Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд бид 104 жилийн өмнөх энэ өдөр, цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулжээ. Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмрээ оруулсан 1911 оны энэхүү хувьсгал нь манай ард түмний XX зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч байсан бөгөөд өнөөдөр энэ их баярыг бид гүн гүнзгий ач холбогдлоор нь, шинэлэг утга агуулгаар нь тав дахь жилдээ тэмдэглэж байна. 104 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хөгжил дэвшил, бизнесийн өргөн боломжтой, гэгээлэг ирээдүйтэй улс болон хөгжиж байна. Өвөг дээдсийнхээ өнөөдрийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг улам бүр батжуулан хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн, тэр дундаа манай Шийдлийн Засгийн газрын эрхэм үүрэг, зорилго билээ.

Ард иргэд ээ,

Манай Засгийн газар улс төр, санхүү, хөрөнгө оруулалтын ихээхэн хүндрэлтэй нөхцөлд нэг жил гаруй хугацаанд ажиллаж байна. Бидэнд энэ хугацаанд шийдсэн зүйл ч багагүй байна. Бид юуны өмнө төсвийн реформоо хийж чадлаа. Хавтгайрсан нийгмийн халамжийг хэрэгтэй хүнд нь хаяглах бодлогоо хэрэгжүүллээ. Монгол Улс бизнест эргэн ирснээ зарлаж, “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа шийдвэрлэлээ. Эрчим хүч, замын салбарын сүүлийн 3 жилийн бүтээн байгуулалт өнгөрсөн 25 жилийн нийлбэрээс хол давж гарлаа. Мал сүргийн тоо толгой 56 саяд хүрлээ. Алс хязгаар нутгуудад түлш шатахууны үнэ нийслэлтэй ойролцоо үнэд шилжиж буурлаа. Далд эдийн засгийг ил гаргаж эргэлтэд оруулах бодлого амжилттай хэрэгжиж шинээр 8 их наяд төгрөгийн хөрөнгө, татварын орлого бүртгэгдлээ.

Хийж гүйцэтгэсэн ажлаас гадна бидэнд шийдэж, шийдвэрлэх зүйл ч цөөнгүй байна. Оюу толгойн араас Таван толгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг стратегийн орд газруудаа бүтэн эргэлтэд оруулна. Үлдэж буй 6 аймгаа хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Төмөр зам, хурдны замаа тавьж эхэлнэ. Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Таван толгойн цахилгаан станц, аймгийн дулааны станцуудын бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлнэ. Мах, гурил буудай, арьс ширний чиглэлээр хэрэглэгчээ, малчдаа, хүмүүсээ дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ. Биднийг шил шилээ дарсан олон ажил, асуудал, сорилт хүлээж байна.

Улс орон, ирээдүй хойчийнхоо төлөө хийх бидний энэхүү зүтгэл зөвхөн иргэд, олон түмэн та бүхнийхээ дэмжлэгтэйгээр бодит ажил хэрэг болох билээ.

Иймээс угтан ирж буй 2016 онд эх орон, элэг нэгт монголчууд бид эв нэгдэлтэй, эрч хүчтэй байж,эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай.

Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих