Энхийг сахиулагчид энгэрээ мялаав
Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 10 гаруй жилийн хугацаанд мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөх болсон юм. Дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн баг ХБНГУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд амжилттай оролцоод эх орондоо ирсэн.
Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 6 сарын хугацаанд Умард бүсийн командлалын Мармал баазын Шалган нэвтрүүлэх байруудын хамгаалалтын аюулгүй байдлыг хангах техник тоног төхөөрөмж ашиглан тавьсан үүргээ амжилттай хэрэгжүүлсэн юм.
Тиймээс эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн дээрх багаас “Энхийн төлөө ” медалиар 4, “Афганистанд энхийн төлөө I ” хүндэт тэмдэгээр 92, “Афганистанд энхийн төлөө II ” хүндэт тэмдэгээр 22, “Дайчин алдар I ” медалиар 1, “Дайчин алдар II ” медалиар 2, “Дайчин алдар III ” медалиар 2, “Эх орны төлөө I ” хүндэт тэмдэгээр 1, “Эх орны төлөө II ” хүндэт тэмдэгээр 2, “Эх орны төлөө III ” хүндэт тэмдэгээр 5 цэргийн алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.
Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, болон ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
URL: