Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмийн лабораторитой боллоо
Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны дэмжлэгээр хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4 төслийн “Эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн харьяа Эмийн хяналтын лабораторийг тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчний чадавхийн хувьд олон улсын түвшинд нийцүүлж, ISO/IEC17025:2005 стандартын дагуу олон улсад итгэмжлүүлэх ажлыг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн. Энэхүү ажил нь 2015 онд амжилттай хэрэгжиж тус лаборатори олон улсын 800 гаруй байгууллагыг итгэмжилсэн туршлагатай АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага (ANAB)-аас Олон улсад итгэмжлэгдсэн гэрчилгээгээ хүлээн авлаа.
Тус лаборатори нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр эмийн шинжилгээний хамгийн орчин үеийн аргуудыг ашиглан эмийн чанарын болон тооны шинжилгээ хийх, эмийн бодисыг гарган авах, түүхий эдийн хольц, шингэн эмийн зуурамтгай чанар, антибиотикийн идэвх, эмийн бодис дахь талст ус, чийглэг, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалыг ариутгахад хэрэглэдэг хүний бие махбодид хортой, хавдар үүсгэх эрсдэлтэй зарим органик уусгагч, ариутгалын бодисын үлдэгдэл, хуурамч, дуураймал ба үл мэдэгдэх эм, түүний бүтэц найрлагыг нил улаан туяаны спектрийн шинж чанараар тодорхойлох зэрэг олон шинэ аргуудыг нэвтрүүлэн олон улсын түвшинд ажиллах боломж бүрдэж байна.
Олон улсын итгэмжлэл авах хүртэлээ хуримтлуулсан туршлага нь дотоодын эмийн үйлдвэрийн хяналтын лабораторийг чанаржуулж, чадавхижуулахад чухал суурь болох бөгөөд Эмийн хяналтын лаборатори нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн бусад лабораториудтай хамтран ажиллаж ур чадвараа үргэлж дээшлүүлэхийн зэрэгцээ ДЭМБ-ын эмийн чанартай холбоотой зарим үйл ажиллагааг гардан гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.
URL: