Шинэ хуулиуд хэрэгжиж эхэллээ

УИХ-ын намрын чуулганаар 26 хууль хэлэлцэн баталсны 10 гаруй хууль нь энэ сарын 1-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж байна. Чухам ямар хуулиуд хэрэгжиж эхэлсэн талаарх мэдээллийг хүргэе. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд хэрэгжихээс гадна Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх юм.

-Зөрчлийн оноог тооцож, жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу энэ сарын 1-нээс  жолооч бүрт багцын 10 оноо өгч, гаргасан зөрчлийн дагуу тухайн онооноос хасалт хийж эхэллээ. Хуульд зааснаар жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байх юм. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдох юм.  Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо гэхчилэн дүрэм зөрчсөн жолоочийн 10 онооноос хасах журмаар явах юм. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцох юм.

-Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхлэх байсан ч бэлтгэл хангагдаагүй байна-

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх учиртай ч байр орон сууц болоод ажиллах боловсон хүчнийг бэлтгээгүй байгаа тул тус хууль хэрэгжиж боломж хараахан бүрдээгүй байна.  Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэгч нь 18-65 насны, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Амьдарч буй гэртээ хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тусгай байр бэлдэх, эсвэл хашаандаа тусдаа гэр бариад хүүхэд харах үйлчилгээнд тохируулан тохижуулж болно. Тавигдсан шаардлагын дагуу хүүхэд харах орон байр, гэрийг бэлдэх ёстой бөгөөд эцэг эх, хорооны ажилтан зэрэг давхар хяналт тавигдах юм. Мөн тус хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “ Хууль ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд эхний ээлжийн 10 тэрбуум төгрөгийг төсөвт суулгасан” гэсэн юм.

-Соёлын тухай хууль хэрэгжиж эхэллээ-

Соёлын тухай хууль мөн хэрэгжиж эхэллээ. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх шаардлага тавигдаж буй.  Мөн өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх юм.

-Нийтийн сонсголын хууль мөрдөгдөж эхлэв-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль мөн хэрэгжиж эхэлж буй юм. Хуулийн төсөлд тусгаснаар УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хүсэлтийг үндэслэн томилгооны сонсгол зохион байгуулж болохоор заасан юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж,төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх, хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирах, тэдгээрийг нийтээр хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төлөөллийн байгууллагаас олон нийтийн оролцоотойгоор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтныг хянах механизм бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөөг бий болгоно гэж үзэж байна.

Нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.

Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм.

-НӨАТ-ын 20 хувийг буцаан ологож эхэллээ-

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн онд баталснаар өнөөдрөөс хэрэгжиж эхлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тус хуулийн гол өөрчлөлт нь иргэд рүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгснөөрөө онцлогтой бөгөөд татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай юм.

Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих