Н.Энхбаярын зам мухарджээ
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын өөрөө биечлэн улс төрд орохын төлөө тэмцэл хэдийн дуусч, зам нь мухардсан тухай улс төрчид дүгнэж байна.
Энэ оны зун Өршөөл Үзүүлэх тухай хуулийг баталж, МАН-ыг Засгийн газраас гаргах зэргээр АН дахь өөрийн холбоотнуудтайгаа хамтран хийсэн түүний олон оролдлого амжилтгүй болж, эцэст нь Шадар сайдаар ажиллахаар Ерөнхий сайдад үзүүлсэн “шахалт” мөн л талаар өнгөрч, өдгөө тэрээр ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй иргэн хэвээр үлдлээ.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад, Шадар сайд, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Эрүүл Мэнд, спортын Сайдад нэр дэвшүүлсэн шийдвэрээ цуцалж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Лхагвасүрэн нарыг Эрүүл Мэнд, спортын Сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.
Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа 2017 оны наймдугаар сарын 3-нд буюу УИХ-ын , Орон нутгийн, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль тус тус дууссаны дараа ирнэ. Өөрөөр хэлбэл аль хэдийн бүх асуудал, албан тушаалын хувиарлалт дууссаны дараа гэсэн үг.
Мөн зарим иргэдийн дүгнэж буй шиг Засгийн газраас гарлаа гэж айлгах боломж ч Н.Энхбаяр ба МАХН-д үгүй болсон бөгөөд энэ тохиолдолд тус намын удирдлагуудад шинээр эрүүгийн хэрэг үүсгэх ч эрсдэл бий аж. Төрийн удирдлагад дахин гарах гэсэн Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зам мухардсан нь нэгэнт тодорхой болжээ.
П.Мандах
Sonin.mn
URL: