Шаннал

(Шагнал гэх үгийн монгол бичгийн галиг)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан улс төрч, нийтлэлч Сүхбаатарын Эрдэнэболд эдүгээ АНУ-д Харвардын их сургуульд сурч байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа нэгэн сонирхолтой нийтлэл тавьжээ.

Монгол Улс чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жилийн нүүрийг үзсэн ч зарим зүйлс яг хуучин тогтолцооныхоо мөн чанараар амь бөх оршсоор байна. Олон зүйлс хуучнаараа байна. Тэрэн дотроос өөрчлөгдөх ёстой олон зүйлс яг л бахь байдгаараа. Тэдний нэг нь шагналын тогтолцоо.

Өмнөх нийгмийн үед таван жилийн гавшгайчаас эхлээд нийгэм өөрийн төлөө үйлчлэх социалист бүтээн байгуулалтын эрэг шураг болсон иргэдээ “хөдөлмөрчин анги” хэмээж тэдний оюун санаа, бие махбодийн шавхагдашгүй нөөцийг нь шагнал, урамшлын онгодоор даллан дууддаг байжээ.

1992 оны Үндсэн хуулиар Төрийн Сүлдээс эхлээд олон зүйл өөрчлөгдсөн. Гэвч социалист нэртэй, социалист сүлдтэй, социалист үзэл суртлын гол зэвсэг болсон шагналыг хорин таван жилийн турш хэн ч халж чадсангүй. Элбэгээ Ерөнхийлөгчийн санаачилгаар Шагналын тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл судалгааныхаа шатанд явж байгаа. Зураг төслүүд нь гараад нэлээд дөхчихсөн, ер нь ч удахгүй өөрчлөгдөх байх. Гэвч хүмүүсийн хандлагыг өөрчилхөд хэцүү, улс төрчид нэгэнт хэвшсэн сэтгэлгээг задлахаас ихээхэн болгоомжилдлог. Бас айдаг.

Үнэн мөнөөрөө эгэл даруугаар ажил хөдөлмөрөө эрхэлсний үр шимээр шагнуулж байгаа хүмүүс шагналын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй бэртэгчдээс хавьгүй олон. Авсан шагналынхаа үнэ цэнэд агуулга дүүрэн хүрдэг олон олон хүмүүс бий. Спортынхон, урлагийнхан, малчин, тариачин, эмч, багш, шинжлэх ухааны салбарынхан, цэрэг хүчнийхэн, бүтээн байгуулалтынхан гээд бүх л салбарт тууштай хөдөлмөрч, шударга хүмүүс бишгүй ихээр шагнуулдаг.

Бас чоно борооноор гэгчийн зүйлс ч чамгүй олоон. Төрийн одон медалиас гадна байгууллага бүхэн сүржин сүржин медалтай шахам болжээ. Дөнгөж өчигдөр байгуулагдсан цоо шинэ ТББ ч гэсэн өөрийн гэсэн медалтай, цом өргөмжлөлтэй байх нь холгүй. Бөөн бөөн баярын бичиг, нэр алдар дуурсган цуурайтсан магтаал сайшаалд Монголчуудын чамирхагч хэсэг хэтэрхий их дуртай.

Бэлхнээ, өрөөл бусад шагнал авбал ил далд атаархаж, үгүйсгэнэ. Харин өөрөө авбал магнай хагартал баярлаж, нүдээ олсныг нь шагшина. “Төрийн шагналыг тэр зүүчихсэн байна лээ, тэр юу хийсэн гэж авдаг юм, би л авах учиртай” гэж харуусана. Шагнуулахын тулд ихэнх нь тавхайгаа эргэтэл гүйнэ. Ухар мөчид бодолдоо худалдаад авчих гэж үзнэ. Ядаж ядаж өөрөө өөрийгөө магтаж, бөөн цаас цуглуулаад шагнуулсныхаа дараа амирлангуйн дүр эсгэж, “энэ бол хамт олны минь гавъяа, би бол зүгээр л ажлаа хийгээд явж байсан” гэж долдой, худал дүр эсгэнэ. Тийм арчаагүй хүмүүсийг харж л явлаа…

Ер нь нийгмээрээ тийм хийрхэлд автчихсан зовлон байна. “Манай тэр, эсвэл энэ маань бие нь муу, одоо хэзээ мөдгүй бурхан болчих гээд, шагнал л авчихмаар байна”, “Төмрөө зүүгээд л үхвэл хүн явсны хэрэг бүтнэ” гэж дарга сэтэрхтэй хүмүүсийн утасруу өдөр шөнөгүй залгаж, наана цаана нь доль үсэрч гүйгсэд монголын босс ангийн дотор дэндүү их. Тийм хүмүүс нэр алдарт огиудас хүрмээр дуртай, бас авлигын гол зангилаа.

Шагнал авах хэмжүүр нь, нас дээр гарсан. Хоёрт бусдад гоё харагдах, ба үнэлэгдэх. Гуравт, мөнөөх шагнал авсан өрсөлдөгч этгээдүүдтэй барьцах хийгээд тэднээс илүү гарах гэсэн хүсэл. Өөрөө шагнуулаагүй бол “тэр тэдээр авсан гэнэ лээ гэж зохиомж үг оруулан өөрийгөө зөвтгөж, би шударга учраас л шагнуулсангүй” гэж гомдоллоно.

Гэвч төр түмэн нүдтэй гэж хуучны үг бий. Шагналыг эздэд нь нүдийг нь олж олгоно гэдэг амаргүй. Мянга мянган өргөдөл ЕТГ ирж байдаг. Яг үнэн хэрэгтээ сум, хороо, аймаг, дүүргийн ИТХ бол тэндээ хуралдаад л тодорхойлолтыг зуу зуугаар нь Ерөнхийлөгчийн тамгын газар илгээдэг. Байшин шиг байшин шиг материалыг эмхэлж цэгцлэлж, нэг журманд оруулах гэдэг амаргүй. Хэдэн жилийн өмнөөс шагналын нэгдсэн програмтай болсон. Ядаж л хавар нь шагнуулчихаад намар нь дахин өргөдөл өгдөг овжин нөхөд хялбархан баригддаг болсон.

Шагналын болзол журам хангасан иргэдийг шударгаар тодруулахын тулд ЕТГ-н шагналын тасгийнхан нойр хоолгүй зүтгэдэг. Миний санаж байгаагаар алдарт эхийн одонгийн болзол буурсан эхний жил л гэхэд 130 мянган эхийн материал цуглаж байсан юм. 130 мянган хүний материал гэдэг хэчнээн хуудас цаас байх вэ, тэрийг уншиж нягтлана гэхэд хэчнээн мянган цаг зарцуулах вэ? Хүнд асуудал.

Дээр нь аймаг, сумын тэгш ой гэж адармаатай баяр болно. Нэг аймгаас л гэхэд мянгаас доошгүй материал илгээнэ. Тиймээс шагналын хуулийг яаралтай өөрчлөх ёстой.

Улс нь хийх ажил ихтэй, асуудал овоолрон бөөгнөрөөд л байхад бүгд л баяр цэнгэлдээ халгиж, нэг тэмдэглэлт баяраас нөгөө тэмдэглэлт баярын хооронд, нэг баярын бичгээс, нэг шилэн цомны хооронд, нэг пиавар жаазнаас нөгөө гялгар талархал хүртэл хамгийн гоё дээрээ тавиад л наргиж цэнгэх юм манай ард түмэн. Монгол бол нэг хүнд ногдох төрийн зүгээс баталгаажуулсан алдартан, гавъяатны тоогоор дэлхийд тасархай түрүүлнэ. FaceBook дээрээ өөрийнхөө мундагийг гэнэт мэдэж, ойлгож гайхсан хүмүүсийн цом, жааз барьж авхуулсан зураг ноёрхоно. Амьдрал дээр мундаг гэдгээ бодитоор харуулж, үнэнээр нь хүлээн зөвшөөрүүлхээс илүү цаасан дээр хоосон сүржигнэл, цуу гавъяагаар өөрийн оршихуйг мэдэрнэ гээч ийм л эмгэнэл юм.

Оны шилдэг, ийм тийм юмны алдартан гээд нэр нь дэвшиж, зураг нь гарангуут “намайг дэмжээд өг, үгүй бол найз байгаад яадаг юм” гэж бараг л сүрдүүлж, гуйж, гонгинож, арчаагаа алдан барин алиа юм болно. Тэгж тэгж нэг юмны шилдэг гэгчээр тодроод, дахин амирлангуй дүр эсгэнэ. Равжаа хутагтын тэртээ он жилүүдийн өмнө бичиж байсан “Ичиг, ичиг” гэж шүлгийг манай залуус нэг уншчихад илүүдэхгүй.

С.Эрдэнэболд


URL:

Нэр: jakal Огноо: 30 December 2015

yg unen shu

Сэтгэгдэл бичих