Бодит байдлаа мэдэр, З.Баянсэлэнгэ сайд аа

Арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоогоод, 14 хонож байна. Үүнтэй зэрэгцээд зээлэнд хамрагдахаар материалаа бүрдүүлж өгөөд байсан 2500 орчим өрхийн найман хувийн асуудал нам гацсан гэх. Улмаар зээлэнд орохоор хүлээж  байсан  өрхүүд төр шийдэлд хүрнэ гэсэн итгэлээр мөн л хүлээлтийн байдалд шилжив. Дагаад барилгын салбар ч худалдан авагчдаа хүлээн зогсонги байдалд ороод буй.

Үндсэн хуулийн цэц  Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай  хууль, Иргэний хуулиудад тусгагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны асуудал нь  Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Барьцаат зээлүүдийг бүгдийг нь зогсооход хүрсэн  уг шийдвэр гарсантай холбогдуулан АН, “Шударга ёс” эвсэл нэгдэн, асуудалд гарц олно гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Хуульзүйн байнгын хороон дээр байгуулагдсан уг ажлын хэсэг  оны сүүлээр юм уу, ирэх оны нэгдүгээр сарын эхээр ипотекийн зээлийг нээнэ гэдгээ уламжилсан нь бий. Гэсэн хэдий ч ажлын хэсгийнхэн ямар замаар хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй нь өнөө хэр тодорхойгүй байна. Эх срувалжийн мэдээлж буйгаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай  хууль, Иргэний хуулиудад өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэх.

Гэтэл сүүлийн өдрүүдэд Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох эсэх асуудлаар АН, Шударга ёс эвслийн бүлэг хоёр тохиролцоонд хүрч чадахгүй нам гацаж, дагаад ипотек мөн сарниж эхэлснийг онцлох хэрэгтэй.

Ингэж ипотекийн зээлийн асуудал тэр чигтээ зогсчихоод байхад салбарын сайд нь 10 хувийн урьдчилгааг шийдсэн гэх утга бүхий мэдээлэл хийх нь тэр. Тэрээр өмнө нь энэ асуудлаар  ”Хөнгөн хуумгай шийдвэр болсон. Ямар ч байсан би сайд хугацаандаа асуудлыг шийднэ” гэх тодруулга өгч байв. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкинд 200 тэрбумаар сонгуулийн өмнө 10 хувийн асуудлыг шийдэж, нэмэх оноо цуглуулахаар зэхэж байгаагаа ч сайд нь нуугаагүй хэрэг. Үнэндээ 200 тэрбум арилжааны банкуудад долоо хоногийн дотор шуураад дуусах мөнгө гэдгийг ч эдийн засагчид тайлбарласан.

Харин З.Баянсэлэнгэ сайд Голомт банктай санамж бичиг үзэглэж, энэ төрлийн зээлд хамтрах боломжтой гэж үзснээ мэдэгдэв. Ямар банк нь хамаа алга. Хамгийн гол нь иргэдэд тэгш боломж олгох учиртай. Гэхдээ  одоо 10 хувийн асуудлыг ярих цаг нь мөн үү гэдэг асуудлын гол учир нь байгаа юм.

10 байтугай 30 хувийн урьдчилгаа төлбөр бүхий найман хувийн хүүтэй зээл нь зогсчихоод байхад  санамж бичигт гарын үсэг зураад юу өөрчлөгдөх юм. Энэ нь барилгачин залуу А.Отгонбаярт “Тэргүүний барилгачин” шагнал өгөхөөр шийдсэнтэй яг адилхан ухвар үйлдэл байлаа.

Хэзээ хэрэгжих нь тодорхойгүй шийдвэрээр олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлөх ямар хэрэг байна? Өмнөх сайдынхаа шоуг давтаж эхлэхийн цондон энэ. Сайд болоод 100 хоносон ойдоо зориулж, хийсэн юмтай харагдах энэ шоунаас үүдэн олон нийт төөрөгдөж хоцров. Үүний оронд ипотекийн  зээлийг эргээд хэвийн олгогдож эхлэх  боломжийг нээхийн тулд З.Баянсэлэнгэ сайд  зүтгэл гарган ажиллах ёстой баймаар. Гэтэл бодит байдал дээр “Шударга ёс” эвсэл Н.Энхбаяраар шантааж хийж, асуудлыг  харин ч царцаах үүрэг гүйцэтгэж байгаа. Нөгөө талаас салбар хариуцсан засгийн газрын гишүүний хувиар ипотек зогсож буй асуудалд өнөө хүртэл нэг ч үг унагаагүй, байр сууриа илэрхийлээгүй яваа нь гайхалтай. Ийм төөрчихсөн сайд байж болох уу? 

Бодит байдлаа мэдэр, З.Баянсэлэнгэ сайд аа. Баталгаа гаргах асуудал одоо шинэ юм  биш болсон. Төрийн орон сууцны корпорациас хүртэл  20 хувийн баталгаа гаргах асуудалд гарц хэлж, салбарын сайдаа анхааран үзэхийг уриалсан нь бий. Та иймэрхүү асуудлаар хөөцөлдөхийн оронд Хуульзүйн байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсэгт ажлаа түргэвчлэх шахалт үзүүлэх хэрэгтэй. Ядаж Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудлаар засгийн газарт шантааж хийхээ зогсоож,  дараалсан завсарлага авч буй бүлгийнхээ  ажилд анхаарлаа хандуул.

Барилгын салбарын ажилтайгаа сайн  танилц. Барилгын компаниуд арилжааны банкуудад   зээлийн барьцаандаа    блок блокоор байраа алдаж  буй үзэгдэлтэй та  нэг танилцаад үзээрэй, сайд аа. Дээрээс нь нэмээд сар бүр ипотекийн зээлэнд ордог 1200 айлын  тоо нам зогсож, одоо бүр  хэд дахин үржигдэн хүлээгдэж буйд сайдын хувиар анхаарна уу?

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: зочин Огноо: 22 December 2015

м2 чөлөөлж өгөөд Монгол улсын иргэд тэгш эрхтэй

Нэр: zochin Огноо: 22 December 2015

11

Сэтгэгдэл бичих