Хакүхо хүүгээ анх удаа сүмогийн бэлтгэл хийлгэв
Мияагино дэвжээний шинэ жилийн Мочицүки ба Хакүхо хүүгээ анх удаа сүмогийн бэлтгэл хийлгэв. Япончууд дорно дахины ард түмнүүд шиг цагаан сарыг тэмдэглэдэггүй, харин шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэнэ. (Япончуудын шинэ жилийн идээ буудааны талаар дараах холбоосоор уншаарай, өмнө нь миний бичиж байсан пост https://www.facebook.com/tumurbaatar.deleg/posts/713026762144404:0)
Япончууд улиран одож буй оны сүүлийн өдрүүдэд, ялангуяа 12 дугаар сарын 29-ний өдөр Мочицүки гэж нэрлэдэг, бараг зан үйл гэж хэлж болохоор нэгэн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ бол агшааж болгосон цагаан будааг нүдэж гурил болгож амттан бэлтгэх үйл явц юм. Зунгааралдсан цавуулагдуу сортын цагаан будааг агшаагаад зориулалтын саванд бага багаар хийж модон лантуугаар нүдэж будаагаа бяцлан, бидний мэддэгээр зуурсан гурил маягтай болгоно, ингэж бэлтгэсэн гурил нь өөрөө шууд идэхэд бэлэн болж байгаа юм. Зөвхөн шинэ жилээр ч биш, ингэж бэлтгэсэн гурилан боов мочи-г япончууд байнга иддэг. Харин шинэ жилийн өмнөх өдрүүдэд айл гэрээрээ, зарим албан газрууд, пүүс компаниараа ч мочи буюу цагаан будааг нүдэж бэлтгэх зан үйл нь газар тариалан эрхэлдэг иргэншлийн түүхийн өнө эртнээс улбаатай зан үйл, нэг ёсны шинэ жилийн баярын өмнөх “баяр” болж байгаа юм. 1970 –аад оны эхнээс будааг нүдэж бэлтгэдэг техник бий болсноос хойш хамаатан саднаараа нэг дор цуглан ингэж хийх нь багассан байна. Хоёр юм уу хэд хэдэн хүн модон лантуу гартаа бариад будааг ээлжлэн нүдэж бяцлана, харин нэг хүн будааг хольж хутгана. Ингээд бэлтгэсэн гурилаа хэвэнд оруулан, амтлаад, эсвэл шөл зэрэг бусад хоолтой холин хэрэглэдэг. Шинэ жилийн иж бүрдэл хоолонд ордог зоони хэмээх шөлөнд мочи-г хийдэг. Мөн гурван ширхэг хавтгайлан дугуйруулсан мочиг давхарлан тавьж шинэ жилийн гоёлын мод маягтай хэлбэрт оруулан ширээ болон бусад газар чимэглэж тавьна.
Мэргэжлийн сүмогийн дэвжээг бол бас л нэгэн “айл” гэж хэлж болно. Тэд ч бас оныхоо ажлыг нэгтгэн дүгнэж баярлалдан, мочицүки хийнэ. Ёкозүна Хакүхогийн Мияагино дэвжээ ч энэ жил мочицүки хийцгээж байгаа зургийг сонирхоно уу. Энэ жил аварга маань өөрийн хүү Махато буюу Мөнхжаргал хүүгээ дэвжээндээ дагуулан ирж, анх удаагаа сүмогоор барилдуулан мочицүки арга хэмжээнд оролцуулсан байна.
Япон судлаач, сүмо тайлбарлагч Д.Төмөрбаатар
URL: