Х.Булгантуяа: Эрх баригчид хар машинд итгээд байгаад гайхаж байна

МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь улс төрийн намуудад хамаатай мэтээр ард иргэд ойлгоод байна. Энэ бол буруу. Монголын ард түмэнд сонгох, сонгогдох эрх тэмцлийн үр дүнд ирсэн. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол ард иргэд энэхүү эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ” гэсэн байр суурийг илэрхийлэв.

-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 21 хүчин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээн бойкот үзүүлж байна. Энэ хуулийг өөрчлөх шалтгаан, гол үндэслэл нь юу юм бэ?

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөвхөн улс төрийн намуудад хамаатай мэтээр ард иргэд ойлгоод байна. Энэ бол буруу. Монголын ард түмэнд сонгох, сонгогдох эрх ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр гаднын нөлөөлөлд өртөх бүрэн боломжтой автомат машинаар сонгуулийн дүнг тооцно гэж байгаа нь ард иргэдийн энэхүү эрхэнд нь халдаж байгаа хэрэг. Өнөөдөр дэлхийн 40 гаруй улс автомат санал тооллогын машин ашиглаж байсан бол өндөр хөгжилтэй Норвеги, Англи, Герман, Нидерланд зэрэг 10 гаруй улс энэ технологийг ашиглахаас татгалзаж гараар тоолох болсон байна. Хүн амын хувьд Монгол улсаас долоо дахин их Австрали улс ч гараар тоолж байна. Тус улсаас автомат машинаас татгалзах болсон шалтгаан нь мөн л хардлагатай холбоотой. Зардлын хувьд ч долоо дахин үнэтэй тусдаг. Сонгуулийн санал тоолох автомат машиныг хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд тоосонд дарагдаад хадгалагдаж байна. Магадгүй дөрвөн жилийн дараа гэхэд энэхүү санал тоолох автомат машиныг ашиглахад хэцүү болох байх. Хоёрдугаарт, ардчилсан сонгуулийг хардалт багатайгаар явуулахын тулд санал тоолох автомат машинаас татгалзах, эсвэл давхар 100 хувь гар тооллого хийж баталгаажуулах нь зүйтэй.

Монгол Улс яагаад хоёр сая хүрэхгүй сонгогчдын саналыг гараар тоолж чадахгүй байгаа юм бэ. УИХ-ын сонгууль дөрвөн жилд ганцхан удаа болдог. Улс төрийн намууд өөрсдийн сонгогдох эрхээ ярьсан зүйл биш. Ард түмний төлөөлөл гэж суугаа УИХ-ын гишүүд ард түмнээ сонсохгүй өөрсдөдөө ээлтэй бодлого гаргаж иргэд, сонгогчдын эрхэнд халдаж байна. Монголын ард түмэнд Ардчилсан нам засаглаж байх үед ардчилал үгүй болж байна гэж дүгнэж байна.

-Гэхдээ энэ хуулийн автор нь МАН биз дээ. УИХ-д МАН олонх байхад энэ хууль батлагдсан. Санал тооллогын машин ч танай нам олонх байх үедээ шийдэгдсэн зүйл шүү дээ. Магадгүй МАН 2012, 2013 оны ялагдлаа санал тоолох автомат машинтай холбон үзэж байгаа хэрэг үү?

-МАН зөвхөн санал тоолох автомат машин руу алдаагаа чихсэн зүйл байхгүй. Санал тоолох автомат машинд ард түмэн итгэхгүй байна. Ил тод, шударга биш гэж үзэж байна гэдгийг л хэлж байна. Сонгуулийн үйл явцад ард түмэн итгэхгүй байгаа учир төр засагтаа итгэх итгэл нь буурч байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 21 хүчин шударга сонгууль явуулахын төлөө тэмцэж бухимдаж жагсаж байна. Ардчилсан нам энэ хуульд өөрчлөлт оруулахад ардчиллын гол зарчим болох оролцоог хангах, нээлттэй, ил тод байх зэргийг огт ойшоосонгүй. 21 намын төлөөлөл багтсан Ажлын хэсэг сар гаруй хугацаанд ажиллаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, хэлэлцсэнгүй. Энэхүү  Ажлын хэсэгт өөрсдийг нь буюу эрх баригчдыг олон удаа урьсан ч ирээгүй. Гадаадаас зочид төлөөлөгчид ирэхээр Монгол Улс ардчилсан улс, олон намын системтэй гэж 20 гаруй намаа зааж харуулчихаад харин тэдний санал бодлыг гол бодлого шийдвэртээ огт тусгадаггүй ийм л дүр эсгэсэн ардчилал бий болсон байна. Сонгуулийн тогтолцооны хувьд иргэд, сонгогчид намын жагсаалтын 28-ыг хүлээж авахад бэлэн биш байж. Ард түмэн хүртэл ажлаа тайлагнадаг, ирж бидний амьдралын хөрсөн дээр буудаг хүнийг сонгох хэрэгтэй байсан хэмээн ярьж байна. МАН-ын зүгээс сонгуулийн хардлага, сэрдлэгийг багасгах үүднээс 100 хувь гар тооллого хийж хар машины дүнг баталгаажуулья, тоолох явцыг олон нийтэд болгохыг хүссэн.

-МАН 2011 онд гаргасан алдаагаа ухамсарласан гэж ойлгох уу?

