Шуугиан тарьж, миссийн титмээ хураалгасан гоо бүсгүйчүүд
“Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн уриатайгаар тэмцээнээ зохион байгуулдаг дэлхийн болон олон улсын миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан бүсгүйчүүдтэй холбоотой мэдээлэл үргэлж олон нийтийн анхаарлыг татдаг.
Хөөрхөн царай, гоолиг бие, сайхан инээмсэглэл, ухаалаг яриатай мисс бүсгүйчүүд маань олны танил болсныхоо дараа элдэв хэл ам, гэмт хэрэг, мансууруулах бодистой холбогдсон гэх мэтээр эвгүй байдлаар миссийн титмээ хураалгасан явдал нэлээд байдаг аж. Үүнийг дэлхийн алдарт www.cosmopolitan.com агентлаг онцолж нийтлэл бичсэн байна.
1. Колумбын мисс Ариадна Гутиеррез
Өнгөрсөн ням гаригт дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн тэмцээнүүдийн нэг “Miss Universe 2015” хэдхэн цагийн өмнө дуулиантай болж өндөрлөлөө. Тэмцээний ялагч буюу 2015 оны “Miss Universe”-ээр тодорсон сайхан бүсгүйг зарлах сэтгэл хөдөлгөм мөчийг шагнал гардуулах үүрэг хүлээсэн Стив Харви бүхэлд нь будилуулж орхисон. Тэмцээний эхний гурван байр, тэр дундаа тэргүүн миссийг зарлахдаа Стив Харви дэд байрт орсон Колумбын мисс Ариадна Гутиеррезийг ялагч хэмээн андууран зарласнаас энэ бүх будилаан үүссэн байна.
Ялагч хэмээн зарласан Колумбын мисст өмнөх жилийн мисс 30 мянган долларын үнэтэй цэнхээр алмаазан шигтгээтэй титмээ гардуулан өгч, баярлаж хөөрсөн Ариадна Гутиеррез тайзнаа урагш гаран алхаж, үзэгчидтэй баяраа хуваалцсаны дараа Стив Харви сая алдаа хийснээ ойлгожээ.
Тэрбээр ялагчийг зарлахад алдаа гаргаснаа мэдэгдэж, жинхэнэ ялагч буюу 2015 оны мисс нь Филиппиний оролцогч Алонзо Вурцбах байсныг зарлажээ. Энэ гэнэтийн эргэлтэд мэдээж дөнгөж саяхан миссийн титэм зүүсэн Колумбын миссээс гадна үзэгчид, Филиппиний мисс Алонзо бүр их гайхаж цочирджээ. Ингээд хоёрхон минутын өмнө Колумбын миссийн тэргүүнд зүүж өгсөн титмийг буцаан авч, жинхэнэ эзэнд нь гардуулан өгсөн байна.
2. Ванесса Уильямс
1983 онд АНУ-ын миссээр Ванесса Уильямс гэх өнгөт арьст бүсгүй тодорч байсан. Тэрбээр миссийн тэмцээнд орсныхоо дараа “Penthouse” сэтгүүлд залуу нас гоо үзэсгэлэнгээ ил гаргасан нүцгэн зургаа авхуулсан юм. Энэ гэрэл зургаас болж АНУ-ын миссын тэмцээнийг зохион байгуулагчид түүний титмийг хураан авсан. Гэвч 2015 оны есдүгээр сард тус тэмцээнийг зохион байгуулагч Ванесса Уильямсаас уучлалт гуйсан байдаг.
3. Тара Коннер
2006 оны АНУ-ын мисс Тара Коннер нэгэн компанийн үйл ажиллагаанд оролцохдоо мансууруулах бодис хэрэглэж, улмаас мансууруулах бодисын эсрэг эрчимт эмчилгээ хийлгэсэн. Тийм учраас түүний титмийг энэ асуудалтай холбоотой хэвлэлийн хурлын үеэр хураан авч байжээ.
4. Керри Фрижен
2009 онд АНУ-ын миссийн тэмцээнд оролцогч Керри Фрижен тэмцээний үеэр ижил хүйсийн гэрлэлтийг дэмждэг гэдгээ илэрхийлсэн нь жинхэнэ шуугианыг тарьж чадсан.
Үүнээс болж АНУ-ын Калифорни мужийн удирдлагууд Керри Фриженийг мужийнхаа нэр хүндийг унагасан гэж түүнээс 5200 ам.долларыг шаардсан байдаг.
5. Рима Факих
Ливанаас дүрэвсэн гэр бүлд өссөн Рима Факих нь 2010 онд “АНУ-ын Мисс” титмийн эзэн болсноор энэ шагналыг авсан анхны Араб бүсгүй болжээ. Тэрээр гэр бүлээ бүх шашны баяруудыг тэмдэглэдэг, ардчилсан гэр бүл гэж хэлдэг ч, гол шашин нь мусульман гэж зарласан байна.
Рима нь мөн архи дарсыг чөлөөтэй уудаг бөгөөд стриптизийн шоунд хүртэл оролцож байжээ. Тиймээс түүний титмийг хураах дээрээ тулж байсан.
6.Лаура Зунига
2008 оны АНУ-ын Синалоа мужийн миссээр 2008 онд шалгарч байсан Лаура Зунига хэмээх бүсгүй гэмт хэргийн бүлэглэлийн долоон эрэгтэйтэй хамт их хэмжээний зэвсэг, бэлэн мөнгөтэй явж байгаад цагдаад баригдаж байсан удаатай. Үүнээс болж тэр миссийн титмээ хураалгасан.
7. Тейн Луизиана
Энэ бүсгүй хууль бус наймаа хийдэг болох нь тогтоогдож, 2008 оны миссийн титмээ хүлээлгэн өгсөн. Цагдаа нар түүнийг баривчлах үед түүний халааснаас их хэмжээний марихуан байсан гэдэг.
8. Женна Талакова
“Miss Universe Canada” тэмцээний төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн 23 настай шаргал үст Jenna Talackova нь төрөлхийн эрэгтэй хүүхэд байсан нь илэрхий болсноор тэмцээнд цаашид оролцох эрхгүй болжээ. Женна-гийн өөрийнх нь хэлснээр бол “мань хүн” 4 настайгаасаа өөрийгөө охин байх ёстой гэдгийг ойлгосон юм байна. 14 настайдаа тэрээр гормон өөрчлөх эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд, 19 настайдаа хүйс солиулах хагалгаанд оржээ. Дашрамд дурьдахад Женна Талакова нь гоо бүсгүйн тэмцээнд анх удаа орж байгаа нь энэ биш гэнэ.
9. Нина Давулури
2014 оны Америкийн миссийн ялагчаар Нина Давулури гэх Энэтхэг бүсгүй шалгарсан байдаг. Тэмцээний үед миссийн титмээс илүүтэйгээр интернэтийн дайралтын эзэн боллоо гэж олон улсын хэвлэлүүд цохон тэмдэглэж байсан. Зарим жиргээчид түүнийг Америкийн мисс болмоор байвал эхлээд америк хүн бол гэхчилэнгээр дарамталжээ.
Харин зарим нь хэзээ цагаан арьст бүсгүй Америкийн мисс болох вэ гэж уурлажээ. Мисс болсон Нина Давулури нь Америкийн иргэн боловч Энэтхэг гаралтай лалын шашинтай нэгэн гэнэ. Тиймээс ч зарим арьс өнгөөр ялгаварлагчид лалын шашинтан мисс болсонд Б.Обамагийн магнай тэнийж байгаадаа хэмээн сэрдэнгүй бичсэн байна. Ийм дарамтыг амсаж байгаа анхны хүн нь Н.Давулури биш бөгөөд 2010 оны АНУ-ын Мисс шалгаруулах тэмцээний титмийг Рима Факи гэгч бүсгүй зүүсэн нь олны дургүйцлийг төрүүлж, хэл амны бай болж байсан удаатай. Түүнийг Левань гаралтайн дээр лалын шашинд шүтлэгтэй болохоор Хэзболла бүлэглэлтэй холбоотой ч гэж үзэх хүмүүс тухайн үед гарч ирж байсан юм
10. Кэти Рийс
Тэрбээр 2006 онд Невада мужийн мисс болсон. Энэ үйл явдлын дараахан түүний секси зурагнууд дэлгэгдэж байсан юм. Тиймээс Невада мужийн удирдлагууд миссийн титмээ сүр дуулиантай хураан авч байв.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn
URL: http://www.fact.mn/255018.html