М.Баасандорж: Эрх мэдэлтнүүдийн нөлөө миний ажлыг зогсоож байсан
НМХГ-ын дэд дарга асан, Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч М.Баасандоржтой ярилцлаа.
-Олон жилийн түүхтэй “МТНХ”-ны Ерөнхийлөгчөөр та сонгогдон ажиллаж байна. Хийх ажил их бий болов уу, ер нь ямар зарчмаар ажиллаж байна?
-Монголын тогооч нарын холбоо 1993 онд анх байгуулагдсан байдаг. Анх тухайн үеийн “Үйлдвэрийн яам”-ны дэд сайд Октябр гэдэг хүн үүсгэн байгуулж, өнөөдөр үндэсний хэмжээний том холбоо болон өргөжин ажиллаж байна. Мэдээж нэр хүндтэй энэ том холбоог хүлээж авч цаашид үйл ажиллагаа явуулах бол нэр төрийн асуудал гэж ойлгож байгаа. Холбооны хувьд дотооддоо 60 гаруй мянган гишүүдтэй, 120 гаруй гишүүн байгууллагатай, Дэлхийн Тогооч нарын холбоонд жинхэн гишүүнээр элссэн ийм холбоо байгаа. Хэтийн зорилгын хувьд гишүүддээ үйлчилсэн үйл ажиллагаануудыг явуулъя гэж бодож байна. Нэгдүгээрт мэргэжлийн тогооч нарынхаа мэргэжлийн асуудлыг тавих ёстой. Хоёрдугаарт төр засгаас гарсан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг ханган ажиллуулах тал дээр нэлээд ажлыг хийнэ. Тухайлбал тогооч нарын хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг энд зайлшгүй ярих ёстой. Тэгэхийн тулд тогооч нарын холбооны дэргэд “Тогооч нарын үйлдвэрчний эвлэл”-ийг байгуулж ажиллаж байна. Ер нь бол цаашдаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон үндэсний тогоочидтой хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Цаашдаа нийгэмд үйлчлүүлэгч, иргэддээ хандсан хоол урлахуйн мэдлэгийг ойлгуулах чиглэлээр ажиллах ёстой. Тухайлбал социализмийн үе, түүнээс арай эхэн үед Монголчууд уламжлалт аргынхаа хоолнуудыг л хэрэглэж эхэлсэн байдаг. Сүүлийн даяаршсан энэ үед бол маш олон чиглэлийн урсгалын хоолнууд орж ирж тэдгээр хоолны урлагийн асуудал, аюулгүй байдлын асуудлыг зайлшгүй ярихад хүрч байна. Юу гэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх тал дээр дуу хоолойгоо гаргах гээд олон томоохон ажлуудыг ойрын хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Тогооч нарыг бэлтгэх сургалтын системд өөрчлөлт ер нь хэрэгтэй юу, хамгийн түгээмэл мэргэжил болчихсон юм шиг ээ?
- 1990 онд зах зээлд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд яг тухайн тогооч нарын хоол үйлвэрлэлийн асуудлыг эрхэлсэн салбарын яамгүй, энэ чиглэлийн бодлого төрөөс алдагдсан байна гэж хэлэхээр иржээ. Үүнд би юу гэж хэлэх гээд байна гэхлээр маш олон салбарт хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр нь нэгдсэн тогтолцоонд ороогүй, нэгдсэн хяналт байхгүй явж байна. Янз бүрийн чиглэл, олон улсын стандартад нийцсэн хоолнуудыг оруулж ирж хийж байна. Түүнийг Монголчууд нутагшуулах ажил дутагдалтай байгаа. Энэ нь юунаас харагдаж байна гэхлээр тогооч нарын мэргэжлийн асуудалтай холбоотой. Үүнийг системтэй сургалт зохион байгуулаад мэдлэг олгох асуудал үнэхээр орхигдсон байна. Тухайлбал “Хөдөлмөрийн яам”-нд харьяалагдаад бүх дүүргүүд, аймгуудын хөдөлмөрийн хэлтэст хоол үйлдвэрлэлийн чадамжийн сургалт явагдаж байх жишээтэй. Дурын холбоо хоол үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулаад үнэмлэх, гэрчилгээг баталгаажуулж өгч байна. Энэ бол өмнөх 10 жилийн хугацаанд их замбараагүй болсон. Үүнийг зайлшгүй цэгцлэхээс өөр аргагүй болж байна. Энэ асуудлаар МХЕГ-ынхантай хамтарч ажиллана. Тухайлбал эмнэлэгийн тогооч нарын мэдлэг, тэр очинд маш нарийн хоол, технологийн асуудал яригддаг. Хүүхдийн сургууль цэцэрлэгүүд дээр мөн нарийн хоол, технологийн асуудал яригддаг. Энд янз бүрийн сургалтад хамрагдсан, янз бүрийн мэдлэгтэй хүмүүс орж ирдэг учир эрсдэл дагуулдаг. Нийтийн хоол ч мөн ялгаагүй. Тэгэхлээр энэ бүхэнд нэгдсэн нэг сургалт явагдах ёстой. Шалгуур, үнэлэмж, мэргэшлийн асуудал нь нэг журам стандартаар зангидагдаж явахгүй бол болохгүй.
-Гадны хоолны газрууд элбэгшиж байна л даа. Үүнийг дагаад хууль дагаж мөрддөг үү, гэдэг асуудал яригддаг. Та “МХЕГ”-ын даргын албан тушаалтай байсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Би мэргэжлийн хяналтын газарт арав гаруй жил ажилласан, Тодорхой хэмжээнд удирдах ажил хийж байсан хүний хувьд нийтийн хоол, сургууль цэцэрлэгийн хоол гээд энэ асуудлыг хариуцаж явж байсан. Хэдэн жилийн өмнө хэвлэлээр их шуугидаг байсан асуудал. Харьцангуй бас МХЕГ-ынхан сайн ажилласаны үр дүнд энэ олон үндэстний хоолны газрын асуудал цэгцэрсэн . Одоогоос арван жилийн өмнө тэрнээс өмнөх жилүүдэд Хятад, Солонгос хоолны газрууд ямар бохир, заваан байдалтай хоол үйлдвэрлэл явуулдаг байсан нь тогтоогдож байсан. Энэ орчин нөхцөл харьцангуй дээрдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ гадаадаас орж ирж байгаа олон улсын хоолыг Монголд нутагшуулах асуудлыг бид хамтарч хийх ёстой. Тийм учраас манай “Тогооч нарын холбоо” ойрын үед гадаадаас орж ирж байгаа тогооч, гадаад хөрөнгө оруулалттай газруудтай хамтарч олон ажлыг зохион байгуулна гэж төлөвлөөд байна.
-Транс өөхтэй холбоотой асуудал нэг хэсэг хөндөгдсөн, үүнд анхаарал хандуулах цаг болсон юм шиг санагддаг. Олон нийтийн эрүүл мэндийн асуудал яригддаг энэ зүйлд танай холбоо анхаарал хандуулах уу?
-Энэ бол маш чухал асуудал байгаа. Зөвхөн тогооч нар гэхээр гал зуухандаа байгаа хүнийг хэлдэг гэж ойлгож болохгүй. Тогооч, тенхологич нар маань өөрсдөө өндөр мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Энэ ч утгаараа иргэний хяналт гэдэг юмуу, хяналтын үүрэгтэнг “Тогооч нарын холбоо”-нд байршуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд маш их орж ирж байна. Янз бүрийн амтлагч хэрэглэж хүний хоолны дуршлыг хүчээр төрүүлдэг асуудлууд зөндөө байна. Мөн хүнсний ногооны асуудлууд байна. Монголынхоо хөрс шороонд ургасан хүнсний ногоо арай өөр байх жишээтэй. Махны асуудал, Лаазалсан бүтээгдэхүүнүүд байна. Олон улсад хэрэглэгдэхээ байчихсан лаазалсан бүтээгдхүүнийг Монголд оруулж ирж байна шүү дээ. Хятад, Оросод хэрэглэхээ байсан бүтээгдэхүүнийг гуравдагч орон Энэтхэгээс ч юмуу, Вьетнамаас оруулж ирж байх жишээтэй. Энэ талын мэдлэг муутайгаас манай тогооч нар маань нийтийн хоолонд хэрэглэж байгаа тохиолдол ч байна. Ноднин гэхэд л өттэй будаа гээд Вьетнамаас оруулж ирсэн бүтээгдэхүүн яригдаж байсан. Тос, өөхны асуудал гээд маш олон юм байна. Үүн дээр цогцоор нь дуугарч ажиллах ёстой. Тогооч нар маань өөрсдөө дуугарах ёстой. Нийгэмд үүнийг хүчтэй зохион байгуулж дуугаръя гэсэн бодолтой ажиллаж байна.
-Давс, өөх тосны хэрэглээг бууруулах туршилтын төсөл гэж явагдаж байсан. Иймэрхүү төсөл арга хэмжээ хир зохиогдох вэ?
-Хоол өөрөө урлаг юм бол урлахуйн ухааныг бид яаж сурах ёстой юм бэ гэдэг томъёолол дээр бид энэ ажлыг зохион байгуулъя гэж зорьж байна. Ер нь бол өөх тос, хоолны зохистой хэрэглээний талаар хэрэглэгчдэд хүргэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах хэрэгтэй. Сүүлийн үед маш олон телевизүүд хоол үйлдвэрлэлийн талаар заах болсон байна. Үүнд мэргэжлийн хүн оролцож байна уу, үгүй юу, гэдэг бас эргэлзээтэй. Зарим улс төрчид ороод зогсчихсон байх жишээтэй. Тэгээд хоол яриад байгаа нь зөв сурталчилгаа болж чадаж байна уу, гэдэг дээр бид цэнзүүр тавина. Энэ мэт иргэддээ хүнсний зохистой хэрэглээний мэдлэг олгох нэлээд ажлыг зохион байгуулж ажиллана.
-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мастер тогооч олон төрүүлэх асуудалд хир анхаарч ажиллаж байна?
-Монголын тогооч нарын холбоо бол үндэсний ууган, томоохон салбарын холбоо шүү дээ. Энэ утгаараа Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтарсан тушаал гаргаж мастер тогооч шалгаруулах асуудлыг олон улсын жишигт нийцүүлж гаргахаар ажилласан байдаг. Энэ түүхэн хугацаандаа Монголд 284 тогоочийг мастер тогоочоор шалгаруулсан байгаа. Өнөөдөр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мастер тогооч байна. Ер нь мастер тогооч бол өөрөө технологич, бараа судлагч байх ёстой. Хоол үйлдвэрлэлийг сонгодог утгаар нь хийдэг байх ёстой. Энэ шалгуур сүүлийн үед жаахан алдагдсан байна. Энэ шалгуурыг өндөр түвшинд дахин тавих ёстой. Олон улсын жишигт хүргэх ёстой. Ингэж байж бид мастер тогоочдоороо дамжуулан олон улсад хоол урлал, өөрсдийн бүтээгдхүүнийг дэлхийд таниулах, цаашлаад Монгол улсын сурталчилгааны ажлыг үүгээр дамжуулж хийнэ. Энэ бол хүссэн хүсээгүй тогоочдын холбооны дэргэд байх үндсэн салбар гэж ойлгож болно.
-Мастер тогоочийн болзол хангахад ямар шалгууртай байдаг вэ, ажилласан жилээс хамаарах уу?
-Үүнд хугацаа бол бид шаардахгүй. Мэргэжлийн ур чадварын л асуудал байгаа. Мастер тогооч гэдэг нь шагнал биш гэж ойлгох хэрэгтэй. Ерөөсөө л мэргэжил. Тэр хүний мэргэжилдээ хандаж байгаа ур чадвар, мэдлэг, мэргэшил нөгөө талдаа маш их ёс зүйн асуудлыг бид шаардах ёстой. Мастер тогооч шалгаруулж байгаа журмаа ч бас бид эргэж харах хэрэгтэй болж байна. Үүнийг яамтай хамтарч ярина гэж бодож байна. Мастер тогоочийн шалгуурийг өндөрт тавихаас өөр аргагүй.
-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, түүний хор уршигыг иргэд сайн мэддэггүй юм шиг санагддаг. Үүнд тавьдаг журам гэж бий юу, энэ тухай ярилцвал?
-Яг энэ салбарыг хариуцаж ажиллаж байсан хүний хувьд би 2014 онд зоригтой дуугарч байсан. Харамсалтай нь манай төрийн зарим дээд тушаалтнуудын буруу зөрүү ойлголтоос болж миний явуулах гэж байсан ажлыг зогсоож байсан. Тухайлбал Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Магнай МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Батмөнх нар тухайн үед миний ажлыг зогсоолгож байсан л даа. Үүний тухай бол өнөөдөр хүссэн хүсээгүй дуугархаас өөр арга байхгүй. Саяхан би сонссон. Манай мэргэжлийн хяналтын байцаагч зөв юм дуугарч байна лээ. Юу гэхлээр хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгүүдийн хоолонд хиаман бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэж. Учир нь хиаманд хамгийн муу чанарын махыг хэрэглэдэг. Түүнийг амттай болгохын тулд хүнсний янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн хийдэг. Үүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг олон нарийн зүйл бий. Мөн сүүнд, тарганд ялгаагүй гашилгахгүйн тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хятад улсад байгаа Миламин гэдэг асуудлыг бид мартаагүй л байна. Би “Сүү” компанийг таван өдөр хааж байсан. Сүү компани миламинтай сүү үйлдвэрлэж хүүхдийн “Үдийнцай хөтөлбөр”-т өгч байсныг илрүүлээд хааж байсан юм. Гэтэл төрийн эрх мэдэлтнүүдийн нөлөөнд ороод л зогсоосон. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бид онцгойлон ярихаас өөр аргагүй цаг болсон. Үүнийг бол би жагсаалтаар нь ярьж чадна. Ихэнх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хулгайгаар орж ирдэг. Ийм л байдал байсаар байна. Үүнд бол манай холбоо дуу хоолойгоо гаргаж ажиллана.
-Франц тогооч нарын хоолыг Юнескогийн “Дэлхийн биет бус өв”-д оруулсан байдаг. Монгол хоолыг бүртгүүлэх боломж байна уу?
- Би бол боломж бий гэж бодож байгаа. Монголд өөрийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд бий. Бид түүнийгээ зайлшгүй гаргаж ирж тавих ёстой. Юнескод биш юм аа гэхэд олон улсад таниулах юмаа хийх ёстой. Магадгүй түүгээр дамжуулж дэлхийн аялал жуулчлалыг татах, Монголын хорхог гэдэг юм уу, тэр хоолыг амтлаж үзэх юмсан гэдэгт хүргэх зүйлийг Монголчууд хийх ёстой. Үүнд төрийн бодлого ч давхар явагдах ёстой.
-Парис хотоос улбаатай “Ле Гордон Блью” гэж тогооч нарын мөрөөдлийн сургууль байдаг гэх юм. Энэ мэт томоохон сургуульд Монгол тогооч нарыг төгсгөдөг болчихвол?
- Манай холбоо “Дэлхийн тогооч нарын холбоо”-нд Монголоо төлөөлсөн ганц холбоо нь шүү дээ. Манай холбоотой бүх талаар харилцаж байгаа. Бид сүүлийн үед Дэлхийн тогооч нарын холбоотой холбогдож байна. Яг энэ асуудлаар бид ярьсан. 2016 онд Турк Улсад “Дэлхийн тогооч нарын холбооны их хурал болно. Үүнд миний бие төлөлөөлөгчөөр оролцох урилгыг аваад байна. Тус хуралд бид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гэж бодож байна. Дэлхийд гарахын тулд таны хэлсэн “Мөрөөдлийн сургууль” гэх мэт томоохон сургуулиудтай тус үеэр холбоо тогтоох зорилго байгаа. Тус хуралд оролцох ажлыг одооноос бэлдэж байна. Энэхүү хурлын үеэр Монголын тогооч нарын асуудлыг Дэлхийн хэмжээнд гаргаж тавих цаг болсон гэж бодож байна.
Г.Нэргүй
URL: