Ардчилалаа хакердуулах уу

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүдийг сонсоод байхад янз бүрийн л юм яриад байх юм. Улс төрийн намууд ч УИХ дээр маргалдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч бас тайлбар хийж байна. Хүн болгон санал бодлоо хэлээд байгаа учир би бас хэлэе гэж бодлоо. Бараг л бусад улс орнууд хар машиныг хэрэглэж чадахгүй байхад бид хэрэглэж байгаа нь бусад улс орнуудын атаархалыг төрүүлж байгаа мэт ойлголт төрөхөөр зарим нь ярьж байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн намуудын төлөөлөлүүдтэй уулзсан уулзалтыг бүгд харсан байх. Тэр уулзалтыг сонсоод олон нийтийн эргэлзээ арилсангүй. Хар машиныг хэрэглэсэн нь дэвшилт байлаа гэж ярьж байна. Тухайн үедээ тэгж бодож байсан байж болох юм. Одоо бол дэвшил биш алдагдал, алдаа байжээ гэж үзээд байх шиг байгаа юм. Тэгвэл цаашид дахин алдалгүй,  залруулчихаж болдоггүй юм байхдаа. Огт эргэлзээгүй байсан бол бас яая гэхэв, гэтэл эргэлзээ байнаа гээд байхад заавал зүтгүүлээд байдаг нь өөрөө эргэлзээг төрүүлээд, лавшруулаад байх шиг байх юм.

Миний бодлоор сонгогчдын эрх ашгийг л нэн тэргүүнд хамгаалах үүднээс “Тийм алдаа байгаа бол гараар тоолчихоё, харин хяналтаа хамтраад сайн тавья..” гээд л шийдчихмээр санагдаад байх юм. Гэтэл тавьж байгаа шаардлага нь хар машиныг үгүйсгээд,  огт хэрэглэхгүй гээд байгаа юм биш шиг байгаа юм. Хар машинаараа тоолоё, гэхдээ маргаан, эргэлзээ гарсан тохиолдолд гараар давхар тоолчихоё, шударга байяа л гээд байгаа юм болов уу даа. Гэтэл миний судалсанаар, олж уншсанаар, бас бусад гадаадын улс төрчидтэй уулзах боломж олдож, уулзаж байхдаа мэдэж олсоноор бол хар машиныг тэгж ч их сайшаахгүй байгаа бөгөөд нуулгүй “но” той талуудыг нь хэлдэг л юм билээ. Анхаарал татсан зүйлүүд байнаа. “Administrative password” гэж юм байдаг юм байна, тэрийг хэн мэдэж, хэн дээр хадгалагдаж байдаг нь маш чухал юм байна. Улс төрийн бүх намуудын төлөөлөлийг байлцуулж байгаад хөндлөнгийн хяналтын доор  “Administrative password” шинээр хийх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр нууц үгийг өөртөө ашигтайгаар хэрэглэсэн тохиолдлууд дэлхийд олон гардаг байна. Хар машиныг хэрэглэж байгаа тохиолдолд хөдлөнгийн мониторинг, аудит, шууд хяналт байх ёстой байдаг юм байна. Сонгогчдын санал нь шууд цаасан дээр гарч байх ёстой, өөрөөр хэлбэл шууд харагдаж байх ёстой, “paper record” байх ёстой юм байна. Ялангуяа, дэлхийд ардчилалаараа тэргүүлдэг, ардчилалын загвар орон болох АНУ-ын Конгресс 2006 онд ерөнхийлөгчийн болон сенатын сонгуульд алдаа, луйвар хийгдсэн байна гэж Конгрессийн хурлын шийдвэрээр хар машинаар сонгууль хийхийг халсан. Мөн эдийн засгийн хувьд асар их зардалтайд тооцогддог. Сүүлийн таван жилд хар машинаар тоолдог 30 улс орноос 18 улс орон нь татгалзаж гар аргаар тоолдог болсон. Жишээ нь: дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн хөгжилтэй Нидерланд, Англи, Герман, Швед, Норвеги, Франц, Ирланд гэх мэтчилэн олон улс орнууд гараар тоолж байна. Азийн техник, технологийн хамгийн өндөр хөгжилтэй Япон гараар тоолж байна. 16 сая сонгогчидтой Австрали, 830 сая сонгогчидтой Энэтхэг гараар тоолж байна. Манайх шиг цөөхөн сонгогчтой улс оронд бол бүр эдийн засгийн асар алдагдалтай  болон, ялангуяа маргаан гараад байгаа үед хар машинаар тоолох огт хэрэгцээ байхгүй юм шиг. Монгол улсад “cyber security” буюу “кибернетик хамгаалалт” төдийлөн сайн хөгжөөгүй, бүх юмыг хакердаж байна.

Хэрэв бид сонгогчдынхоо эрх ашгийг өндөрт тавьж, үнэхээр “шударга, шилэн” сонгууль явуулах гээд байгаа бол хамгийн энгийн ойлгомжтой системийг хэрэглэх хэрэгтэй.  Жишээ нь, Германд  аливаа мэдлэггүй иргэн хараад л ойлгохоор тийм энгийн, хялбар системийг сонгож хэрэглэх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Компьютер хэрэглэж байгаа тохиолодолд хэнээс ч шалтгаалахгүй алдаа гарч болзошгүй,  дахиад сонгууль явуулах асуудлаас урьдчилан сэргийлж, болгоомжилдог гашуун жишиг тогтсон байна. Гэнэт хакердвал яана гэж үздэг байна. Өөрсдөө зохиогоогүй өөр хүний зохиосон програмд итгэх үндэслэл байхгүй, зохиогчийн хүслээр үр дүн гарах програм хийгдсэн байдаг гэж үздэг байна. Бид тэр програмыг зохиогоогүй шүү дээ. Компьютерээр санал авч байгааг эсэргүйцэж байгаа юм биш гол нь компьютер алдаа гаргах эсвэл вирүстэх эрсдэлтэй. Үүний улмаас сонгуулийг дахин явуулах шаардлага гарвал яах вэ. Нэгэнт алдаа гаргавал засахад хэцүү, үр дүн нь буруу гарч хүндээр тусна. Тийм зүйлийг хийлгэхгүйн тулд улс орнууд татгалзсан. Жишээ нь дээд ялаас татгалдазахдаа шүүх буруу шийдвэр гаргаж магадгүй гэж үндэслэн алах ялыг хорьдогтой нэгэн адил ойлголт юм. Хамгийн гол нь гараар дахин тоолохдоо машинд орсон сонгогчдын саналын хуудас машинд орсон гэсэн бүртгэл тэр хуудсан дээр тавигдаж байгаад анхаарах ёстой. Хар машинд орсон хуудасны тоо саналаа өгсөн сонгогчдын тоотой торхирч байх ёстой. Ийм хяналтгүйгээр хар машинаар санаатай, санаагүй гарсан үр дүнг дахин тоолох бол дахин гараар тоолсны ямарч ашигггүй. Өөрөөр хэлбэл сонгогчийн өөрийн гараар хар машин руу шургуулж хийсэн хуудсан дээр, саналын хуудас бүрийг хийх тоолонд машин бүртгэж авлаа гэсэн тэмдэглэл хийгдээгүй тохиолдолд хуурамч хуудас хавчуулан дунд эсвэл, эхэнд нь машинд нь байрлуулах боломж байдаг байна.

Би ч иргэн хүн, миний өгсөн сонголт минийхээр л байх ёстой. Саяхан гарсан нэвтрүүлгээр яаж ХАР МАШИН-аар луйвар хийж болдогийг тод томруунаар харуулсаныг ард иргэд бүгд үзсэн билээ. Та бидний өгсөн саналыг  хар машин нь ч бай, юу нь ч бай гуйвуулах эрхгүй, боломжгүй тийм л сонгуулийг бид хүсч байна.

Ж.Цолмон


URL:

Сэтгэгдэл бичих