СУИС-ийн багш оюутнуудаа Хятадад аваачиж хулхиджээ

СУИС-ийн цэнгээнт бүжгийн багш н.Ганбаяр өнгөрсөн зун 16 оюутанг Хятад руу авч яван жуулчны баазад цалин өгнө гэж гурван сар бүжиглүүлжээ. Ингэхдээ сургуулийн нэр барьж эцэг, эхчүүдтэй гэрээ хийсэн байна. 3 сар бүжиглээд сургалтын төлбөр болгож 2.4 сая төгрөг өгнө гэж. Оюутнууд Хятадад очоод банзан нааран дээр унтаж, хуурсан сонгино, бэлэн гоймонгоор хооллож, өглөө 8.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл бүжиглэж маш хүнд байдалд байсан байна.

Оюутнуудын дунд нэг гар утас өгсөн бөгөөд тэр нь бараг л Монгол руу холбогдох боломжгүй. Хариуцаж авч явсан СУИС-ийн багш эцэг, эхчүүдэд “Хүүхдүүд сайн байгаа. Би ойр ойрхон очиж байгаа” гэж ярьдаг байж. Ганбаяр гэх тэр багш оюутнууд дээр цөөхөн удаа очсон бөгөөд “Багшаа буцъя. Энд хоол унд, ажиллах орчин маш хүнд байна. Хятадууд дээрэлхэж байна” гэхэд нь “Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног” гэсээр 9-р сарын 01 хүргэсэн байна. Улмаар хичээл эхэлснээс нилээд хугацааны хойно Монголдоо ирж. Гэвч энэ явдлыг сургуулийн захиргаа нь мэдээгүй байсан бөгөөд оюутнуудыг тасалснаар тооцон, одоогоор ”Шалгалтад оруулахгүй. Төлбөрөө хийхгүй бол төгсгөхгүй, Жилийн чөлөө өгнө” гэж байгаа аж.

Харин Ганбаяр гэгч одоогоор ажлаа хийхгүй байгаа бөгөөд хүүхдүүдэд өгөх 2.4 сая төгрөгөөс нэг хүүхдэд 700 мянга орчим төгрөг өгөөд “Би Хятадуудад хулхидуулчихсан. Холбогдож чадахгүй байна. Та нарын мөнгийг өгч чадахгүй” гээд утсаа ч авахгүй сураггүй алга болжээ.

Бид энэ асуудлаар СУИС-ийн захиргаанаас тодруулахад ийм зүйл болсон нь үнэн. Гэхдээ сургуулийн захиргаанаас албан ёсоор шийдвэр гаргаагүй байгаа. Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Үүнд тус сургуулийн захиргаа хариуцлагатай хандаж оюутнуудынхаа эрх ашгийг бодолцож үзэх биз ээ. Ямартай ч ийм нэгэн зальхай багшийн гайгаар оюутнууд хохирч үлдэх ёсгүй.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих