Шадар сайд Ц.Оюунбаатар зөвлөлийн гишүүдэд үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын албаныхны 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынх нь биелэлт болон шаардлагатай төсөл, төлөвлөгөөний талаар өнөөдөр сонсон холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Шадар сайд Ц.Оюунбаатар, Байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний зарим арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна гээд тасалдахад хүргэсэн шалтгаан, тайлбараа 2015.12.25-ны дотор албан бичгээр танилцуулахыг холбогдох яамд, дарга нарт үүрэг болгов. Засгийн газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор баталсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний  зарим зүйл заалт дахь арга хэмжээний хэрэгжилтэд мөн онцгой анхаарч, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг үүрэгдсэн юм.

Мөн холбогдох тогтоол, төлөвлөгөөний төсөлд саналаа яаралтай өгч, Байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны эхний хурлыг хуралдуулах, ҮАБЗ-д Байнгын ажиллагаатай зөвлөлөөс хийж буй ажлын талаарх танилцуулга хүргүүлэх үүрэг өглөө.

Байнгын ажиллагаатай зөвлөлийнхөн, аймаг орон нутаг, байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, шинэчлэх үүрэг даалгавар авав. Уг төлөвлөгөөгөө “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд нийцүүлэх юм.

 Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих