Дахиад л “МИ-8″ бас нэгэн хүний амь насыг авч одлоо
Налайх дүүргийн Гордокт өчигдөр орой нисдэг тэрэг осолдсон хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр орой 20.00 цагийн үед зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 онгоц сургуулилалтын нислэгийн үед осолдсон юм. Ослын улмаас нэг хүн нас барж, хэд хэдэн хүний хүнд бэртэл авчээ. Ослын шалтгааны одоогоор тогтоогоогүй байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоцонд нийт 11 хүн явж байсан гэнэ. Одоогийн байдлаар нас барсан хүний талаар болон гэмтэж бэртсэн хүмүүсийн талаар албаныхан тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр тус анги нь өглөө оройдоо төлөвлөгөөт нислэг хийдэг байна. Харамсалтай нь өнөөдөр оройны нислэгээр энэхүү осол гарчээ.
Тухайн үед онгоцыг тус ангийн хурандаа н.Отгонбаяр жолоодож явсан бөгөөд онгоц 300 орчим метрийн өндөрт нисч явах үед гэнэт доош унасан байна. Хэдийгээр албаныхан ослын буулт гэж байгаа ч онгоц газарт хүчтэй унасны улмаас ийнхүү албан хаагч амь насаа алдсан байх магадлалтай аж. Одоогийн байдлаар цэргийн төв госпиталийн цагдаагийнхан хамгаалтандаа авсан дотогш нь гадны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Мөн Налайх дүүргийн осол болсон газрыг тусгай хамгаалтанд авчээ. Хэргийн газрын үзлэг маргааш өглөө эхлэх юм байна.
Ийнхүү МИ-8 гэх онгоцтой холбоотой дараагийн ноцтой байж болохуйц нэгэн осол гарлаа. Одоогийн байдлаар хэргийн учир шалтгаан нь тогтоогдоогүй учир тодорхой зүйлийг ярьж, бичих нь илүүц биз. Гэхдээ МИ-8 гэх уг онгоц манай улсын олон сайхан аавын эрсийн амийг авч одлоо.
МИ-8-тай холбоотой хэд хэдэн удаагийн осол гарсан. Үүнээс хамгийн их хохирол учруулсан осол нь 2001 болон 2007 онуудад бүртгэгдсэн юм. Тодруулбал, 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр, 2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр гээд хоёр 14-ний өдөр Монгол Улсын хувьд үхэл хагацал нүүрлэсэн хар бараан өдрүүд байлаа. 20 гаруй хүний эрдэнэт амийг авч одсон эдгээр ослоор амиа алдсан хүмүүсийн хохирлыг хэрхэв, хэн ямар хариуцлага хүлээв, ослын үнэн бодит шалтгаан юу байв, эдгээр хэргүүд хэрхэн шийдэгдэв гээд ар араасаа цуврах асуулт олон.
2001 оны нэгдүгээр сарын 12-ний өдөр буюу баасан гаригийн өглөө МИАТ компанийн JU1025 дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрсөн. Нислэгийн багт НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх багийнхан болон УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг нарын хүмүүс явсан юм.
Багийнхан нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангомоос хөөрч Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэдэг газар малчин Зандангийн өвөлжөөнд буухыг оролдов. Гэвч үзэгдэх орчин муу байсны улмаас онгоц унаж осолдов. Ослоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Шагдарын Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан Батчулууны Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Цэвэгмэдийн Батзориг, нисдэг тэрэгний техникч Дашдаваагийн Отгон, Герман Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын (UNDAC) багийн ахлагч, Ази Номхон далайн бүсийн гамшгийн эсрэг арга хэмжээг зохицуулах салбарын удирдагч Сабин Мецнер-Страк, Их Британийн Нэгдсэн Вант Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын (UNDAC) багийн гишүүн, Жерси мужийн төлөвлөлт, байгаль орчны газрын Үйлчилгээний хэлтсийн захирал Жерард Ле Клэйр, АНУ-ын иргэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хөтөлбөрийн ажилтан Матью Гирвин, Япон улсын иргэн, NHK ТВ-ийн сэтгүүлч Такахиро Като, Япон улсын иргэн, NHK ТВ- ийн зураглаач Минору Масаки нар амиа алдсан юм.
Харин 2005 оны аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүхээс энэ хэрэгтэй холбоотой эцсийн шийдвэрээ гаргасан байдаг. Тэд МИ-8 нисдэг тэрэгний хоёр нисгэгчийг буруутган М.Бат-Эрдэнэд тав, Д.Галбадрахад гурван жилийн хорих ял оноож, биеийн байдлыг нь харгалзан тэнсэн харгалзахаар болсон юм. Харин хохирлыг МИАТ-ээс гаргуулж, дараа нь шүүгдэгч нараар төлүүлэхээр болсон билээ.
Харин хоёр дахь осол нь Сэлэнгэ аймагт болсон гал сөнөөгчдийн осол. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарч буй ой хээрийн түймрийг унтраахаар 2007 оны зургадугаар сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай МИ-8 нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийг зорьсон. Уг нисдэг тэргэнд Онцгой байдлын ерөнхий газрын шүхэрчин-гал сөнөөгчид болон онгоцны экипажийнхан гээд нийт 22 хүн явсан байдаг. Харамсалтай нь тэднээс 15 нь амиа алдсан юм. Аврах тусгай ангийн бүрэлдэхүүн удтал эрэн хайсны эцэст буюу осол болсноос хойш гурав хоногийн дараа Мандал сумын нутаг Халуун рашаан гэдэг газрын ойролцоох битүү ширэнгэнээс олсон юм.
Ийнхүү МИ-8 гэх агаарын “төмөр хөлөгтэй” холбоотой олон таагүй мэдээг монголчууд бид дууллаа. Энэ удаагийн ослыг хор хохирол багатай, хүний алтан амь дахиж эрсдэхгүй өнгөрөөсэй гэж олон хүн хүсч байгаа. Ер нь энэ МИ-8 гэх онгоцуудын ашиглалтын хугацааг болон техник технологийн бүрэн бүтэн байдлыг нь ойрын үед яаралтай хянаж шалгахгүй бол дахиад ч осол эндэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаа манайд ашиглагдаж байгаа МИ-8 маркын нисдэг тэргүүд ихэнхи нь ашиглалтын хугацаа дууссан байдаг бөгөөд нислэг хийхийг хориглосон байдаг аж. Тиймээс дахин дахин осолдоод буй уг онгоцны асуудалд төр засгийн зүгээс анхаарлаа дорвитой хандуулах цаг болсон бололтой. Ойрын жишээ татахад л хамгийн сүүлд Багануурт болон Төв аймгийн Мөнгөнморьт сумдад энэхүү МИ-8 онгоц осолдоод байгаа билээ. Дашрамд дуулгахад өчигдөр осолдсон онгоц нь Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийнх. бөгөөд тус ангид ОХУ-д 1984 онд үйлдвэрлэсэн онгоц байдаг гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан юм.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
URL: