Баярын чимээнээр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Нэгхэн хоногийн дараа 2016 он айлчлан ирнэ. Хэн хүнгүй л шинэ оноо элбэг хангалуун угтахыг хичээж байна. Шинэ жилийн баярын ширээн дээр амтат бялуу, шампаньск, бууз салатнаас эхлээд чихэр жимс, бэлэг сэлт гээд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн зонхилдог. Өнгөрөгч амралтын өдөр баярын ширээнийхээ зоог, хүүхдүүдэд өгөх бэлгээ бэлдэхээр “Барс”, “Хүчит шонхор” зэрэг захуудаар орж, дараах бяцхан сурвалжлагыг бэлдлээ

Махны үнэ 10 минут тутамд 100 төгрөгөөр өснө

“Хүчит шонхор” зах буюу бидний нэрлэж заншсанаар Дэнжийн 1000-ийн захад ням гаригийн өглөө 07.10 цагийн орчимд очлоо. Амралтын өдөр гэхэд хөл хөдөлгөөн ихтэй “жинхэнэ” амьдрал тэнд буцаж байх шиг санагдана. Хөдөөнөөс малчид нь бага оврын ачааны машинаар оруулж ирэн, ченжүүд бие биенээсээ өрсөн махыг нь бага үнээр худалдан авах гэж улайрна. Зарим малчид нь махны ченжүүдэд өгөхгүй, шууд хэрэглэгчдэд махаа зарна гэж байгаа бололтой чихнээ дуулдана. Мань мэт шиг хоногийн хоолны махаа багахан үнээр авах гэсэн иргэд ч нэлээд олон харагдаж байлаа.

Бусад худалдааны төв, захыг бодвол эндээс хүссэн махаа сонгох боломж бүрджээ. Хашаан дотор хоёр эгнээ болж зогссон машинуудын тэвшин дээр ямаа, хонины махыг гулуузаар нь зарах аж. Үнийн хувьд харьцангуй өөр, өөр. 20-30 килограмм жинтэй гулууз махны үнэ 60-70 мянган төгрөгийн хоо­ронд хэлбэлзэж байна.

Учир нь нэг килограмм хонины махыг 2900-3500 төгрөгөөр зарж байсан юм. Харин үхрийн мах нэг килограмм нь 3500-3800 төгрөг, ямаа 2500-2900 төгрөгийн үнэтэй, адуу 4000-4500 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байлаа. Энэ жилийн хувьд адууны мах барагтаа зарагдахгүй байгаа учраас бусад махнаас харьцангуй өндөр үнэтэй болохыг худалдаачид хэлж байлаа.

Мөн нэг килограмм тахианы мөч, цээж мах 6000-12 000 төгрөгийн хооронд зарагдаж байв.

Түүнчлэн, цагаан сарын ууц, үхрийн өвчүү худалдаанд гарчээ. Жижиг шиг ууц 70 мянга, томхон нь 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь урьд жилүүдийнхээс харьцангуй хямд байгаа юм.

Ийнхүү махны үнийг судалж явах явцад махны үнэ 10 минут тутамд 100 төгрөгөөр өсч байсан юм. Харин бага үдийн орчимд махны үнэ тогтвортой болдыг худалдаачид хэлж байв. “Хүчит шонхор” захаас 100 орчим метрийн зайд “Нарантуул-2” худалдааны төв нээгдээд удаагүй байгаа. Энд нэг килограмм махны үнэ 100-200 төгрөгөөр хямд байсан ч бусад захыг бодвол хүн багатай байлаа. Тэгээд ч тэр үү мах зарж байгаа худалдагч ч цөөхөн байсан юм.

“Барс” зах дээр хөл хөдөлгөөн ихтэй байна

“Барс” зах жирийн өдрүүдээс илүү хүний хөлд дарагджээ. Амрал­тын өдөр болохоор хүнсээ цуглуулах хүсэлтэй хүмүүс ийнхүү хөл хөдөлгөөнийг нэмсэн хэрэг. “Барс”-аас гарч байгаа хүмүүс бүгдээрээ л “үнэ нэмэгдсэн байна шүү” гэсэн үгийг амандаа бувтанасаар гарч ирж байгаа харагдав.

Нээрээ ч дотор ороход үнэ тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Өнгөрөгч долоо хоногт дунджаар 3500 төгрөгөөр зарагдаж байсан огурций болон бусад нарийн ногоонууд өчигдөр /12 сарын 29-нд/ 4500-4800 төгрөгөөг зарагдаж байна.

“Шинэ жил дөхөөд л үнээ нэмчихэж байгаа юм. Яагаад нэмсэн юм гэхээр ерөөсөө хариулах хүн олдохгүй байна. Ер нь бол хэцүү л байна шүү дээ” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Б.Дулам ярив.

5c377807-d3da-45d3-b776-158ed4f4886b.jpg

“Барс” захад жимс жимсгэний үнэ 1000-2500 төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг худалдагчаас нь тодруулах гэтэл “Цаанаасаа нэмэгдэж байгаа юм чинь би яаж мэдэх юм” гэж уурлах, загнахын хооронд хариулав. Барс захад бүх махны үнэ дунджаар 100-150 төгрөгөөр нэмэгдсэн байв.

Зөвхөн баярын ширээ засахад дундаж орлоготой айл өрхүүд 300-350 мянган төгрөг зарцуулдаг байна. Энэ жил хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой баярын ширээний төсвөө хэмнээд ч өмнөх жилүүдээс зардал өссөнийг иргэд учирлаж байна.

Хүмүүс хүүхдийн бэлгээ өөрсдөө боохыг илүүд үзэж байна


Энэ жил хаа сайгүй эдийн засгийн тогтворгүй байгаа. Хэдийгээр худалдааны төвүүд, зах, дэлгүүрүүдэд хүүхдийн бэлгийг бэлнээр боож худалдаалж байгаа ч иргэд чихэр боов, амттанаа худалдан аваад өөрсдөө боохыг илүүд үзэж байна.

“Нарантуул” зах дээр хүүхдийн боосон бэлэг 2000 төгрөгөөс эхэлж байгаа бол “Оргил” худалдааны төвд 2090 төгрөгөөс эхлэж байна. Харин “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрт хүүхдийн бэлэг 4300 төгрөгөөс дээш үнээр худалдаалж байгаа бол “Номин”-гийн салбаруудад хүүхдийн бэлэг 6040 төгрөгөөс эхэлж борлуулагдаж байна.

Иймд иргэд өөрсдийн ойр дотно, хамаатан садан, ах дүүгийн хүүхэддээ бэлэг худалдан авч биш, боож өгөхийг илүүд үзэж байгаа нь ажиглагдаж байлаа.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих