БЭСҮДЭЙ НАМСРАЙН НАГААНБУУ

44297_1506859892950318_1657257517148392878_n

БЭСҮДЭЙ НАМСРАЙН НАГААНБУУ
(1951 – 2015)

Түүхч, зохиолч сэтгүүлч Бэсүдэй Намсрайн Нагаанбуу 2015 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр таалал төгсөв. Н.Нагаанбуу нь 1951 оны зургадугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт төрсөн, түүхч сэтгүүлч мэргэжилтэй, дээд боловсролтой, Их засаг их сургуулийн хүндэт доктор, Чингис хаан дээд сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн зочин профессор цолтой энэ цаг үеийн номт хүмүүсийн нэгэн байв.
Н.Нагаанбуу нь 1961-1966 онуудад сургуульд суралцаж 6–р ангиасаа мал маллаж өөрийн хүч чармайлтаар бүрэн дунд боловсролыг 1977 онд, дээд болон их сургуулийн магистр боловсролыг ШУА-ын “Улаанбаатар” Их сургуульд 1999 онд тус тус бие даан эзэмшсэн түүхч бөгөөд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд 1976 онд элссэн сэтгүүлч, Монголын зохиолчдын эвлэлд 1982 онд элссэн зохиолч байв.
Н.Нагаанбуу нь ажил хөдөлмөрийн гараагаа 1967 оноос эхлэж нэгдлийн малчин, туслах үйлдвэрийн ажилчин, ачигч, цахилгаанчин, засварчин, уурын зуухны галч, 1971-1974 онд Ардын цэргийн 122-р ангид байлдагчаас ахлах түрүүч цолтой албан хаагч, 1974-1975 онд Дэлгэр сумд явуулын багш, 1975-1983 онд Цээл сум, Гуулин хороонд эвлэлийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо, МХЗЭ-ийн Төв хорооны ажилтан, 1983-1989 онд Улаанбаатар хотын Тусгай Үйлчилгээний автокомбинатад Улс төр техникийн кабинетийн эрхлэгч, жолооч, 1989-1991 онд Чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн дарга, 1991-1995 онд Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, “Тоншуул” сэтгүүлийн сурвалжлагч, зохиолчдын “Хөх-уул” компанид ажилтан, 1995- 2002 онд Их Засаг их сургуульд сонин сэтгүүлийн эрхлэгч, багш, 2002-2007 онуудад Засгийн газарт “Чингис хаан-840”, “Их монгол- 800” түүхт ойнуудыг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын Үндэсний хороонд нарийн бичгийн дарга, 2007 оноос “Их засаг” их сургуулийн багш, чөлөөт уран бүтээлчээр ажиллан зохиол бүтээлээ туурвиж байв.
Н.Нагаанбуу нь сэтгүүлзүйн салбарт амжилттай ажиллаж шилдэг сайн нийтлэлүүд бичсэний төлөө МСНЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэнээс гадна “Монголын гурвал онол”, “Монголын он цаг тоолол”, “Монголын түүх соёлын нэр томьёоны гаргалаа”, “Монгол төр ёс заншлын үндэс” зэрэг судалгааны олон бүтээл туурвисан түүхч юм.
2001 онд “Хөх галын сүйтгэл” зөгнөлт романаараа Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал, 2005 онд “Тэнгэрлэг түүх” түүхэн романаараа утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагнал, “Амин ертөнцийн дуулиан”, “Айдсын мандлын нууц” уран зөгнөлт романуудаараа “Алунгоо” шагнал хүртсэн. Мөн уншигчдын талархал хүлээсэн “Алтайн тэнгэр” гурамсан роман, тууж өгүүллэгийн “Улаанбаатар”, жүжиг киноны зохиолын “Кино зохиолууд” түүврээ хэвлүүлсэн.
Н.Нагаанбуу нь монголын түүх соёлд ихээхэн шаардлагатай Өвөрмонголын нэлээд хэдэн номыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсний дээр “Их төрийн голомт” баримтат уран сайхны кино, “Их Монгол-800” “Бунхан”, “Их Монгол-800” зэрэг түүхэн баримтат кинонуудын зохиолыг бичин Монголын үндэсний телевиз, Монгол кино нэгтгэлүүдтэй хамтран кино бүтээсэн нь тухайн үедээ Засгийн газрын тэргүүний болон хамгийн шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч байв.
Тэрбээр “Монгол он цаг тоолол” номоороо эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал хүртэж, “Монголын гурвал онол”, “Монголчуудын дүүрэн чанарын онол” зэрэг 5 номыг нь БСШУЯ “Оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулж байв. Мөн хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын анхдугаар уралдаанд “Чингис хаан” зохиол нь тэргүүн байр эзэлж байв.
Н.Нагаанбуугийн судлагаа, бүтээлийн өвөрмөц онцлог нь Монголчуудын түүх, соёл, гүн ухааныг Түвд, Манжийн болон Зөвлөлтийн соёлын нөлөө хутгалдсан түүхээс ялгаж, язгуурын амин чанар, төрөлх үндсийг нь нээн илрүүлэх зорилготой байдаг. Тухайлбал “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан он цаг хугацаануудыг нанхиадын хуанли болон түвдийн литээр биш, эртнээс уламжилсан нүүдэлч малч дээдсийн цаг тооллын зурхай эрдмийг баримтлаж бичсэн хэмээн нотлож, эртний монгол зурхайн ухааныг судласнаар “Монгол он цаг тоолол”, “Монголчуудын анх энх мөнхийн амин зурхай”, “Нар сар оддын эртний монгол зурхай” зэрэг номууд бичиж улмаар “Монголын нууц товчоо болон дундад зууны монголын түүхийн он цагийн асуудал” томоохон бүтээл туурвисныг нь нээлтийн шинжтэй хэмээн акедемич Ч.Далай, Н.Ишжамц, доктор професор Х.Шагдар, Ж.Базарсүрэн зэрэг нэр хүндтэй олон эрдэмтэн өндрөөр үнэлсэн байна.
“Монголын гурвал онол”, “Монгол ёс заншлын үндэс”, “Монголчуудын язгуур гүн ухаан”, “Итгэхүй ухаан” зэрэг бүтээлүүдийг нь Л.Түдэв, Ч.Далай, Ж.Авхиа, Х.Сампилдэндэв зэрэг олон нэрт эрдэмтэд өндөр үнэлж өмнөх үг өгүүлэл бичсэн байдаг.
Н.Нагаанбуу нь ийнхүү Монголын утга зохиол, түүх, сэтгүүлзүйн салбарт тод мөртэй уран бүтээлч, судлаачаас гадна 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож Эрх чөлөөний талбайд болсон анхны том цуглаанд ажилчин ангийг төлөөлөн үг хэлж, 1989 оны арваннэгдүгээр сард Тусгай үйлчилгээний автокомбинатад “Ажилчны хөдөлгөөн” үүсгэж, улмаар Монголын анхны чөлөөт ҮЭ-ийг санаачлан амжилттай зохион байгуулж байсан нийгмийн зүтгэлтэн, ажилчны хөдөлгөөний манлайлагч байв. Н.Нагаанбуу нь “Ардчилал”, “Үндэсний дэвшил” зэрэг сонинуудын эхэн үеийн дугааруудад “Монголын эмгэнэл”, “Амьдрал барзгар байна”, “Ажилч малч хүмүүс өөрсдөө сэрэх ёстой” зэрэг хурц дайчин нийтлэл, өгүүлэл олныг хэвлүүлж, хамгийн түрүүнд ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөсөн иргэний зоригтой цөөн сэтгүүлчийн нэг байв.
Монгол түүх, уламжлал, зан заншлыг эрхэмлэн дээдэлж түүхэн үнэнийг тодлохын төлөө чөмгөө дундалсан судлаач, бичгийн яруу сайхан монгол хэлээр зохиол бүтээлээ туурвигч авьяаслаг зохиолч, амин чухал, том асуудлыг даацтай хөнддөг нийтлэлч Бэсүдэй Намсрайн Нагаанбуу хүнд өвчний учир таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Монголын Зохиолчдын Эвлэл
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
Монгол ухаан, эрдмийн хүрээлэн
Чингис хааны менежментийн холбоо

 


URL:

Сэтгэгдэл бичих