Зэсийн үнийн огцом уналт 7300 ам.долларт хүрэв

Засгийн газар төсвийн тодотголоо УИХ-д харуулах цаг дөхөж байгаа энэ үед зэсийн үнэ хэдий хэмжээгээр өсөж, ганцхан сарын дотор хэрхэн 1600 орчим ам.доллараар буурсныг хэн хүнгүй онцгойлон анхаарах нь тодорхой.

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурьдсанаар манай улсын нийт экспортын 40 хүртэлх хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа аж. Өмнөх жилүүдийнхээс даруй 10 орчим хувиар буурсан ч энэхүү өнгөт металл улсын төсвийн багагүй хэсгийг бүрдүүлдэг хэвээр байгаа юм. Энэ оны төсөвт нэг тонн зэсийн үнийг 5983.1 ам.доллараар тооцож, дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх ханшийг 8425 ам.доллар байхаар дундажилж байсан.

Өнгөрсөн жилийн өдийд гаргаж байсан энэ прогноз энэ зуны турш унаагүй нь саяхныг хүртэл “азны юм” байлаа. Тэр чинээгээрээ бидэнд алт, зэсийн үнэ, өнгө хоёр гялалзан харагдаж байв. Харин энэ сарын эхээр тонн нь 9300 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ өнөөдөр 7000 ам.доллар болтлоо уруудах болсон. Тодорхой хэлбэл, тонн зэс www.BBC.com сайтын бизнес сектор дахь үзүүлэлтээр 7380, Лондонгийн металлын бирж дээр 7280 ам.долларын ханштай байна.

Өнгөрсөн жилийн өдийд зэсийн үнэ яагаад өндөр байх учиртайг манай “төсөвчид” болон эдийн засагч гишүүд “Дэлхийн эдийн засаг эргэлт буцалтгүйгээр сэргэлээ” хэмээн тайлбарлаж, макро түвшний яриагаараа баталж байсан юм. Гэтэл өнөөх сэргэсэн хэмээн ярьж байсан АНУ, Европын орнууд нь байтугай, баялаг болон түүхий эдийн үнийг зах зээлийнхээ багтаамжаар тодотгож өгөх Ази тэр дундаа Хятадын эдийн засагт сөрөг үр дүнгүүд харагдах боллоо.

Металл бэлдэцүүдийг эс тооцвол хэрэглээгээрээ тэргүүлж, зэсийг их хэмжээгээр импортолдог бүс нь Европын холбоо байдаг гэнэ. Үүний дараа АНУ, Хятад, Японы эдийн засаг үйлдвэрлэлийнхээ цар хүрээнээс хамаарч металлын гол худалдан авагч болдог. Зэсийн үнийн талаар санаа зовинодог мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдийн засгийн хувьд Европ хүнд байдалд орвол түүнийг дагаад Хятад, Японы эдийн засаг барьц алдах төлөвтэй байгаа гэнэ. Мэдээж хэрэг зэсийн ханш үйлдвэрлэл нэмэгдэж, эдийн засаг өсөхөөр чангардаг.

Харин эдийн засгийн өсөлт саарвал зэсийн ханш өнөөдрийнх шиг унасаар байх аж. Бидэнд дэндүү хамаатай нь л зэс болохоос ойрын өдрүүдэд дэлхийн зах зээл дээр бүх металлын ханш огцом унаж байгаа юм. Манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 100 ам.доллараар өсөхөд төсвийн орлого жилдээ 10 тэрбум төгрөгөөр нэмэгддэг гэсэн тооцоог гаргасан байдаг.

Тэгэхээр 100 ам.доллараар унахад дээрх хэмжээний мөнгө манай улсын төсвөөс “мултардаг” байх нь. Гэхдээ үнийн савалгаа харьцангүй оны сүүлээр буюу хоёрдугаар улирлын хагаст нөлөөллөө үзүүлж байгаа нь манай улсын Засгийн газрыг зэсээс төсөвт оруулах орлогодоо бага зэрэг тохиргоо хийх боломжийг олгож байна.

Саяхан зэсийн үнэд нэгэн суурь шинжилгээ хийснийг олж үзэв. Бие даасан шинжээчдийн Purplebook мэдээллийн санд бичсэнээр “2008 онд олон улсын хямралыг Хятад ажралгүй давж, дэлхийн эдийн засгийг нуруундаа үүрсэн боловч суурь өвчин нь эмчлэгдээгүй. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох Европын холбоо үндсэндээ өрийн хямралд гүнзгий орж, энэ нь цаашлаад нийгмийн хямрал болох тийшээгээ хандаж эхэлсэн.

Гэтэл яг энэ үеэр Ойрхи Дорнодод бослого гарч, төрийн эргэлтүүд хийгдэж байгаа нь энэ зүгээс ирэх эрэлтийг үгүй хийж орхисон. Америкийн ажилгүйдлийн түвшин өндөрт цойлж эрэлт сайжрах төлөв харагдахгүй байгаа нь Хятадын эдийн засгийн суурь зарим үзүүлэлтүүдтэй хавсарч зэсэнд томоохон цохилт үзүүлж магадгүй боллоо. Хятадад сүүлийн жилүүдэд барилгажилт эдийн засгийн өсөлтөө хэд нугалан явагдсан нь хэт их нийлүүлэлтийг зарим бүс нутгуудад үүсгэж хоосон хөндий байшингууд олширсон байна.

Гэтэл хүн ам төвлөрсөн бүсүүдэд орон сууцны үнэ огцом өссөн, дээрээс нь инфляци 2010 оны сүүлчээс эрчээ авч эхэлсэн нь ард иргэдийн дунд тогтворгүй байдал үүсгэж магадгүй. Энэ бүх нөхцөл байдлыг тооцож үзвэл зэсийн ханш урт хугацаанд өндөр түвшинд байх боловч үе, үе огцом унах, уналт дунд хугацаанд үргэлжлэх эрсдэл маш их байгаа нь харагдаж байна” хэмээжээ.

Одоогоор УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Сангийн яамны Төсвийн бодлогын газрынхан зэсийн үнийн дээрх уналтыг ажирах сөхөөгүй, ирэх оны төсөвтөө санаа зовинож суугаа байх. Тэгээд ч төсөвт тооцсон үнэ хүртэл нь унаагүй цагт тэд бидэн шиг “сэтгэлээ чилээхгүй” биз. Харин ч “Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унасан ч бид Тогтворжуулалтын сандаа мөнгө нөөцлөөд байна” гэж хэлэх биз. Тэднийхээр энэ жил бид ханшийн өсөлт, зөрүүгээс 500 орчим тэрбум төгрөгийг энэ санд татах боломжтой байж.

Гэхдээ зэсийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж 183.1 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой хэмээн мэдэгдэж байсан. Ойрын өдрүүдэд үргэлжилж буй уналт хэдэн жилийн өмнөх шиг 3-4 дахин нугарч буурахгүй байвал бид зэсээс орох орлогодоо тайвширч, бусад стратегийн бүтээгдэхүүнүүдийнхээ орлогыг тоолж, ирэх оныхоо төсвийг драфтлах биз.

Т.Есөн-Эрдэнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих