Ноён уулан дахь нинжа нарыг зогсоохыг Сэлэнгэчүүд хүсч байна

Нэгэнт алтны нөөц нь ил болчихсон Гацууртын ордыг “ Хойч үеийнхэндээ үлдээнэ” хэмээн Иргэний нийгмийн хөдөлгөөнийхнийг “үлгэр” ярих хооронд Ноён уул маань “үлгэр жишээ” нинжа нарын хөлд талхлагдаж, энд тэндгүй хоосон нүхээр дүүрч алтны төлөө өрөөлийн байтугай өөрийнхөө ч амийг зольж буй аймшигт дүр зураг Ноён ууланд өдөр бүр өрнөж буйд монгол төрийн удирдлагууд ямар ч арга хэмжээ авахгүй байгааг юу гэж ойлгох вэ.

Эсвэл нинжа нарыг зогсоох зоригтон олдохгүй байна уу . Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ, “Бороо гоулд” ХХК-ийнхан хамгаалалт гаргаж буй ч эрүү шүдээ хүртэл зэвсэглэсэн 1000-гаад нинжа нарыг яалтай ч билээ. Тэгэхээр төрийн төмөр нударга, төрийн хууль тэнд үгүйлэгдэж байна.

Нинжа нар энд тэндгүй ухсан нүхээ өөрсдөө нөхөн сэргээхгүй нь лавтай. Тэрбээр ухсан нүхэндээ нэгийгээ булах, архидах, дээрэм хийх, хүчин, биеэ үнэлэх зэрэг олон бусармаг үйлдэл хийхээс гадна энэ өвөл гурван нинжа амь насаа алдаж нэлээд хүн бэртсэн мэдээ бий.

Үүнийг харсан хэнд ч болов бид аль зуунд амьдарч байгаа билээ гэх эргэлзээ төрмөөр. Канадын “Сентерра гоулд” корпорацийн Монгол дахь “Бороо гоулд” компани Бороогийн хөндий, Их Даширын хөндийг байгалийн унаган төрхөнд нь ортол нөхөн сэргээлт хийж, Монгол Улсад хүлээлгэн өгснийг бид мэднэ.

Тус компани Монголд үйл ажиллагаа явуулсан хугацаандаа 12 төрлийн татварт 321 тэрбум төгрөг төлж сум , орон нутгийг хөгжүүлэх сан, нийгмийн даатгал болон бусад хөрөнгө оруулалт гээд нийтдээ 761 тэрбум төгрөгийг Монголын эдийн засагт оруулсан тоо байдаг. Бороогийн хөндийд цагтаа 1000 орчим залуус сая хол давсан цалинтай байснаа нэг л өдөр ажилгүй болж лааз өшиглөх хэмжээнд хүрсэн ч тэд итгэлээ бүрэн алдаагүй “ хүлээлттэй” байсаар байна.

Итгэлээ алдаагүй , хүлээлттэй гэдгийн учир нь “Сентерра гоулд” нь уулын ажлын туршлагаараа Хойд америк, Орос, Турк, Киргизэд алдартай, тэр хэмжээнд монгол ажилчдыг бэлтгэж сургасан аж. Тиймээс Монголын төр Гацууртын төслийг эхлүүлснээр багагүй хүмүүс ажлын байртай болж, Монголын төсөвт багагүй мөнгө орж, валютын сан ч зузаарах, төрийн ачаа хөнгөрөх боломжтой юм.

Тухайлбал, Гацууртын төслөөс жилдээ 4-5 тонн алт Монголбанкинд тушаагдах боломжтой гэсэн тоо байдаг. Нэгэнт Гацууртын ордын алтны нөөцийг нь тогтоочихсон тул нинжа нарын хууль бус олборлолтыг зогсоож “Ноён” уулын тодорхой хэсгийг төрийн хамгаалалтад авч төслийг зоригтой эхлүүлэхийг “Шийдлийн” Засгийн газраас Сэлэнгэчүүд хүсч буй.

Уг нь Уул уурхайн яам, БОНХЯ-ныхан Гацуурдын ордод очиж судалгаа дүгнэлт хийсэн юм билээ. Тэгэхээр хүлээлт үүсгээд байсан уул уурхайн олон төслийн нэг болох Гацууртын төслийг иргэд хүлээх л үлдээд байна.

Ж.Намжил


URL:

Сэтгэгдэл бичих