Чи миний 18 дахь дурлал
Амрагийн болзооноос уйдаж гүйцээд
Арван наймт шиг аашлахаа болиод уджээ
Нялхын үнэрээ гээж амжилгүй дурлаад
Намрын ялаа шиг шаагихаа больжээ
Дурлалд яарсан зүрх дахиад нэгийг эрнэ
Дуулим хорвоогоор нэг хашгирна
Чамайг би онцолж харсан
Чандаган сартай хуйвалдаж олзолноо
Зүүдний чинь хонгилоор дамжиж
Зүрхний чинь гүнд амьдарна
Салхиар чамруу тэмүүлж исгэрнэ
Саваагүй зүрх л чамд дөхнө
Чимээгүй намайг эрхлүүлээч хонгор минь
Чихэн дээр минь хайрын дуу аялаач
Чамд л зориулж би шүлэг тэрлэнэ
Чиний л өмнө үнэнээ дэлгэхийг хүснэ
Алаг хорвоо дээр минийх л байхаар заяасан
Алаг нүдэн арван наймт минь
Анай нь дүүгээ хайрлая хүрээд ир
Айх хэрэггүй ээ чи миний 18 дахь дурлал
Ухнаагийн Уранчимэг
———————————–
Шүлгээ уншихад сэтгэл хүртэл омогшиж
Сүрэг рүүгээ хараад үүрсэх адуу шиг
Сэтгэлийг тань огшоож гэгэлзүүлэх
Сайхан шүлэг нэгийг тэрлэхсэн
Нутагруугаа гүйх алдуул морь шиг
Нууцхан гунигийг зүрхэнд үерлүүлж
Сувдан нулимсыг нэрэх чадалтай
Сайхан шүлэг нэгийг тэрлэрсэн
Хүссэн үрээ хэвлийдээ тээсэн юм шиг
Хөх тэнгэрээр нисэж буй мэт баясалтай
Хэний ч өмнө нь бичиж байгаагүй
Хэдэн мөртөөр жирэмслэхсэн
Дуншиж дуншиж үгээрээ төрчихөөд
Дутуу нойроо гүйцээж хонохсон
Ардынхаа сэтгэлийг хөвөлзүүлж чадах
Авшигтай мөрүүдээр ихэрлэж төрөхсөн
URL: