Улсын төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Уул уурхайн яам ээлжит “Ил тод уул уурхай” мэдээллээ өчигдөр хийлээ. Энэ үеэр өнгөрсөн сарынхугацаанд хийж гүйцэтгэсэн ажил болон олны анхаарлын төвд байгаа асуудалд тайлбар өгсөн юм. Энэ оны эхний 11 сарын байдлаар 20.8 сая тонн нүүрс, 13.9 тн алт, 1.1 сая тонн газрын тос олборложээ. Мөн 1,1 сая тонн зэсийн хүдрийн баяжмал, 5.9 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн улсын төсөвт нэг их наяд 127 тэрбум 500 сая төгрөг төвлөрүүлжээ.
Р.Жигжид: БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөл эцсийн шийдвэр гаргана
Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг гадаадын компанид ашиглуулахаар хууль бусаар лиценз олгосон. Энэ нь Уул уурхайн сайд Р.Жигжид ажлаасаа огцрох үндэслэл болно хэмээн “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас шаардлага тавьсан. Уул уурхайн сайд Р.Жигжид “Тус компани 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авч хайгуул хийн алтны үндсэн орд нээсэн байна. Олборлолт явуулах гэтэл ойн сантай давхцалтай учраас хүлээлт үүссэн юм билээ. Энэ оны эхэнд “урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, журам батлагдсан.
Ингээд Ашигт малтмалын газраас Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргасан “Далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” гэсэн лавлагаанд үндэслэж тус компанид алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдөр хуулийн дагуу олгосон” гэв.
Мөн тэрээр “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр өнгөрсөн сард тус компани ТЭЗҮ-ээ батлуулсан байна. Эндээс харвал таван жилийн хугацаанд 1.3 тн алт олборлон 84.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олно гэсэн байгаа юм. Мөн 205 хүний ажлын байраар хангаж, 22.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө гэж тусгасан байна” хэмээлээ.
Одоогоор тус компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон мэргэжлийн эрх бүхий “Дэлгэрэх-Ач” компаниар хийлгэж байгаа ажээ.” Олборлолт явуулах эсэхийг үнэлгээ гарсны дараа БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн эцсийн шийдвэр гарна” хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.
Д.Ганболд: Ирэх жилийн эхээр нэг тэрбум ам.доллар оруулна
Мөн энэ үеэр “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд “Гүний уурхайтай холбоотой нийт зардал 4.4 тэрбум ам.доллар юм биш. Нийт шаардлагатай, хэрэгцээтэй зардал нь 6-7 тэрбум ам.доллар болно. Үүний 4.4 тэрбумыг эхний үед арав гаруй банкнаас зээлээр авч байгаа.
Шаардлага гарах юм бол энэ зээлийнхээ хэмжээг нэмэгдүүлнэ” гэлээ. Уг нь зэсийн үнэ хэлбэлзэж, бололцоотой мөнгөн урсгал хангагдах юм бол орлогоосоо гүйцээнэ гэсэн тооцоотой байгаагаа тэрээр илэрхийлсэн. Дээрх хөрөнгө оруулалтын нэг тэрбум орчим ам.доллар нь ирэх жилийн эхний хагаст орж ирэх юм байна.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: