Эдийн засгийн өсөлт 17,3 хувь, гадаад өр найман тэрбум, 117 сая 169,100 ам.доллар

АНУ-ын зээлийн хэмжээ хэт өссөнөөс зэрэглэл буурах аюул нүүрлээд хүндхэн байдалд орсон. Олон улсын урт  хугацааны зээлийн ачаар ард түмэн нь элбэг дэлбэг, хангалуун амьдарч ирсэн. Энэ хангамжийг нь бууруулбал тогтворгүй байдал үүсч, дэлхий хамарсан  эдийн засгийн хямрал нүүрлэх ойрхон байна.

Дэлхийн хамгийн том зах зээлийг донсолгохгүйн тулд  тул улсын өнөөгийн удирдлага эдийн засгийн томоохон шийдлүүдийг хийж байгаа. Зээл хэтрэхээр хүссэн хүсээгүй хямралын сүүдэр дайрдаг болохыг цаг хугацаа хэдэнтээ гэрчилсэн. Манай улсын хувьд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш донор орнуудаас ихээхэн хэмжээний зээл авч хөрөнгө оруулалт, нийгмийн халамж, бүтээн байгуулалт, дэд бүтэцэд зориулсан.

Өнөөдрийн байдлаар манай улсын бүхий л салбарын гадаад өр нийтдээ  найман тэрбум, 117 сая 169,100  ам.долларт  хүрээд байна. Зөвхөн Засгийн газрын өр нэг тэрбум, 851 сая 678 мянга 600 ам.доллар байна. Эдгээр өр бүгд урт хугацааных. Харин 24 сая 835 мянга 500 ам.доллар нь өрийн бичиг буюу бонд. Тэгэхээр монголын ард түмэн дэлхийн нийтийн өмнө энэ хэмжээний зээлийг үүрч хүүтэй нь эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр авчээ. Бид хөдөлмөрийн  үр дүнгээс цаг тутамд зээл төлж, халаасан дахь мөнгөнөөсөө хүү төлж байгаа гэж бодоход илүүдэхгүй. Засгийн газрын тавьсан нэг тэрбум, 851 сая 678 мянга 600 ам.долларыг иргэн бүртээ хуваагаад үзэхээр нэг иргэнд 700 гаруй мянган ам.доллар ногдож байна.

Монгол Улсын нийт гадаад өр болох найман тэрбум, 117 сая 169,100  ам.долларыг иргэн бүртээ хуваахаар нэг хүнд 2 сая, 924 мянган ам.доллар оногдож байх жишээтэй. Учир нь манай хувийн хэвшлийн салбарт шууд хөрөнгө оруулалтын өр 4 тэрбум, 544 сая, 499 мянга 400 ам.долларт хүрчээ.  Өдий хэмжээний  өр тээж аваа атлаа  бид бусдын жишгээр амьдарч чадахгүй байна гэхээр харамсалтай. Зөвхөн уул уурхай, барилгын салбар хөгжиж бусад салбараа уналтад оруулсан нь зээлийн эргэн төлөлтөд хүндээр тусна гэж эдийн засагчид хэлж байна. Эдийн засгаа олон тугууртайгаар хөгжүүлж байж амьжиргааны түвшин, эдийн засгийн өсөлтийг бодитоор мэдэрнэ.

Өнөөдөр Сангийн сайд С.Баярцогтын хэлээд байгаа 17,3 хувийн эдийн засгийн өсөлт хэнд мэдрэгдээд байгаа юм бэ. Гудамжинд гараад “манай улсын эдийн засаг түүхэнд байгаагүйгээр өсч 17,3 хувьд хүрчээ. Таны амьдралд ямар өөрчлөлт гарав”  гэж асуувал аман дундуураа алдагдуулах байх. Яг энэ асуултыг эрхэм сайдаар өөрөөр нь асуулгаад нэг үзэхсэн. Цаасан дээр буулгасан эдийн засгийн  нөхцлөө гудамжинд, хотын  захын гэхгүй наад захын гэр хороолол, гудамж талбайд гараад нэг мэдрээсэй. 21 мянган төгрөгтөө өдөржин дугаарлаж 30 хоногт хүргэх гэж ядан сууна. Уул уурхайгаа асар их  хэмжээний мөнгө орж ирлээ.

Үүнийгээ юунд зарцуулах вэ гэсэн яастай зүйл ярьж суухаар  иргэдийнхээ нуруун дээр ирэх их өрийг хэрхэн хөнгөлөх талаар мэргэн ухаанаа уралдуулж суумаар даа.  Өнгөрсөн хугацаанд  оросуудад тавьсан их өр монголчуудад  нэлээд дарамт болсон. Үүнээс салсаныхаа дараа улс орон даяараа баярлаж, улстөрчид нь  миний  чиний гавьяа хэмээн булаалдсан. Тэгэхээр өрийн асуудал эргээд ямар хүнд дарамт, шалгуур болж ирдгийг бид мэднэ.  Хуримтлагдсан 70 гаруй жилийн дараа гай, гавьяа дагуулсан бол ирэх 70 жилд  хэдий хэмжээний өрийг хойч үе үүрч гарахыг мэдэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих