”Давхар дээл”-ийн дараагийн анги буюу Цэцийн гишүүдийн насны хязгаар

temujin

-Ж.АМАРСАНАА: ДЭЛХИЙН ЖИШГЭЭР БОЛ ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ НАС 70 БАЙХ ЁСТОЙ-

Н.Алтанхуягийг Ерөн-хий сайд, Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад Ерөнхийлөгчийн санаачил-сан нэгэн төслийг УИХ дахь АН-ын бүлэг удтал хэлэлцээд унагаж байлаа. Тэр нь Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт буюу олны нэрлэснээр сайд нарын “давхар дээл”-ийг тайлуулах тухай төсөл л дөө.

Хэрэв тэр төслийг УИХ хууль болгон баталбал Засгийн газар автоматаар огцорно гэж АН-ынхан үзсэн юм. Санаж байвал нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг л тэр үед болсон байдаг. Засгийн газрыг шууд огцруулж чадахгүйгээс хойш “давхар дээл” тайлуулах замаар унагах улс төр Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн хачир болчихсон юм. Тиймээс л тухайн үед АН-ын бүлгийг даргалж байсан одоогийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Ямар нэгэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулж болохгүй” гэж хэлсэн нь бий.

Тэгвэл “давхар дээл”-ийн дараагийн анги өчигдрөөс олон нийтэд хүрч эхэллээ. Энэ нь Цэцийн гишүүдийн насны хязгаар буюу Үндсэн хуулийн шүүхийг өөрчлөх сонирхол юм. УИХ-аас зур­гаан жилийн хугацаатай томи­логддог, халдашгүй эрхтэй Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг шууд огцруулах боломжгүй учраас “Цэцийн гишүүдийн насны хязгаар” гэсэн заалтаар өөрчлөх улс төр эхэлж байх шиг. Санаачлагч нь “давхар дээл”-тэй сайд байсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин.

Үйл явдал ингэж эхэлсэн юм. Үндсэн хуулийн Цэ­цийн тухай болон Цэцэд мар­гаан хянан шийдвэрлэх ажил­лагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдсан нь өнгөрсөн зургадугаар сар. Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ хэлэлцэхийг нь дэмж­чихсэн, одоо парламентын хэлэл­цүүлэгт байгаа энэ төс­лөөр бол Цэцийн гишүүдийн насны хязгаарыг 70 гэж тавьсан байдаг. Гэтэл хуулийн төслийн энэ агуулга бүдгэрч, хуулийн хэлэлцүүлэг ч УИХ дээр таг гацчихсан. Харин зургаан сарын дараа яг тэр хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл УИХ-д орж ирсэн нь Х.Тэмүүжин гишүүний санаа­чилга байлаа. Бас энэхүү са­наачилга нь ардаасаа аль хэдийнэ хар дагуулаад эхэлснийг тодотгоё. Юу гэвэл, төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороон дээр өчигдөр ярих үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэцийн гишүүдийн насыг хязгаарлана гэсэн нь одоогийн Цэцийн бүрэлдэхүүнийг өөрчлөх гэсэн тооцоо явж байна. Яаруу давчуу өргөн бариад Засгийн газраар дэмжүүлээд ороод ирсэн юм чинь цаана нь заавал нэг тооцоо байж таарна” гэжээ. Үнэхээр ч түүний хардалт үндэслэлтэй.

Нэгд, Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг УИХ хав дарчихсан гэдгийг дээр өгүүлсэн. Хоёрт, УИХ-д хууль өргөн мэдүүлдэг, улмаар хэлэлцдэг процедуртай харь­цуулахад Х.Тэмүүжингийн төсөл “гэрлийн хурд”-аар явж байна. Тэрээр энэ төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн өдөр нь энэ сарын 10 аж. Хуулийн төсөлд нь санал өгөхийн тулд Засгийн газар өнгөрсөн пүрэв гаригт ээлжит бус хуралдаан зарлаж, дэмжиж буйгаа илэрхийлжээ. Долоо хоног бүрийн даваа гаригт л тогтсон цагт хуралддаг гүйцэтгэх засаглал ийнхүү Х.Тэмүүжин гишүүний са­наа­чилсан төсөлд санал өгөхийн тулд ээлжит бус хуралдаан зарласан байна. Үүгээр зогсохгүй санал авсан өдрийнхөө маргааш нь буюу өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн барьсан төслийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ярилцаад энэ долоо хоногийн Байнгын хорооны хуваарьт суулгасан байна. Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн дэндүү хурдан биш гэж үү. Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд өглөө нь хуулийн төслөө өргөн бариад тэр өдрөө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр дэмжүүлээд, дараа­гийн долоо хоногоос нь шууд хэлэлцүүлж, дэмжүүлсэн түүх бараг л байхгүй болов уу. Учир нь, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дараагийн долоо хоногт хэлэлцэх төс­лүүдийнхээ дарааллыг тог­тоохдоо яаралтай хэлэлцэх шаардлагатай, өмнө нь хэлэл­цэж байсан, өргөн бариад удаж байгаа төслүүдээсээ эхэлж сонгодог. Харин цөөхөн хэдэн тохиолдолд батлах ёстой цаг хугацаа нь тулчихсан, эдийн засаг, санхүүгийн байдалтай холбоотойгоор нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийг л ийм яаралтай дэгээр хэлэлцдэг. Гэтэл энэ бүх шалтгааны алинд нь ч хамаарахгүй Х.Тэмүүжин гишүүний хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлж байгаа нь нэг талаас анхаарал татаж, нөгөө талдаа хар дагуулж байна. Түүнчлэн уг хуулийн төслүүдэд анхаарал татахаар хэд хэдэн заалт оржээ. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлийн дөрөвт “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж заажээ. Үүгээр бол эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарна гэсэн үг. Хэрэв энэ заалт хууль болон батлагдах юм бол одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж буй есөн гишүүний долоогийнх нь (Ж.Амарсанаа 62, Н.Жанцан 67, П.Очирбат 73, Т.Лхагваа 65, Д.Наранчимэг 59, Д.Солонго 55, Ш.Цогтоо 61) нас тэтгэврийн наснаас хэтэрсэн учраас ажлаасаа автоматаар чөлөөлөгдөх нь. “Давхар дээл”-ийн хуулиас ялгаатай нь УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзвал сайдаараа үлдэж болох байсан бол Цэцийн гишүүд насаа л дардаггүй юм бол чөлөөлөгдөхөөс өөр аргагүйд хүрэх юм. Харин Цэцийн есөн гишүүнээс 59 настай Д.Сугар 2016 онд тохиох төрсөн өдрөө хүртэл ажилтайгаа үлдэх аж. Уг нь түүний бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусах ёстой юм. Тиймээс хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх магадлалтай гэсэн үг. Харин хамгийн залуу гишүүн болох 48 настай Д.Ганзоригт энэ заалт үйлчлэхгүй нь. Цэцийн гишүүнээр ажиллах насны хязгаарыг ийнхүү зааж өгснөөс гадна бүрэн эрхийн хугацааг нь нэг удаа сунгаж болно гэж заажээ. Тиймээс Цэцийн гишүүнээр 2013 онд анх удаа томилогдсон Д.Ганзоригийн хувьд 2025 он хүртэл ажиллах боломж ч нээлттэй байна.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Цэцийн гишүүнээр ажиллах насны дээд хязгаарыг 70 гэж заасан. Тулгын гурван чулуу шиг хамтарч ажиллахаа амлан гаргаж ирсэн Ерөнхийлөгчөөсөө өөр бодлого баримтлах шалтгаан АН-ынханд юу байв. Үүний шалтгааныг АН-аас хайвал, Цэцийн гишүүдийг сонгуулиас өмнө хуулийн дагуу солих арга сэдсэн байж болох юм. УИХ-ын баталсан хуулийг унагаад байгаа голдуу МАН-ын угшилтай гишүүдийг Цэцээс чөлөөлье гэж бодсон байж болох. Эсвэл ердөө л эрх ашигтаа нийцсэн хүмүүсийг оруулъя гэж бодож ч болох. Ер нь бол энэ талын олон хувилбар дэвшүүлж болох юм. Өнгөц харахад л сонгуулийн өмнө хоёр том нам нэр дэвших сонирхолтой гишүүдийнхээ эрх ашгийг хангах гэж зовдог нь нууц биш. Энэ зовлонгоо нимгэлэхээр сонгуулиас өм­нө зарим гишүүдээ Элчин сайд болон хуулиар заасан хуга­цаатай томоохон албан ту­­шаалуудад томилдог. Үүнийг улс төрийн хүрээнд “дэв­­­шүүлэн зайлуулах” гэж нэр­лэдэг. АН олонхийг бүр­дүүлэн эрх барьж байгаагаа ашиглан Цэцийн гишүүдийг тэтгэвэрт гаргаад оронд нь өөрийн хүмүүсээ томилох гэж байхыг үгүйсгэхгүй. Уг нь, дэлхийн бусад улс оронд оюун санаа болоод бие махбодийн хувьд ажлаа хийх чадвартай л бол 80, 90 настай ч хамаагүй ахмад, туршлагатай хүмүүсийг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллуулдаг гэдгийг мэргэжлийн хуульчид хэлж байна. Тэдний тайлбарлаж байгаагаар бол насны хязгаар бус мэргэжлийн ёс зүйгээ ухам­сарласан, хүний эрх, шу­дарга ёсыг эрхэмлэдэг, бус­дын нөлөөнд автахгүй, бие даан шийдвэр гаргах чадвар суусан туршлага нь чухал юм байна. Тиймээс Цэ­цийн гишүүдэд насаар нь бус мэргэжил, мэдлэгээр нь шаардлага тавих ёстой ажээ. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа хүмүүс бүгд мэргэжлийн хуульч биш. Ерөнхийлөгч зөвхөн мэргэжлийн хуульч ажиллах ёстой гэж үзэн хуу­лийн төслийнхөө хууль зүйн мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан хүнийг Цэцийн гишүүнээр ажиллуулна гэ­сэн заалт оруулжээ. Харин Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан төсөлд “Цэцийн ги­шүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн” гэж заажээ. Ажиллах насыг нь тоогоор хязгаарласнаас бус ажилласан туршлагыг нь тоон үзүүлэлтээр заагаагүй байна. Үндсэн хуулийн Цэцийн ги­шүүдийн насны хязгаарыг ингэж хуульчлахаар төлөвлөж байгаа талаар одоо ажиллаж буй Цэцийн гишүүд ямар байр суурьтай байгаа нь сонин. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөн­хийлөгчийн өргөн барьсан хуу­лийн төслийг хэлэлцэх үед (2015.06.16) Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа “Өнөөдөр 25 нас хүрсэн бол УИХ-ын гишүүн, шүүгч болдог. Харин 40 нас хүрч байж Цэцийн гишүүн болдог. Дэлхийн жишиг 60-70 нас руу явж байна. Тиймээс дэлхийн жишигт ойр­туулъя гэж байгаа юм” гэж байр сууриа илэрхийлж байжээ.

Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлд туссан бас нэг содон заалт бол уг төслийн гуравдугаар зүйлийн зургаа буюу “Цэц маргааныг дахин хянан үзэж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ” гэдэг заалт. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол Цэцийн гишүүд дунд болон их суудлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ ердийн олонхийн саналаар шийддэг. Тодруулбал, дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүний гурав, их суудлын хуралдаанд есөн гишүүнийхээ тавын саналаар шийдвэр гаргадаг гэсэн үг. Гэтэл үүнийг өөрчилж бүх тохиолдолд гуравын хоёрын саналаар шийдвэр гаргадаг болгохоор хуульчлах гэж байна. Энэ нь сүүлийн үед УИХ-аас баталсан хууль бусад шийдвэрүүд нь Цэцийн босго давалгүй унах тохиолдол олон гарч байгаатай холбоотой бололтой. Үндсэн хуулийн цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд ийнхүү өөрчлөлт оруулах шалтгааныг дээр АН-аас хайсан бол энэ удаад хууль санаачлагч Х.Тэмүүжин гишүүнээс ч хайж болох юм. Учир, түүний нэрээр овоглогддог, “Тэмүүжингийн” гэгддэг хууль зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан бараг бүх хуулийг Цэц Үндсэн хуультай зөрчилдсөн гэж дүгнэлт гаргаж байсан аж.

Тодруулбал,
2013.10.09-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт,
2013.11.13-нд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт,
2013.12.18-нд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн тав дахь хэсэг,
2014.01.15-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг,
2014.03.12-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг,
2014.12.10-нд Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийн зарим заалт,
2015.3.11-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт,
2015.04.15-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг,
2015.04.29-нд Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт,
2015.05.13-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт,
2015.05.27-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт
2015.06.03-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт тус тус Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг дүгнэсэн юм.

Үндсэн хуулийн Цэц энэ мэтээр өөрийнх нь хийсэн шинэчлэлд муу дүн тавьсан учраас Х.Тэмүүжин гишүүн одоо ажиллаж буй Цэцийн гишүүдэд таагүй ханддаг. Тиймээс ч “Цэц бол улстөрчдийн морг” гэж хэлсэн байж мэдэх юм. Гэхдээ энэ бол өнгөц л дүгнэлт. Харин түүний өргөн барьсан төсөл бол “Давхар дээл”-ийн дараагийн ангиас ялгаа алга. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг дээ. “Ямар нэгэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулж болохгүй” гэдэг шиг “Ямар нэгэн хуулийн өөрчлөлтөөр Цэцийн гишүүдийг чөлөөлж болохгүй” л баймаар юм.

С.ШИЙЛЭГТӨМӨР

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих