Б.Баярмаа: Талийгаач оюун ухааны хувьд эрүүл

Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Б.Баярмаатай ярилцлаа.

-Талийгаач Т.Лхагвасүмбэрэлтэй сэтгэцийн хувьд эрүүл бус, амиа егүүтгэсэн байж болзошгүй гэж ярьж байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ ?

-Т.Лхагвасүмбэрэлийн амь насанд яг хэн халдсаныг хууль, хяналтын байгууллагынхан олж тогтоох ёстой. Хэрэв илрүүлж чадахгүй бол үнэхээр арчаагүй, сэтгэл зүрхгүй байна л гэсэн үг. Амиа егүүтгэсэн, сэтгэцийн хувьд эрүүл бус байсан гэдэг ч юм уу, иймэрхүү зүйлийг ярьж байна. Цагдаагийнхан ч гэсэн байцаалт авахдаа ийм асуултыг асууж байна. Тийм биш гэдэг нь олон баримтаар нотлогдож байна. Би талийгаачийг хүүхэд байхаас нь сайн мэднэ. Жишээлбэл, олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж, нийтэлж байсан, магистрийн зэргээ хамгаалахад бэлэн болсон мөн Англид сурах гэж байсан. Ийм хүүхэд оюун ухааны хувьд өөрчлөлтэй байх уу гэдгийг бодох л хэрэгтэй. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, амийг хөнөөсөн хүнийг шударгаар илрүүлж, хариуцлага тооцно гэдэгт итгэж байна. Магадгүй хэргийн эзнийг олж чадахгүй, ямар нэгэн байдлаар замхаруулбал ашиг хонжоо хайгчид цаашид байгаль хамгаалагчийн амь насанд дахин халдахыг үгүйсгэхгүй.

-Та талийгаачийг хүүхэд байхаас нь л сайн мэддэг гэлээ. Хүүхэд насных нь дурсамжаас хуваалцана уу ?

-Би талийгаач залууг сайн мэднэ. Хүүхэд үеэсээ л байгальд маш их хайртай, амьтны зураг их авдаг. Хүүхдүүдийн дунд байгаль хамгаалах чиглэлээр уралдаан зохион байгуулахад үнэхээр идэвхтэй оролцдог байсан. Гэр бүлээрээ байгальд ээлтэй, экологич гэдгийг нутгийнхан бүгд мэднэ. Тухайлбал, аав нь Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга, ээж нь мөн байгаль хамгаалагч мэргэжилтэй. Ийм гэр бүлд өссөн болохоороо байгаль, ан амьтныг сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалж, эцэст нь залуугаараа амь насаа алдлаа.

-Амиа алдахаас өмнө халдлагад удаа дараа өртртөж байсан гэсэн. Энэ талаар мэдэж байв уу?

-Мэдэлгүй яахав. Талийгаачийн биед удаа дараа халдаж, гэмтэл учруулж байсан. Тэгээд хотод ирж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан удаатай. Тухайн үед би аавтай нь утсаар ярихад ажлаа хийх гээд буцаад явсныг хэлж байсан. Хүний эрхийг хамгаалах энэ жилийн өдрийг талийгаачид зориулсан. Тиймээс тухайн өдөр байгаль орчны төрийн бус байгууллагууд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.

-Засгийн газартрт шаардлага хүргүүлсэн талаараа тодорхой ярина уу?

-Байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүмүүс эрүүл, аюулгүй орчны төлөө зүтгэдэг. Тийм учраас нэн түрүүнд эдгээр хүнийг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна. Байгалийн нөөц баялаг руу шунахай сэтгэлээр дайрч, ямар ч хамаагүй аргаар түүний эзэн болох гэж өөр хоорондоо өрсөлдөж буй энэ цаг үед байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэнд, нэр төр хүнд байдалд орж байна. Үүний дохио, сануулга бол Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсан явдал. Тиймээс бид дараа жилийн хүний эрхийн өдөр гэхэд байгаль хамгаалагчийн эрх зүйн орчинг бүрдүүлж, хууль гарга гэсэн шаардлага хүргүүлсэн.

-Талийгаачид зориулж хөшөө дурсгал болсгох талаар ярьж байна. Та болон Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн ямар байр суурьтай байна вэ?

-Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан өдрийг Байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах өдөр болгоё гэсэн саналыг манай зөвлөлөөс гаргасан. Тост Тосонбумбатын нуруунд нутагладаг ирвэсийг хэн хүнээс илүү сайн мэддэг. Ирвэсийг судалж, түүнд бүх л цаг хугацаагаа зарцуулж явсан талийгаачид хөшөө дурсгал босгож, залуучуудад үлгэр дуурайлал болгох нь зөв. Хамгийн гол нь талийгаачийн хийж байсан судалгааны ажлыг үргэлжлүүлээд мөн Тост Тосонбумбатын орчимд олгосон уул уурхайн олон лиценз цуцлуулах хэрэгтэй. Тэгээд тэр орчмыг Улсын тусгай хамгаалалтад бүхэлд нь авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Одоогоор байгаль орчинд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Саяхан Уул уурхайн яамны сайдын зөвлөлийн хурлаар “Алт 2025” хөтөлбөрийг хэлэлцсэн. Уг хөтөлбөрийг яамнаас дэмжээд Засгийн газарт өргөн барьж батлуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, 2025 он хүртэл байгалийн алтыг олборлоно гэсэн үг. Тус хөтөлбөрт “Тусгай хамгаалалтай газруудад алтны судалгаа хийнэ” гэсэн ноцтой заалт бий. Байгалийн хамгийн үнэ цэнэтэй, ховор ургамал, ан амьтантай хэзээ ч юугаар ч орлуулж сэргээж чадахгүй газруудыг тусгай хамгаалалтад авдаг. Одоогоор тусгай хамгаалалттай газар 15 хувьтай байна. Үүнийг 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Гэтэл энэ газар руу дайрах бэлтгэлээ хийж байна. Хэрэв эх орныхоо байгалийг ухаж, сэндийчиж ханахгүй байгаа бол өөр газарт судалгаа хийх хэрэгтэй. Заавал тусгай хамгаалалтай газруудад судалгаа хийх гээд байх шаардлага байхгүй. Би ажлын хэсгээс энэ талаар асуухад сайд “Хилтэй ойрхон байдаг учир хятадууд цаанаас нь орж ирээд ухаад байна. Тиймээс бид тусгай хамгаалалтай нэрийн дор байгалийн баялгаа бусдад алдмааргүй байна” гэсэн тайлбар хэлж байсан. Ийм бодолтой байгаа нь үнэхээр харамсалтай. 2025 он хүртэл байгалийг ухаж, сэндийчвэл бидэнд амьдрах газар, уух ус, ургамал ногоо, ан амьтан үлдэх үү. Тиймээс энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Тухайн алт хөтөлбөрт стратегийн үнэлгээ хийх ёстой. 1992, 2000 онд гаргасан алт хөтөлбөрийн үр дүнд хэчнээн хэмжээний газрыг нөхөн сэргээгээгүй үлдсэн гэдгийг тооцох нь зүйтэй. Үүнийг цэгцэлсний дараа дахиад алт хөтөлбөр батлуулах талаар ярих нь зүйтэй. Шинэ жил, цагаан сар, наадам гэсэн томоохон баярын үеэр өөрөөр хэлбэл, хүмүүсийн анхаарал суларсан энэ үед байгалийн нөөцийг ухах, судлах зэрэг шийдвэрийг гаргадаг.

С.Юмсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих