Татаасаар томилогдсон “Биокомбинат”-ын захирал Б.Баттогтох ажилчидаа халж эхэлжээ

Нэг жилийн өмнөөс дарга цэргийн суудлаа олохгүй яваа “Биокомбинат”-ын маргаан одоог хүртэл үргэлжилсээр байна. “Биокомбинат”-ын захирал Д.Насанжаргал өнгөрсөн жилийн сүүлчээр тэтгэвэрт гарснаар, оронд нь Төрийн өмчийн хороо ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Биокомбинат”-ын захирлаар “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтохыг томилсонтой холбоотойгоор уртаас урт үргэлжлэх маргааны гараа эхэлсэн түүхтэй.
Б.Баттогтохыг захирлаар томилсонд байгууллагын ажилчид эсэргүүцсэний эцэст шийдвэрийг ТӨХ цуцалж, үүрэг гүйцэтгэгчээр ахлах мэргэжилтэн Д.Батсүхийг томилж байв.
Сонгон шалгаруулалт сар гаруй хугацаанд үргэлжилж, дүн нь гараагүй удсаны эцэст өнгөрсөн долдугаар сарын дундуур компанийн захирлаар Б.Баттогтохыг сонгосноо мэдэгдсэн гэдэг. ТӨХ-оос сонгон шалгаруулалт зохион байгуулж, нийт дөрвөн хүн энэ сонгон шалгаруулалтад нэр дэвшсэн ч дахиад л Б.Баттогтох хатагтайг сонгож орхив.
Үүнтэй холбогдуулан жагсаал цуглаан зохион байгуулж, шаардах бичиг хүргүүлж байсан ажилчидаа саяханаас халж эхэлсэн талаар манайд мэдээллээ.
Энэ сарын эхээр ТӨХ-ны гадаа шаардах бичиг хүргүүлж, 40 гаруй ажилчин тэмцэлээ илэрхийлж байсан юм. Үүнтэй холбогдуулан “Биокомбинат”-ын захирал Б.Баттогтох нь 11 ажилтнаа халсан байна.
Даргын суудалд өрсөлдөж байсан “Биокомбинат”-ын хоёр гол мэргэжилтнээ өнгөрсөн сарын сүүлээр ямар ч үндэслэлгүйгээр чөлөөлсөн бол саяхан мөн нэмж есөн хүнийг үндэслэлгүйгээр халжээ.
Одоогоор компанийн ажилчид болон сонгон шалгаруулалтад өрсөлдсөн мэргэжилтнүүд түүнийг ТӨХ-оос явуулсан сонгон шалгаруулалт хууль бус байсан хэмээн шүүхэд гомдол мэдүүлээд байгаа юм. Харамсалтай нь шүүх хурал олон удаа тодорхой бус шалтгаанаар хойшлоход хүрсэн байна.
“Биокомбинат”-ын ажилчид сонгон шалгаруулалт хууль бус болсон хэмээн хатуу мэдэгдэж буй.

Б.Баттогтохыг хүний эмч мэргэжилтэй хүн малын вакцин, ийлдэс, оношлуур үйлдвэрлэдэг үйлдвэрийг удирдаж таарахгүй хэмээн “Био комбинат”- ынхан үзэж байгаа юм. Дээрээс нь “Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ажилд томилох, чөлөөлөх журам”-д заасан шиг төрийн албанд ажиллаагүй, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр ямар ч мэргэжил, туршлагагүй. Түүний хувийн “Цагаан залаа агвет” компани нь мал эмчлэхэд хэрэглэдэг химийн гаралтай эм үйлдвэрлэдэг, ийм үйлдвэр нь “Биокомбинат” шиг биологийн үйлдвэрээс эрс өөр учраас адилтгах боломжгүй гэнэ.

“Цагаан залаа агвет” компанийн үйлдвэрлэдэг гэх бүтээгдэхүүн нь үнэндээ бол химийн идэвхтэй бодисуудыг гадаадаас худалдаж аваад усаар шингэлээд л паразит хорхойн угаалга, туулганд хэрэглэдэг энгийн технологитой цөөхөн нэрийн бэлдмэл л хийдэг байна. Энэ “чадвар”-ыг нь эс тооцвол түүнд Биокомбинатын захирлаар ажиллах дадлага, туршлага, мэдлэг ч байхгүй нэгэн гэнэ.

Хүний эмч мэргэжилтэй, малын их эмчийн байтугай бага эмчийн ч боловсролгүй, мал эмнэлгийн шинжлэх ухааны талаар ямар ч мэдлэггүй хэр нь өөрийн ах ХААИС-ын ректор Б.Бямбаагийнхаа шавь нараар удирдуулж Мал эмнэлгийн докторын зэргийг хамгаалж байсан гэх мэдээлэл бий.

ХААИС-ын ректор төрсөн ахынхаа нөмөр нөөлөгөөр ч энэ албан тушаалд томилогдсон гэх.
“Биокомбинат”-ын даргын сонгон шалгаруулалт, ажилтнаа халсан гээд энэ компанийн дуулиан мөддөө намжихгүй бололтой.
Компанийн даргыг сонгох сонгон шалгаруулалт хууль бус болсон эсэхийг шүүхээр шийдвэрлэх ёстой ч олон удаа хойшлогдсонд компанийн ажилчид ихээхэн бухимдаж байна.
Одоогоор 11 ажилтнаа халаад буй бөгөөд цаашид ч өөрт таалагдаагүй ажилчидаа халаа сэлгээ хийж магадгүй байгааг эх сурвалж дуулгаж буй. “Биокомбинат”-ыг тойрсон бужигнааныг хэн цэгцлэх вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байна.

Т.Амур


URL:

Сэтгэгдэл бичих