-Нэгдүгээрт, алдаа дутагдалтай зүйл их байсан байна. Хоёрдугаарт, нийгэм болон улс төрийн намууд үүнд бэлэн биш байсан нь харагдаж байна. Санал тоолох автомат машин зөв ажиллаж байгаад хэн ч хяналт тавьж чадахгүй байна.

-Автомат машины дүнд эргэлзэх юм байхгүй гэдгийг АН олон удаа мэдэгдсэн. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хяналтын тооллого хүртэл хийсэн биз дээ?

-Эрх баригчид эргэлзээ байхгүй хэмээн ярьж байгаа бол яагаад гараар тоолохыг ингэж их эсэргүүцээд байгаа юм. Ийм учраас бидэнд хардлага төрж байна. 2012 оны сонгуулийн дараа хардлага төрөх олон үйл явц болсон шүү дээ. Архангай аймагт сонгуулийн өмнөх өдрийн орой, дараа өдрийн өглөө саналын хуудас уншуулсан хуудас хар машинаас гарч ирсэн. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 400 гаруй хүний санал хаашаа өгсөн нь тодорхойгүй, хүчингүй ч болоогүй алга болсон. СЕХ-нд өргөдөл гаргасан ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Үүнээс гадна манай намаас сонгуулийн хэсгийн хороодод улс төрийн намуудын төлөөллийг оруулж хяналтын механизмыг сайжруулах ёстой хэмээн үзэж байгаа.

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахад гурван хоногийн хугацаа үлдлээ. Хуульд өөрчлөлт оруулж амжих уу?

-Өөрчлөлт оруулж чадна гэж хэлэхэд хэцүү л байна. Эрх баригчид томоохон хуулиуд болох Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг нь цагийг нь тулгаж хэлэлцэх гэж оролдох юм. Өөрөөр хэлбэл, төрийн ажилд хариуцлагагүй хандаж байна. Уг нь 2014 онд МАН шийдлийн Засгийн газарт хамтран ажиллахдаа гэрээнд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байсан. Гэвч энэхүү заалт хэрэгжээгүй. Хэрэв хуучин хуулиараа ирэх оны сонгуулийг явуулахад хүрвэл эрх баригчдад итгэх ард түмний итгэл улам буурна. Мөн дараагийн парламентаас гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдэд итгэх итгэл нь ч буурна гэсэн үг. Эрх баригчид санал тоолох автомат машиндаа л итгэж ялах гэж зүтгэж байна гэж иргэд харж дүгнэж байна. Цагаан сар, Улсын баяр наадам дөхүүлээд олон чанаргүй хууль баталдаг. Эрх баригчид энэ тогтолцоо руугаа явж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн пүрэв гарагт танай намын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтаар ямар асуудлын талаар хэлэлцсэн бэ?

-УИХ дахь нам, эвслийн бүлгүүд бүгдээрээ Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж завдаж байна. Эрх баригчид засаглалын хямрал нүүрлэж байгаа учир зарим хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээн үзэж байна. Гэтэл засаглалын хямрал руу түлхсэн ийм хуулиудыг эцсийн мөчид өргөн мэдүүлж, шинжлэх ухаанч биш, хаалттай, хүч түрсэн байдлаар хэлэлцэх гэж байгаа нь ардчиллын бүх зарчмаас хазайж буй хэрэг. Үүнд манай намын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн. Мөн санал тоолох автомат машиныг ганцхан МАН эсэргүүцсэн зүйл байхгүй. Монгол орныг гурван удаа тойрон иргэд сонгогчидтой уулзахад санал тоолох автомат машиныг эсэргүүцэж байна. Үүнийг Ерөнхийлөгчид дуулгасан.


URL:

Нэр: he Огноо: 23 December 2015

yadgiin bol?

Нэр: Kkkk Огноо: 23 December 2015

Bas neg sumtai huuhen nemegdej dee. Tanai nam turiin erh barij baihdaa songuuliig naad har mashin gedeg yumaar yavuulj ehelsen yum. MAN-iinhan songuulid yalagdsanaasaa hoish uhaan sanaa ni orj garaad, baahan uimeldsen baagiinuud boljee dee. Yaana daa.

Нэр: l Огноо: 23 December 2015

mashin um avahgui dulii tsereg

Нэр: зочин Огноо: 23 December 2015

Таван залуугийн амь насыг МАН -аас асуух хэрэгтэйг та бүү март 500 залуугийн амь насаар тоглох чинь дутаад байна уу ? Чадах юм бол гар тоож баталгаажуулахийг төлбөртөй болго Гомдол гаргасан намын хардалт баталгаажвал сонгуулийн хороо эс баталгаажвал тухайн нам төлбөрөө гарга Нам гомдол гаргахдаа гомдол тус бүрээр 200 сая ,хувиар нэр дэвшигч бол 100 сая төрийн дансанд байршуул Эдийн засгийн хариуцлага бол хамгийн сонгодог хариуцлага Ийм тодорхой санал гаргах хэрэгтэй Хусмаа голсон хүүхэд шиг ааш 90 жилийн түүхтэй гэж онгирдог намаас гарах ааш биш шүү Хадны мангаагаар айлгаад байгаа юм шиг Өөрсдөө санаачилчихаад ,өөрсдөө олонхоор баталчихаад Аль эсвэл удирдлага нь тархины сулдаатай болчихсон юм уу

Сэтгэгдэл бичих