Хямдхан амь гэж байх учиргүй

Караокены тооцооноос хямд амь гэж байх уу. Хоёр залуу караокедож, дуулж, идэж уусныхаа тооцоог өгөхгүй гэж зугтааж яваад нэг нь амиа алдаж, нөгөө нь хүнд бэртэл авчээ. Энэ мэдээг сонсоод харамсах сэтгэл төрлөө. Хэн хүнд заяагаад байдаггүй хүн хэмээх эрхэм алдрыг хүртчихээд хэдэн төгрөгөөс болж амиа өгөх нь юуны харамсалтай. Хүн амиа хямдаар өгөх учиргүй. Тусгаар тогтнолоо олж авахын тулд өвөг дээдэс минь амиа үнэ цэнтэйгээр өгч байсан. Эх орон, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө юм шүү дээ. Гэтэл энэ нийгэмд хүний амь үнэгүйдэж, мөнгөний үнэ цэнэ тэнгэрт тулжээ.

Аав нь хүүхдээ зазуурдаж, эх нь өөрийн хэвлийгээс төрүүлсэн үрээ хаяж, хойд эх нь хүүхдээ хөнөөдөг ийм нийгэм оршин байсаар байна. Дэндүү гэмээр ийм харанхуй, харамсмаар нийгмийг бид өөрсдөө бий болгосоор байна. Өөрийн амь, үр хүүхдийнхээ амийг мөнгөнөөс доогуур үнэлж байгаагаас болж харанхуй тийш зүглэж байна.

Зүүний үзээр дээр тогтох ганц ширхэг будаа шиг олдох хүний амь юутай үнэтэй билээ. Үүнийгээ ойлгож, ухаарч, энэ хорвоод хийх ёстой хийж, жаргалтайгаар амьдрах нь та бидний хувь тохиол. Өөрийгөө үнэлж, үнэ цэнтэйгээр зөв амьдарч гэмээн аз жаргал гээчийг мэдэрч чадна. Гэтэл өнөөдөр нэг нэгийнхээ мууг үзэж, зовлонгоор нь жаргал хийж, мөнгөний төлөө хоёр нүдээ ухаад өгөхөд ч бэлэн болж. Ийм хар бараан руу уусан орж буй нийгмээс сайн сайханыг нь харж, үнэ цэнтэйхэн шиг амьдрахсан даа.

М.Төр

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Сэтгэгдэл бичих