СХД-ийн Засаг дарга Ц.Болд шүүгч эгчийнхээ ачаар суллагджээ

-ТҮҮНИЙГ ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ АШИГЛАН ТӨСВӨӨС 300 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭЖ БУРУУТГАЖ БАЙНА-

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг төсвийн хөрөнгө шамшигдуулсан гэх хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газар болон Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран илрүүлжээ. Тэрбээр  хуурамч бичиг баримт үйлдэн олон удаа төсвөөс мөнгө завшсан гэнэ. Ингэхдээ Нийслэлийн захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг энэ хэрэгтээ татан оролцуулжээ. Б.Дэлгэрбаяр нь удирдлага доорх дөрвөн хүнтэйгээ хамтран, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдын хүссэн мөнгийг гаргаж өгч байсан аж.

Тухайлбал, БНХАУ-аас цас хайлуулах бодис хэмээн оруулж ирж төсвийн хөрөнгөөс нэг авахдаа, 20-30 сая төгрөгийг гаргуулдаг байсан нь баримтаар тогтоогджээ. Гэхдээ тэр цас хайлуулдаг гэх бодис үнэн чанартаа орж ирсэн эсэхийг албаны хүмүүс мэдэхгүй байгаа гэнэ. Учир нь ганц л удаа ийм бодис орж ирснийг  тухайн үед Тохижилт үйлчилгээний компаниудаар тарааж байсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр энэ бодис сүүлдээ зөвхөн мөнгө авахын тулд цаасан дээр бичигддэг нэр байсан байж болохыг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.

ЦАС, МӨСНӨӨС ГАРГАСАН АШИГ

Мөн мөнгө гаргуулж авсан баримт бичиг нь хуурамч болохыг хуулийнхан тогтоогоод байна. Иймэрхүү аргаар 2008 оны сүүлээс эхлэн төсвөөс мөнгө гаргуулж авчээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Нийслэлийн захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр хоёрын хамтран үйлдсэн энэ хэргээс болж улсад 300 сая төгрөгийн хохирол учирсан гэж одоогоор  тогтоогоод байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр дээрх хоёр албан тушаалтан хамтран бизнес хийж Нийслэлийн харьяаны зарим байгууллагууд руу энэ мэтээр бараа бүтээгдэхүүнээ шахаж байсан гэх хэд хэдэн баримт хуулийнханд олджээ. Цас хайлуулах бодистой холбоотой луйвар нь тэдний удирдлага дор  шахааны бизнесийг нь гүйцэтгэгч хэд хэдэн хүнийг ирлүүлсэн аж. Энэ нь бараг Ц.Болдын нийслэлийн харъяа байгууллагуудад толгойлж байсан бүлэг сүлжээг илрүүлэх сэжүүр олдсон байна. Тэд ихэвчлэн давс, элс мэт цас, мөс хайлуулах, зам цэвэрлэх нэрийдлээр их хэмжээний бараа бүтээгдэхүүн улсын мөнгөөр авч түүнийгээ зориулалтын дагуу зарцуулалгүй бусдад буцаан зарж борлуулж ашиг хонжоо олдог байсан бололтой.

СЭЖИГТНЭЭР ТАТАЖ ЦАГДАН ХОРИВ

Энэ хэргийг илрүүлэхийн тулд  хоёр сарын турш хуулийнхан ажилласан байна. Ингээд хэд хэдэн  баримт нотолгооны үндсэн дээр өнгөрсөн пүрэв гаригт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Нийслэлийн захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр нарыг сэжигтнээр татжээ. Дараа нь прокурор, шүүхийнхний зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөн тэднээс гадна дөрвөн хүнийг энэ хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Гэтэл Ц.Болдыг маргааш нь буюу өнгөрсөн баасан гаригийн орой цагдан хорих төвөөс суллажээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг ганц хонуулаад цагдан хорих төвөөс гаргасан нь таслан сэргийлэх арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн шүүх саад учрууллаа хэмээн хуулийнхан үзэж байгаа аж. Учир нь  зайлшгүй хорьж байж шалгах хэргийн сэжигтэн танил талаа ашиглан суллагдсан нь хуулийн зарим ажилтнуудын дургүйг хүргэж байгаа юм. Нөгөө талаараа Монголын шүүх жирийн иргэнийг хорьж цагдаад шорон руу илгээчихдэг атлаа албан тушаалтнуудад ялгавартай ханддаг. Тэдэнд хууль үйлчилдэггүй гэсэн өнөөх танил яриа газар авахуулах нэг жишээ энд гарчээ.

Ц.Болдын эгчийг Ц.Түмэндэмбэрэл гэдэг. Чингэлтэй дүүрэгт олон жил шүүгчийн алба хашиж  байгаа нэгэн. Түүнийг “Танил талаа ашиглан дүүгээ цагдан хорих төвөөс гаргалаа” хэмээн буруутгах хүн олон байна. Хэрэв шүүхэд ах, дүү хамаатан садан нь ажилладаг бол цагдан хоригдохгүй. Бас хууль үйлчлэхгүй. Хэн нэгнийг таньдаггүй бол “хоригдох ёстой” гэсэн  бичигдээгүй хууль Ц.Болдын хэрэгт үйлчилсэн байна. Үнэн зөвийн эцсийн дэнс хэмээгддэг шүүхийнхэн өөрсдөө ийм бичигдээгүй хууль гаргаж дураараа авирлахаар Монголын иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой хуулийг иргэд хаанаас олж эдлэх ёстой вэ. Олны нүдэнд илт, шударга бус ийм л хэргүүдээс болж өнөөдөр шүүхийн байгууллага муу нэр дуулж, цагдаагийн байгууллагынхны зарим ажил урагшлахгүй явдгийн нэг шалтгаан нь энэ.

ЗАСАГ ДАРГА ХИЙСЭН ХЭРГЭЭ Б.ДЭЛГЭРБАЯРТ ТОХОХЫГ ОРОЛДОЖ БАЙНА УУ

Хуурамч бичиг баримт ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд “Би энэ хэргийг хийгээгүй. Хилс хэрэгт намайг гүтгэлээ” хэмээн хуулийнханд омогдсон гэнэ. Харин Б.Дэлгэрбаярт хамаг буруугаа тохоод өнгөрөх шинжтэй байгаа гэнэ. Энэ хэргийн бараг “толгойлогч нь” гэж болох энэ хүнийг цагдан хорилгүйгээр хэргийг лавшруулан шалгах боломж байхгүй гэж  мөрдөн байцаагчид үзэж буй юм. Цагдан хорих төвд ганц хоноод ар тал сайтайгаараа сайрхаж өөрийгөө том гэж бусдад мэдрүүлсэн  тэрбээр “орчлонд болохгүй юм байхгүй” хэмээн энэ хэргээс мултрах замаа хайж байгаа аж. Шүүгч эгчтэй байж болно. Гэхдээ хийсэн хэргийнхээ хариуцлагыг хэн ч байсан хүлээх учиртай. Харамсалтай нь түүнд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгочихвол нэг их гайхаад байх зүйлгүй бололтой.

Ц.БОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Энэ оны эхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тавдугаар чуулганы хуралдаанаас иргэдийн төлөөлөгчдийн олонхийн саналыг Ц.Болд авч чадаагүй ч тус дүүргийн Засаг даргаар томилогдож чаджээ. Түүнийг хууль бусаар албан тушаалд томилогдсон хэмээн тухайн үед багагүй хэл ам гарч байсан. Ц.Болдыг дээрээс шууд томилсон гэдэг. Тэрбээр 1958 онд Улаанбаатар хотод төржээ. Хуульч мэргэжилтэн. Социализмын үед Ажилчдын районд хороо хариуцсан хогийн байцаагчаас ажлынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Дараа нь ТҮК-д хог хариуцсан мэргэжилтнээс ТҮК-ийн дарга болтлоо дэвшжээ.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих