Рио Тинто, Чайналко хоёрын хэн нь эзэн бэ

BHP Billiton,  Рио Тинто гэсэн дэлхийн уул уурхайн салбарын гигантууд  төмрийн хүдрийн үйлдвэр хамтран барьж байгуулахаар баталгаажуулсан байсан ч,   хоёр компаний   зах зээл дээрх  монопольчлолыг Ази болон Европийн  зах зээлийн зохицуулагчид  эсэргүүцэн хорьсон тухай өнгөрсөн 10 дугаар сард Bloomberg агентлаг мэдээлж байсан билээ. Үүнийг дурдахын учир нь, одоо үүсээд буй нөхцөл байдалтай уяж харвал, дээрх  хоёр компанийн  хамтын зүтгэл ийн бүтэлгүйтэх болсон нь хариу “цохилт”  байсан байх магадлалтай болж байна.

Тодорхой хэлбэл, өнгөрсөн хугацаанд    BHP Billiton,  Рио Тинто, Чайналко гэсэн гурван компанийн хооронд томоохон тоглолт явагдаж байв.   2009 оны хоёрдугаар сарын сүүл хавьд Хятадын төрийн өмчит “Чайналко” өдгөө Монголын Оюутолгой төслийг удирдан явуулах эрхийг гартаа оруулаад буй  “Рио Тинто”-д 19.5 тэрбум долларын хөрөнгө оруулах санал тавьж байв.  Тухайн үед Рио Тинто 40-өөд тэрбум ам.долларын өрөө дарахын тулд Хятадуудын  өгснийг нь авахад бэлэн харагдаж байсан юм.

Харин яг  тэр үед уул уурхайн салбарын шинжээчид  “Чайналко”  “Рио Тинто” хоёр хүч нийлвэл дэлхийд тэргүүлэгч BHP Billiton-ы ноёрхлыг үгүй хийх  боломжтой болно гэж  үзэж буйгаа илэрхийлж байсан.

Гэсэн ч Том Албанезе хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн тухай ярьж мөн  Австралийн Засгийн газрын хүчтэй эсэргүүцэл нөлөөлж  Хятадуудад боломж олгоогүй. Түүнчлэн томрохын тулд Рио-г онилсон “Чайналко”-гийн санаархал   бүтэлгүйтэж буй харагдаж, “BHP”-гийн зүгээс   Рио-д   илүү ойртон ажиллах саналаа тавьж байв.   Улмаар Рио Тинто  уурхайнуудынхаа бонд болон хувиа “Чайналко”-д заралгүйгээр салах боломжтой гэдгээ мэдэгдэж байсан  ч,    Лондон болон Австралийн бирж дээр компанийнхаа  өрийг төлөхийн тулд 15.2 сая хувьцаа худалдаж,  “Чайналко” 1.5 тэрбум долларын хувьцааг нь авахаар болсон нь уул уурхайн салбарт багагүй дуулиан тарьж байсан.   Харин   Рио Тинто-гийн 9.9  хувийг эзэмших болсон  “Чайналко”   тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана гэдгээ 2009 оны эхний хагас жилийн төгсгөлд мэдэгдэж байсан билээ.

Гэхдээ   “Рио”-чууд гандан буурахгүй “BHP Billiton”-той хамтарсан  хөрөнгө оруулалтын төсөл рүүгээ “дайрч” эхэлсэн нь, эхэнд өгүүлсэнчлэн  BHP  Billiton,  Рио Тинто хоёрын хамтарч босгох гээд чадаагүй төмрийн хүдрийн үйлдвэрийн төсөл байв.

Харин  одоо дэлхийн уул уурхайн салбарын гигант Рио Тинто чухам яагаад 2009 онд “Чайналко”-гоос 19.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадаагүй вэ гэдгийг алдарт Жулиан Ассанжийн “Викиликс” дэлгэж байна.

Их Британийн “BHP Billiton”-ы  удирдлага Мариус Клоперс нь  Австралийн Ерөнхий сайдын орлогч, Холбооны нөөцийн тэргүүн Уэйни Сванаар дамжуулан лобби хийж,  “Рио Тинто” “Чайналко” хоёрын хамтын үйл ажиллагаанд хориг хийж чадсан гэж өгүүлжээ.  Тэр гэрээг байгуулах нь Рио-д ашиггүй байх байсан гэх тайлбар  байдаг ч,    бодит байдал  дээр “Викиликс”-д өгүүлсэнчлэн байж болохыг үгүйсгэх аргагүй   юм.  Учир нь 2009 онд чухам юу болсон талаар дээр цухас өгүүлсэн билээ.

Ер нь бол уул уурхайн гигантууд ашиг олохын төлөө л яваа. Тэгэхээр нэгэн  цагт ашигтай байсан гэрээ хэлцэл,  хийсэн лобби нь тодорхой хугацааны дараа  өөр үр дүнг ч дагуулж болдог.  Тухайлбал,   BHP Billiton-ы лобби Рио Тинто, Чайналко хоёрын түншлэлд хөшүүрэг болсон байж болж байна.

Тодорхой хэлбэл,   “BHB Billiton”-ы  лобби ард хоцорч,  “Рио Тинто” “Чайналко” хоёр илүү дотно түншилж эхэллээ.  Харин манай талд тэдний түншлэл чихэнд чимэгтэй мэдээлэл байдаггүй. Гол нь “Оюутолгой”-д  үзүүлэх нөлөөллөөс нь болгоомжилдог. Нэгэнтээ бид ч бус, дэлхийн уул уурхайн салбарын ажиглагчид “Монголын Оюутолгой руу Дорнын луу хүрхэрч эхэллээ”  гээд Чайналког угтан, тодотгосон нь саяхан. Гэхдээ  “Айвенхоу Майнз”-аас эрх мэдлийг нь авсан  Том Албанезе   “Оюутолгой”  төсөл дээр Хятадын  “Чайналко”-той хамтрахгүй гэж албан ёсоор мэдэгдээд байгаа.

Гэхдээ Рио Тинто, Чайналко-той нүүрсний салбарт илүү хамтрахаар болоод байна.  Тэд Хятадад  нүүрс боловсруулах 5 үйлдвэр хамтран  байгуулахаар шийдээд байна. Харин хамтарсан үйлдвэрийн 51 хувь нь Хятадын төрийн өмчийн мэдлийнх байх юм. Цаашлаад дэлхийн хаана л нүүрсний томоохон орд байна, тийшээ хамтын хүчээр дайрахаар хоёр компани ийн ханцуй шамлалаа.  Түүнчлэн өмнөд хөршийн зүгээс Тавантолгойд хөрөнгө оруулах хүслээ эртнээс илэрхийлсэн.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын үеэр болсон Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн форум дээр  “Шиньхуа” корпорацийн Ерөнхий менежерийн орлогч Лин Вэн  “Бид гадаадын компаниудаас хамгийн анх Тавантолгойг сонирхож, судалж, ашиглах боломжтой гэсэн санаачилга гаргаж байсан. Бид долоон жил хүлээлээ. Хөрөнгө санхүү, дэд бүтэц гээд бүхий л зүйл бидэнд байна. Одоо хурдан төслөө эхлүүлмээр байна” хэмээн хэлж байсан юм.

Тэгэхээр Оюутолгой төслөөр дамжуулан Монголд хүчээ харуулахаар зүтгэж буй Рио Тинто-той нийлсэн  “Чайналко” нүүрсний салбар луу ийн хүчтэй орж байгаа нь   мэдээж өмнөд хөршийн төрийн бодлого. “Шиньхуа” ч бай, “Чайналко” ч бай  эрчим хүчний үндсэн эх үүсвэр болсон нүүрсний  төлөө  зүтгэж, эрчим  хүчний  их өлсгөлөнг л дарж байвал, компанийн нэр хаягийн асуудал, дараачийн ээлжинд тавигдах биз. Ер нь дэлхийн уул уурхайн компаниуд ирэх жилүүдэд нүүрсний  хайгуул, олборлолтдоо илүүтэй анхаарал хандуулж байна.

Рио Тинто,  Чайналко хоёр хамтарсан үйлдвэрүүд байгуулахаас гадна,  ашигт малтмалын нөөцийн хайгуулын төслийг үзэглэлээ. Хамгийн гол нь Рио Тинто,  Чайналко хоёрын хамтарсан төсөл, гэрээ болгоны 51 хувийг буюу эрх мэдлийг Чайналко атгаж байгаа юм.

Э.Болорхажид


URL:

Сэтгэгдэл бичих