Домогт хорооны эмгэнэлт хувь заяа

1939 –оны 9 сарын дунд үе. Бүхэл бүтэн 4 сарын турш тасралтгүй зууралдан тулалдаж, тухай бүр гавъяа байгуулж байсан 8 –р дивизийн 22 –р морьт хороо байлдааны шинэ даалгавар авчээ. Тухайн үед Япончууд гол хүчээрээ Номунханы чигт дайрч байсан боловч, Монгол Зөвлөлтийн нэгдсэн хүчийг араас нь цохих зорилготойгоор Мана ууланд 2 дивиз цэргийн хүчин хуралдуулаад байжээ. Дэслэгч генерал Багданов Мана уулын районыг хамгаалуулахаар Бадарч даргатай 22 –р хороог илгээсэн нь энэхүү эмгэнэлт түүхийн оршил хэсэг юм. 22 –р хороо Мана ууланд 9 –р сарын 9 –ний шөнө маршлан ирж, өглөө нь ширүүн тулаан болсон байна.

Маш их хохирол үзсэн ширүүний тулаанаар дайсан 1000 орчим хүнээ алдсаны эцэст гал зогсоон ухарчээ. Хороон дарга Бадарч дайсан шөнөөр танкаар хүч нэмэгдүүлэн дайрах нь дамжиггүй гэж үзэн байрлал сэлгэжээ. Таамагласан ёсоор шөнө нь Мана уулын баруугаар олон гэрэл орж ирэхийг харсан цэргүүд дайсны танкны довтолгоо эхэллээ гэж үзэн гранатуудаа бэлтгэсэн боловч дайсан цөмөрч орж ирсэнгүй. 11 –ний өглөө харвал Япончууд амь үрэгдсэн цэргүүдийнхээ хүүрийг ачиж явсан байжээ.

Энэ мэт хориглон байлдсаар 13 –ний өдөртэй золгоход командлалаас дарга нар ирж дайны гал зогсон, хоёр тал эзэлсэн газар нутаг дээрээ үлдсэн тухай мэдээ сонсгоод хороон дарга Бадарч, комиссар Цэдэн-Иш, их бууны батарейн дарга гурвыг баривчлан авч явсан байна. Шалтгаан нь Нөмрөгийн голруу ухарч, Мана уулыг дайсанд найр тавьж өгсөн, шөнийн маневр хийх нэрээр 4 их буугаа намагт шигтгэн хаяж, Хувьсгалт улаан цэргийн хүчин чадлыг бууруулсан зэргээр Эх орноосоо урвасан ял тулган байцаажээ.

Олон хоног эрүү шүүлт тулган байцаасны эцэст гурвууланд нь буудан алах ял оноосон ч, бас амь гуйж өргөдөл бичих боломж олгосон байна. Бадарч дарга “Би амь гуйх гэм хийгээгүй, дөрвөн сар тасралтгүй байлдаж, дайсны мянга мянган сумыг сөрөөд үхээгүй юм. Одоо өөрийнхнийхөө ганц суманд үхвэл үхнэ биз. Яадаг ч байсан би амь гуйхгүй” хэмээн эрс хатуу байж, төрийн цаазаар хороогдсон бол эл түүхийг үнэн мөнөөр нь хүүрнэгч комиссар Цэдэн-Иш, их бууны батарейн дарга хоёр өргөдөл бичин амьд үлдэж, урвагч, эсэргүүгээрээ дуудуулан адлагдаж үлдсэн насаа дуусгах тавилантай байжээ.

Дайны эхний өдрүүдээс, сүүлийн өдрүүдийг хүртэл тасралтгүй байлдан олон цэрэг эрсээ алдаж, дайны галыг зогсоох гэрээнд гарын үсэг зурагдсаныг ч мэдэлгүй эзэлсэн газраа хамгаалан тулалдсан түүхт 22 –р хорооны зоригт дайчдад Монгол төр төмөр нүүрээ чин үнэнээр нь харуулжээ. Жил бүрийн ялалтын баяраар ахмад дайчид одон медалиа гялалзуулан алхаж явахад тус хорооны дайчид, гэртээ сууж, гал цусан дундуур туучиж амь үрэгдсэн ч, ганц тэмдэггүй мартагдсан нөхдөө элэг эмтрэн дурсаж суудаг болжээ. Тэд 22 –р хороонд алба хааж, эх орноо хамгаалан цусаа юүлж явсанаа хэлэхээс ч үнэхээр айдаг байж. Төрийн түмэн нүд үнэхээр буруу харж байснаа 60 жилийн дараа ойлгосон юм. Энэ хугацаанд тус хорооны дайчдаас харамсалтай нь хуруу дарам цөөн хүн үлдэж, домогт хороо, домогт даргынхаа нэр төрийг сэргэхэд дайны утаанд аргасан нүд нь чийгтсэн бизээ.


URL:

Нэр: монгол Огноо: 24 December 2015

Би амь гуйх гэм хийгээгүй, дөрвөн сар тасралтгүй байлдаж, дайсны мянга мянган сумыг сөрөөд үхээгүй юм. Одоо өөрийнхнийхөө ганц суманд үхвэл үхнэ биз. Яадаг ч байсан би амь гуйхгүй…. Тэр агуу их зориг, тэвчээрийг хүндэтгэн дурсая

Сэтгэгдэл бичих