Сумууд эдийн засгийн хувьд үрэлгэн байна гэж үзжээ
Манай улсын нийт сумын 60 орчим хувь нь гурван мянган хүн амтай, 30 орчим хувь нь хоёр мянгаас доош хүн амтай гэсэн судалгаа байна. Өнөөдөр төв, орон нутгийн тэнцвэргүй тогтолцооны асуудлаар судлаачид санал солилцлоо. Сумууд эдийн засгийн хувьд маш үрэлгэн байна гэж судлаачид үзэж байна. Тодруулбал, мянга хүрэхгүй хүн амтай сумд төсөв хуваарилан төлөвлөж, сум хөгжүүлэх тухай ярина гэдэг засаг захиргааны хувьд ч буруу тогтолцоо болоод байгааг эрдэмтэд шүүмжилж байгаа юм.
Орон нутгийн төвлөрлийг санхүү, захиргаа, улс төрийн гэсэн гурван чиглэлээр тооцож гаргадаг байна. Энэ аргачлалаар манай улс дэлхийн хэмжээнд төвлөрлийн үзүүлэлтээр дундаж түвшинд байгаа тухай доктор, профессор н.Цанжид илтгэлдээ дурдлаа. Тухайлбал, манай улсад боловсон хүчний төвлөрөл 50-60 хувь, томилгооны төвлөрөл 50-55 хувьтай байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татах нэг үндэс гэж харж байна. Мөн орон нутагт ноогдох санхүүгийн эрх мэдэл 1991 онтой харьцуулахад 30 орчим хувиар буурсан нь төв бараадах төвлөрлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болжээ. Нутгийн удирдлагын асуудлаар УИХ, ЕТГ, ЗГХЭГ, НИТХ болон аймаг орон нутгийн удирдлагууд энэ сарын 16-нд төрийн ордонд чуулсан. Энэ удаад эрдэмтэн судлаачдын байр суурь, судалгааг сонсох зорилгоор уг эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэнгээс зохион байгуулсан юм.
URL: