Дүүргүүд нээлт хийж, тууз хайчилсан ч ажлаа эхлээгүй

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны долдугаар хурал өчигдөр өргөтгөсөн байдлаар болж нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийж байгаа ажлын явцын талаар хэлэлцсэн юм.

Өргөтгөсөн хуралд ЭБЭХЯ, БОАЖЯ, ЗТБХБ-ийн сайд нар болон Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт, Монголын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн захирал С.Мангал болон Дүүргүүдийн Засаг дарга буюу Агаарын бохирдлыг бууруулах салбар хорооны дарга нар, Сангийн яамны төлөөлөл ирж Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Баттулгад хийсэн ажлынхаа тайланг тавилаа.

Агаарын бохирдлыг бууруулах ажилд чухал байр эзэлж байгаа зүйл бол утаагүй зуух. Энэ жил Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр Цэвэр агаар төслөөс 70 мянган утаагүй буюу Турк зуух тараагдах ёстой. Өнөөдрийн байдлаар найман мянган зуух дүүргүүдэд хуваарилагдаж таван мянга нь суурилуулагджээ.

Хэдийгээр өнгөрсөн зун зуухуудыг тарааж дуусгах байсан ч цагтаа амжаагүй. Зуух тараах ажлын биелэлт тун хангалтгүй байгаа аж. Энэ нь ялангуяа дүүргийн Засаг дарга нараас ихээхэн шалтгаалж байгаа гэнэ. Тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт утаагүй зуухыг тараах өдөрлөгийг албан ёсоор хийн тууз хайчилснаас хойш арван өдрийн дараа очиход ажил эхлээгүй байж.

Харин дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор арван мянган зуухыг үндэсний компаниудаас авахаар шийд гараад байгаа. Сангийн яам, ЭБЭХ-ний яам хооронд ажлын уялдаа холбоо алдсанаас болж нэлээд хугацаа алдан тендер зарлалт оройтчихжээ.

Тиймээс энэ өвөлдөө амжихгүй болоод байгаа аж. Утааны хязгаарлалтын бүсэд орсон зургаан мянган айлыг цахилгаан эрчим хүчээр халаана гэж төлөвлөж байсан ч хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээгүйгээс болж хойшилсон байна. Харин нийслэлийн төсвөөс мянган орчим халаагч нийлүүлэхээр болжээ.

Баянзүрх дүүрэгт нам даралтын 100 орчим зуух төвлөрсөн халаалтад холбох ажилд нэлээн эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд салаа хэрэглэгчдээ холбож чадах юм бол нэлээн үр дүнтэй ажил болох төлөвтэй байгаа аж. Түүнээс гадна орон сууцны газар чөлөөлөх бүсэд орчихсон байгаа 18 мянган өрх дэд бүтцээсээ хамаараад түлш , зуух алийг нь авч чадахгүй болчихоод байгаа аж.

Учир нь тухайн иргэдийн газрыг чөлөөлөх учраас хөнгөлөлттэй зуух түлш авах төлөвлөлтөд оруулаагүй. Өвөл хаяанд ирсэн энэ үед дээрх өрхүүд түүхий нүүрсээ түлэхээс өөр аргагүй байдалд орчихсон байгаа юм. Тиймээс зуухаар хангах өрхийн тоонд дээрх айлуудыг оруулж өгөх хүсэлтийг тавьжээ.

Харин түлшний тухайд 2500 орчим тонн түлш агуулахад бэлэн байгаа юм байна. Боловсруулсан түлш хэрэглэх ёстой бүсэд 30 мянган тонныг нийлүүлэх ёстой байгаа гэнэ. Дээрх мэдээллийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар өгсөн юм.

Үндэсний хороодын гишүүд зөрүүтэй мэдээлэл өгөв
Харин Монголын Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төслийн захирал С.Мангал дээрхээс зөрүүтэй мэдээллийг үндэсний хорооныхонд өгч байв. Түүний хэлснээр нийслэлд 11 мянган зуухыг дөрвөн дүүргийн иргэд сууриллуулчихаад байгаа аж. Мөн МСС компанийн агуулахад 36 мянган зуух бэлэн байгаа бол Замын-Үүдийн боомт дээр 20 мянган ширхэг Турк зуух ирчихээд байгаа гэнэ.

Xapин зуух тараах ажилд дүүргүүд хариуцлагагүй ажиллаж байгаа гэдгийг С.Мангал дарга шүүмжлэв. Тухайлбал зуух авах өрхийн нэрсийн жагсаалтыг зөв гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, гэр цэг дээрх ажлыг ихээхэн удааширч байгаа аж. Мөн гэр цэгүүдийг олны хөлийн газар барьсан болохоор согтуу хөлчүү хүмүүс орж ирж ажилд саад болох тохиолдол бий гэлээ.

Тиймээс хорооны цагдаагийн байгууллагын зүгээс тусламж авах хэрэгтэй гэж байлаа. Тухайлбал Баянзүрх, дүүрэг хэд хэдэн удаа иргэдийн бүртгэлийг зөрүүтэй хийн авчирж өгсөн гэлээ. Харин С.Мангал даргын өгч байгаа мэдээллийг хотын дарга Г.Мөнхбаяр үгүйсгэж байв.

Түүхий нүүрс түлсэн айлыг нүүлгэнэ
Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны хувьд хэд, хэдэн чиглэлээр утаатай тэмцэхээр болжээ. Тухайлбал, энэ онд “Цэвэр агаар” санд 30 тэрбум төгрөг хуримтлагдана гэж тооцсон. Түүнийгээ 20 ажилд зарцуулна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 400 автобусыг хийн түлшинд шилжүүлэх, 1500 суудлын тэргийг гидржүүлэх, мөн өсөн доубус шинээр үйлдвэрлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

Хязгаарлалтын бүс дэх 177 мянган өрхийг утаагүй зуухаар хангахад зориулж 5.8 тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр олгох бол дотоодын үйлдвэрлэгчдийн хийсэн утаа бага гаргадаг зуухыг худалдан авахад зориулж нэг тэрбум төгрөг зарцуулна. Мөн нам даралтын зуухыг төвлөрсөн халаалтад шилжүүлэхэд 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Тодруулбал, Цагаан даваанаас-Бэлх хүртэл 39 зуух хамрагдаж байгаа аж. Мөн автомашиныг хийгээр цэнэглэх станц барихад хоёр тэрбум төгрөг суулгасан. Улаанбаатар хотын тоосонцорыг бууруулахгүйгээр утааг бууруулах ажил үр дүнд хүрэхгүй.

Тиймээс энэхүү тоосонцорыг үүсгэж байгаа хог хаягдлыг ачих хогны машин худалдаж авахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Түүнчлэн 40 мянган тонн коксжсон түлш, 11 мянган тонн үртсэн түлшийг иргэдэд нийлүүлэхэд татаас болгож хоёр тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Хэрэв хязгаарлалтын бүс дэх айлууд энэ өвөл түүхий нүүрсээ түлээд байвал утааг бууруулах боломжгүй болно. Тийм учраас хэсгийн ахлагч нар айл өрхүүдээр явж түүхий нүүрс түлж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, нягтална. Хэрэв тухайн бүс дэх өрхүүд түүхий нүүрс түлж байвал газрын зөвшөөрлийг цуцалж нүүлгэнэ гэдгийг хатуу хэлж байна.

Б.Энхжаргал

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих