Хуурайшилт нэн аюултай түвшинд хүрлээ
Он гарсаар 5517 га ой, нэг сая 800 га хээрийн бүс түймэрт өртжээ-
Намрын хуурайшилт аюултай төвшинд хүрч, ой хээрийн түймэр олон гарах болов. Өчигдрийн байдлаар түймэрт өртсөн 40 гаруй га газрыг онцгой байдлын гал сөнөөгчид цурманд оруулжээ.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Барчин уулын 10 га, мөн аймгийн Цагааннуур сумын нутаг Жошим нуурын 10 га, Ренчинлхүмбэ сумын нутаг Уртратийн хөхийн дөрвөн га, Баянзүрх дүүргийн Богд-Хан уулын Чулуутад ассан гурван га газрын түймрийг цурманд оруулжээ.
Харин Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Батсүмбэр сумдын зааг болон Хүдэр суманд ассан түймрийг унтраахаар нутгийн иргэд, гал сөнөөгчид ажиллаж байна. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дээд ахмад С.Залуухүү “Энэ онд 16 аймгийн 66 сум, дүүрэгт 125 удаагийн түймэр аслаа. Түймэрт 5514 га ой, нэг сая 800 гa хээрийн бүс өртсөн. Үүнийг давхардсан тоогоор онцгой байдлын 1775 албан хаагч, хилийн цэргийн 430, орон нутгийн 3000 гаруй иргэн ажиллаж унтраасан байна”.
Энэ онд гарсан түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Онцгой байдлын газрын албан хаагчид Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч цурманд оруулж дийлэхгүй байна.
Ойн гүн рүү гал алдсан учраас албан хаагчид 30 километр газар явган явж очих жишээтэй. Хуурайшилт нэн аюултай төвшинд хүрсэн энэ үед ард иргэдийг гал алдахаас сэргийлэх, жимс түүхдээ болгоомжтой байхыг уриалмаар байна. Нэг хүний санамсар болгоомжгүй үйлдэл нь мянган хүнийг хөдөлгөж, байгаль экологийг сүйрүүлж байгааг ойлгох хэрэгтэй” гэв.
Д.Болор
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: