Тэд ч бас сурах, хөгжих эрхтэй

12-23-7_700x700

Өнгөрсөн даваа гаригт Нээлттэй нийгэм форум, Тэгш хамруулах боловсролын сүлжээ байгууллага  хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол”-2015 форумыг амжилттай зохион байгууллаа. Хуралд төрийн гэхээс илүү төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцжээ. “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Бүх нийтийн бо­ловсролын төлөө” иргэний  нийгмийн байгууллага, “Сонсголгүй боловсрол” ТББ, Сонсголын бэрх­шээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо, “Тэгш эрх хөгжил төв”, “Гэгээн мандал” зэрэг ТББ, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Форумд оролцогчид энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, боловсролоор дамжуулан тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, чанартай  боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт адилхан хүргэх тухай хэлэлцсэн юм. Уг арга хэмжээнд гадаад, дотоодын судлаачид оролцож, эхний тавьсан илтгэлүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж хэн болох”, Тэгш  хамруулан сургах” тухай  тодорхой тайлбарласан учраас форумын үйл ажиллагаа сонирхолтой өрнөсөн юм. Тухайлбал, судлаач Р.Будханд “Тэгш хамруулах боловсролын зарчим, үзэл баримтлал”, “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн захирал Ч.Ундрахбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэгш хамран сургалт” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан.

Тэгш хамруулан сургах гэдгийг манайхан янз бүрээр тайлбарладаг. Тэгвэл дээрх хоёр илтгэлд  “Тэгш хамруулан суралцах гэдгийг боловсролын хүртээмжээр хязгаарлан ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд элсэн орж, анги танхимд хичээл заалгаж байгаа нь тэгш хамруулах боловсрол болж чадахгүй. Мөн сургуульд элсэж орсон хойноо үргэлжлүүлэн суралцаж чадахгүй сургуулиас гарах, анги танхимд байгаа хэрнээ бусад хүүхдийн нэгэн адил сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чадахгүй байгаа нь тэгш хамруулан сургах үйл ажиллагаа хэрэгжихгүй байгаагийн илрэл юм” гэдгийг судлаачид онцолж байв. Мөн “Тэгш хамруулан сургах гэдэг нь ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг халан сурагчдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ чадвар, онцлог шинж чанар, сурах хүсэл эрмэлзлэлийг нь хүндэтгэн үзэж, бүх нийтэд чанартай боловсрол олгох үйл явцыг хэлнэ” гэдгийг албаныхан тодорхой тайлбарласан. Тиймээс форумд оролцогчид энэ удаа боловсролын салбарын бодлого, өнөөгийн багш бэлтгэх сургалтын тогтолцоо, багшийн заах арга зүй зэрэг боловсролыг тэгш, хүртээмжтэй олгоход саад болж буй бусад  асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд хаана, хэнтэй хэрхэн амьдарч буй талаар нэгдсэн тоо баримт өнөөг хүртэл байдаггүй.  Төрийн байгууллагуудаас гаргасан статистик мэдээллүүд ч өөр хоорондоо зөрүүтэй байгааг мэргэжилтнүүд энэ үеэр бас шүүмжлэв. Тухайлбал, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг зургаан тусгай сургууль байдаг ч эдгээр  сургуульд нийт 1700 орчим хүүхэд суралцдаг. 2010 оны улсын тооллогоор нийт 9500  орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэсэн судалгаа байгаа ч одоог хүртэл нэгдсэн тоо хэлэх боломжгүй байгааг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийн менежер О. Саранцэцэг илтгэлдээ дурьдаж байв.

БАГШ НАРЫН ДИЙЛЭНХ НЬ ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХААС ТАТГАЛЗДАГ

Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, тэгш хамруулан сургах талаар багагүй туршлага хуримтлуулсан байгууллага. Тус сургуулийн захирал Ч.Ганбилэг энгийн болон тусгай сургуульд ажиллаж буй багш нарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр сонирхолтой илтгэл тавьсан. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий бо­ловсролын энгийн ангид сургах асуудлаар багш нарын байр суурь янз бүр байдаг аж. Ихэнх багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ангидаа авч сургахдаа амжилттай сургаж чадна гэдэгт эргэлздэг. Энэ нь энгийн сургуульд ажиллаж буй багш  нарын хандлага, ойлголт, заах арга эзэмшсэн байдал, өөрт зааж сургаагүй ур чадвартай нь холбоотой гэдгийг  АНУ, Япон зэрэг гадны улс орнуудын туршлага дээр тулгуурлан  тайлбарлав. Хэдийгээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин бүрдээгүй, багш нар бэлтгэгдээгүй, багш нарт урамшуулал олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа багшийн ажлын үр дүнг дүгнэх механизм байхгүй байна. Үүнээс болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох, хөгжих  эрхээ бусад хүүхдийн адил эдлэх боломжгүй байна. Түүнчлэн  багшийн хөгжил тааруухан, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангамж  муу байдгаас болж, хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд  сурч, боловсрох эрх нь хязгаарлагдмал, гэрийн “хорио”-нд хэн нэгний асаргаа сувилгаан дор  идэвхитэй амьдарч байна гэдгийг форумд оролцогчид хэлж байв.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД СУРГУУЛЬ ЗАВСАРДАХ НЬ ИХ БАЙНА

Одоогоор Улаанбаатар хотод тусгай сургалтай зургаан сургуулийн дөрөв  нь оюуны бэрхшээлтэй, хоёр  нь сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүх­дүүдэд тусгай хөтөл­бөрийн дагуу сургалт явуулдаг. 1990 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулах бодлого нэвтрүүлсэн ч хэрэгжүүлэх тогтолцоо, төсөв, боловсон хүчин байхгүйгээс дунд, ахлах ангиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 15  хувь нь хамрагдаж, бусад нь сургууль завсардаж иржээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, сургуулийн бага ангид суралцдаг  гэсэн тойм  төдий судалгаа байна. Харин эдгээр судалгаанаас харахад сургуульд суралцдаг гэх хүүхдүүдийн тоон үзүүлэлт  буурсаар дунд, ахлах ангид байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 14 хувь болж буурдаг аж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах бо­ломж нас ахих бүрт ба­га­сч буйг харуулж байгаа хэрэг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд багшийг хөгжүүлэхээс эхлээд боловсролын салбарын тогтолцоонд зарим нэг шаардлагатай өөрчлөлтүүдийг яаралтай  хийх хэрэгтэйг албаныхан онцолж байсан юм. Энэ талаар зарим хүний сэтгэгдлийг сонслоо.

БАГШ ХӨГЖВӨЛ ХҮҮХЭД ХӨГЖИНӨ

12-23-7a1_700x700“Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв” ТББ-ын захирал Ч.Ундрахбаяр:

-Манай төв сүүлийн гурван сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах талаар судалгаа хийж байна. Судалгаанаас харахад, хууль эрх зүйн орчин бүрдэж эхэлжээ. Гэхдээ зарим шаардлагатай зүйл, заалтуудыг орхигдуулсан байна. Жишээ нь, энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад сургуулийн орчин, хүртээмж муу. Багшлах боловсон хүчин хангалтгүй байна. Багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад туслах багшаас эхлээд шаардагдах нэмэлт хэрэглэгдэхүүн бас хангалтгүй байна.

Мөн багшийн нэмэлт цалин, урамшуулал хэрэгжиж эхлээгүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд сурах орчин нөхцөл бүрдээгүйн илрэл. Иймд нэн түрүүнд багшийг дэмжих, хөгжүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй. Багш хөгжвөл, хүүхэд хөгжих  боломж бүрдэнэ.

ЭНГИЙН СУРГУУЛЬД ЗӨВЛӨХ БАГШ АЖИЛЛУУЛЖ БОЛНО

12-23-7a2_700x700Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд сургах, тэгш хамруулан суралцуулахад багшийн хөгжил, багшлах ур чадвар хамгийн чухал. Тиймээс энэ чиглэлээр судалгаа хийхэд энгийн сургуулийн ихэнх багш нар энэ асуудлыг дэмжихгүй байсан. Энэ нь багш нарын заах аргазүй, эзэмшсэн мэдлэг, ур чадвартай холбоотой юм. Мөн Нийслэлийн боловсролын газраас багш нарт чиглэсэн олон сургалт явуулдаг ч  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах талаар заадаггүй. Цаашид энэ чиглэлээр бас анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Энгийн сургуульд ажилладаг багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөв оношлох, зөв дэмжлэг үзүүлэхээс эхлээд мэдлэг, чадвар дутах зүйл байдаг. Тэгвэл тусгай сургуулийн багш нар энэ талаарх арга туршлагыг хангалттай хуримтлуулсан байдаг. Иймд мэргэжлийн зөвлөх багшийг орон тоогоор ажиллуулах, мэргэжлийн хүнтэй нь холбож өгөх зэрэг зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.

Б.Энхтуул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих