Иран баяжуулсан уранаа ОХУ-д шилжүүлэв
Гэрээгээр хүлээсэн энэ үүрэг амлалтаа биелүүлж, Иран 20 хүртэлх хувиар баяжуулсан ураны бүх нөөцөө Орос руу хөлөг онгоцоор илгээснийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри бичгэн мэдэгдлээр баталгаажуулсан байна. Энэ алхам нь Иран улс цөмийн зэвсэг шинээр боловсруулахаас сэргийлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, тус улс цөмийн зэвсэг хийхэд шаардагдах хугацааг гурав дахин уртасгасан болохыг Керри онцолжээ. Ираны баяжуулсан ураны оронд Орос улс 197 тонн ураны шар нунтаг илгээсэн тухай Аль-Жазира суваг мэдээллээ.
Өнгөрсөн долоодугаар сард Иран болон Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орон дээр Герман хамтарч, цөмийн асуудлаарх гэрээг байгуулсан юм. Тус гэрээгээр хүлээсэн гол амлалтаа Иран ийнхүү биелүүлсэнд олон улс сайшаалтай хандаж байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг хүлээсэн үүрэг амлалтаа Иран хангалттай биелүүлж, цөмийн хөтөлбөрөө хязгаарласан гэх дүгнэлт гаргасны дараа тус гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр олон улсад царцаасан Ираны 100-гаад тэрбум америк долларын үл хөдлөх хөрөнгө чөлөөлөгдөх юм. Мөн Ираны эсрэг хориг арга хэмжээ зөөлөрч эхэлснээр тус улс олон улсын зах зээлд экспортлох газрын тосны хэмжээгээ эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
URL: