Есөн есийн хүйтнийг давах нь эхний алхам

Бид энэ жилийн хамгийн урт шөнийг үдлээ. Өнөөдрөөс өдөр уртасч, цаг нар наашилна. Цаг наашлавч өвлийн сар дуусах яагаа ч үгүй, их хүйтэн эхэлж байна. Хот, хөдөөд цасны зузаан өдөр хоногоор нэмэгдэж, Идэр,Тэс, Дархадын хотгор зэрэг голын сав хөндийгөөр шөнөдөө 40 хэм гарч хүйтрэн, олон аймаг, суманд цаг хүндэрлээ.

Онцгой байдлынхан орон нутгаар явж цаг улирал, өвөлжилтийн байдлыг тодорхойлж, тандаж буй энэ өдрүүдэд ес эхэлсэн ч эхний нэг, хоёр өдөр хүйтний эрч сулавтар тогтуун байх нь. “Гунын эвэр хугармаар гурван есийн хүйтэн”-ийг ажралгүй өнгөрөөвөл их хүйтнийг давах эхний алхам тэр билээ. Жилийн өнгийг шинжээчдийнхээр галзууруулагч хэмээх хонь жил нэг их хатуурхахгүй, зөөлөн сайхан байх төлөвтэй.
Өнгөрсөн зун, намар зарим аймаг, суманд гандуу байснаас өвс, хадлан тэжээлийг хангалттай сайн бэлтгээгүйг бодохоор идэр гурван есийг ажралгүй давсан ч ирэх хаврын хавсарга, шуурга хөр цасыг хэрхэн давж туулахаа эртээс бодож төлөвлөхгүй байхын аргагүй. “Довын толгой борлож, долоон ес дуусах” -ын алдад өдөр уртасч, нар наашлавч хаврын хатуу өдрүүд үргэлжилдэг.
Ес шувтрахаас өмнө хаврын урт шаргал өдрүүд, богино шөнөтэй уралдан малчны хотод төлийн дуу цангинан, хөдөөд их ажил өрнөнө. Есөн есийн тоололтой хүйтэн өвлийг давж, үржин төлжихийн бэлгэдэлтэй хаврыг гарз хохиролгүй давах нь монгол түмний баяр бахархал тэр билээ.Н.Бөхдамбий


URL:

Сэтгэгдэл бичих