож байсан. Харин тэд гарч ирсэн даруйдаа мэргэжилтэй, сэхээтэн, гадаад дотоодод боловсрол эзэмшсэн, хөрөнгө мөнгөтэй бизнесийн салбарын тэргүүлэгч удирдлагуудыг өөрсдийн эгнээндээ нэгтгэж, бид популизм хийхгүй гэдгээ тунхаглаж явсан.

Гэвч сонгуулийн хууль батлагдсан даруйд УИХ-д байгаа хамгийн популист хэмээгддэг С.Ганбаатар гишүүнийг намдаа элсүүллээ. Хамгийн сонирхолтой нь ХҮН-д элсэх УИХ-ын гишүүдийн тоо үүгээр дуусахгүй бололтой. “Босоо Ганбаа”-гийн дараагаар УИХ-ын гишүүн Г.Уянга тус намд албан ёсоор элсэх гэнэ. Мөн Г.Уянга гишүүн эвсэл дунд нэр хүндээ алдаад байгаа. Эвслийн бүлгийн даргын суудлыг авах гэж хичээсэн ч хамтарч эрх барьж буй Засгийн газрыг унагахаар явж байгаа нь Н.Энхбаяр тэргүүтэй, МАХН-ынханд огтхон ч таалагдаагүй. Тэрбээр сүүлийн үед бүлгийн хуралдаа ч бараг суухгүй байгаа сураг дуулдсан. Мөн ХҮН-д элсэх дараагийн хүмүүсээр бие даагч Ц.Даваасүрэн болон Х.Болорчулуун гэх зэрэг хүмүүсийн нэр одоогоор яригдаж байна. Бие даагчид ингэж нам бараадах болсон шалтгаан нь сая батлагдсан сонгуультай холбоотой. Шинэ хуулиар тэднийг эрх ашгийг боомилсон зарим зүйл заалтууд орсон юм. Г.Уянга гишүүнийг элсүүлэх яриа аль эрт үеэс л эхэлсэн. Яриа хэлэлцээрийн түвшинд байх үед нь намын бизнесмэн, сэхээтнүүд нь “Популистуудтай нэгдэхгүй. Тэгвэл бид өөрсдөө популистуудын нам болж хувирна. Анх ярьж, хэлж гарч ирсэн бүхэн яах билээ” гэж дургүйцээр өдийг хүргэсэн гэнэ. Харин шинэчлэгдсэн сонгуулийн хуулиар 2012 он шиг намын төлөө санал өгсөн байдлыг харгалзаж үзэхгүйгээр УИХ-д нийт хэдэн гишүүн тухай намаас сонгогдсон байна вэ гэдгийг харгалзан үзээд жагсаалтаар сонгогдох хүмүүст квот тогтооно. Тиймээс намуудад иргэдийн дунд рейтинг өндөртэй нам бус эрхмүүдийг элсүүлэх нь чухал болж хувираад байгаа юм.

Уг шалтгаанаар Г.Уянгыг ХҮН-ынхан өөрсдөдөө нэгтгэхээр ярилцаад эхэлсэн аж. Ер нь тус намыг үүсгэн байгуулагч нь С.Ганбаатар гишүүн гэх яриа ч байдаг. Түүний дараагийн амбиц нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх. Ингэхийн тулд нам хэрэгтэй. Мэдээж байнга буруушаадаг МАН, МАХН, АН-д элсэхгүй нь тодорхой. Тиймээс иргэдийн итгэлийг хүлээхүйц шинэ намыг бий болгох хэрэгтэй болсон. Тиймээс ХҮН гэх шинэ улс төрийн хүчнийг бие болгосон гэж улс төрийн хүрээний учир мэдэх хүмүүс ярилцдаг юм. Тэр ч бүү хэл С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох өөрийн PR багийг хүртэл бэлтгээд эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

Ингээд ХҮН гэх шинэ нам өөрсдийн эгнээндээ “жинхэнэ поп” улстөрчдийг нэгтгэж эхэллээ. Эхнийх нь С.Ганбаатар байсан бол дараагийнх нь Г.Уянга байх аж.

Г.Лхагваа /ZALUU.COM/


URL:

Сэтгэгдэл бичих