Сүүдрийн эдийн засгийг ил болгох хуулийн хугацааг сунгалаа
УИХ-ын өчигдрийн чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хугацааг сунагалаа. Өнгөрсөн зун батлагдсан хуулиар бол 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тайлан хүлээж авахаар хуулийн хугацааг зааж өгсөн. Тэгвэл татварынхан дээрх ажлыг гүйцэтгэх гэж өдөр, шөнөгүй ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Их Хурлын дарга “Амралтгүй ажил” гэх үүрэг даалгаварыг өгсөн. Үндэсний Татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр арванхоёрдугаар сарын 16-ний байдлаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болоод байна.
Тэгвэл өчигдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81.7 хувь дэмжин баталлаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 болгож сунгаж байгаа юм.
Аливаа эдийн засагт ил ба далд гэсэн хоёр замнал бий гэдэг. Тодруулбал, ил гэдэг нь аж ахуйн нэгжүүдийн ил тодоор улс орондоо төлж буй татвар юм. Тэрхүү татварын ачаар өнөөдөр зам талбайгаа засч, төсвийн байгууллагын ажилтнуудынхаа цалин хөлс, хөгшчүүдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг тавьж байгаа. Тиймээс өнөөдрийн хямралтай байгаа эдийн засгийн ачааны хүндийг татвар төлөгчид буюу баялаг бүтээгчид үүрч яваа.
Тэгвэл зарим компаниуд санаатайгаар болон санаандгүй байдлаар татварын их хэмжээний өрөнд орсон. Эсвэл түүнийгээ бас л санаатай, санамсаргүй байдлаар нуун дарагдуулдаг. Шийдлийн засгийн газар гарч ирсэн өдрөөс хойш эдийн засагт ээлтэй гэх олон арга хэмжээ авч байгаа. Тэдний нэг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль юм. Уг хууль батлагдан гарсанаар татвар, тооцооны ямар нэгэн асуудалтай газрууд нэг удаа өршөөгдөж дахин үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой болсон.
Өмнө нь татварын өршөөлийн хуулиар татвараас чөлөөлсөн, татвараа нуусан зэргийг зохицуулж байсан бол энэ удаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, аж ахуй нэгжээ бүртгүүлээгүй зэрэг олон талын эдийн засгийн агуулга бүхий салбарт өршөөл үзүүлэхээр болсон. Хуулийн ерөнхий агуулга нь өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн үйлдлээ нэг удаа заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болговол эрүүгийн болон захиргааны хариуцлага, ял зэмээс нэг удаа чөлөөлөх юм. Ингэснээр сайн засаглал бий болж, цаашдын харилцаагаа хуулийн зөрчилгүй явуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Эдийн засаг өсөхийн хэрээр эдийн засгийн гэмт хэргүүд нэмэгдэж, энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээс ял сонссон хүмүүс ял зэмээс нэг удаа чөлөөлөгдөх боломжтой болж байгаа юм.
Ингэснээр уналтад ороод буй эдийн засгийг эрчимжүүлэхэд дөхөм болно гэж эрх баригчид үзсэн.
Гэвч зарим хэсэг уг хуульд өнөөг хүртэл тааламжгүй хандаж байгааг хэлэх нь зүйтэй. Тодруулбал, тус хуулийг үүнийг дагаад гадаад өөрийн хөрөнгөө оффшор байдлаар нуудаг болон татварын их хэмжээний хохирол учруулаад буй зарим нөхдүүдийн эрх ашигт нийцсэн хууль болох нь гэсэн хардлага ч байдаг юм.
Ямартаа ч хуулийн хугацааг дахин сунгалаа. Энэ хооронд манай татвар төлөгчид өөрсдийн нуусан болон төлөөгүй татварын тайлангаа амжиж өгөх нь зүйтэй. Энэ цаад утгаараа эдийн засагт сайнаар нөлөөлөх учиртай юм.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
URL: