Амьдрал
Амьдрал бүгдэд үнэхээр тэгш, шударга хандах ажээ. Алтан наран алагчлалгүй илч гэрлээ хайрлана. Сүүн саран туяагаа ер хэний л үүдэнд эс тусгадаг билээ дээ. Хүн ямар ч амьдралд ирж болно, харин бүгд л нэг янзаар буцна. Бултаж зайлна, ар хаалгаар гарна гэсэн юм огтоос үгүй. Үүнд өмчтэй, өмчгүй, мөнгөтэй мөнгөгүйн ялгаа байхгүй.
Тэгш байдал, шударга ёс гэдэг чухамдаа энэ л буюу.
Амьд бүхэн зовлонг эс хүснэ. Тэр дотроо хүн зөвхөн жаргахыг л хүснэ. Хүний эрхээр ч байсан хамаагүй жаргах л ганц хүслэн нь хүний өөрийн араншин. Хүний эрхээр ч юу байх вэ дээ, бусдын тус дэмээр ч байсан гэсэн үг л дээ. “Хааныхаа сайнд харц ардууд жарга юу” гэсэн эртний мэргэн үгтэй. Харин Төр нь хүнээ зовоох гэдэг байж таарахгүй. Хүмүүс амьдралын хуультай зоригтойгоор тэрсэлж, өөрсдөө элдэв хууль зохиодог. Хууль уг нь хүний сайн сайхны төлөө байх ёстой л доо. Бас өөрсдийн байгуулсан нийгмээ капитализм, социализм гэх мэт янз янзаар нэрлээд түүндээ хүнийг зохируулж амьдруулахаар албадаж зовоодог.
Хүн амьдралын өмнө тэгш эрхтэй ч хөөрхий өөрийнхөө байгуулсан Төр, шүүх, нийгмийнхээ өмнө тийм биш, үнэнхүү “жижиг”-рэнэ. Хүний өөрийнх нь байгуулсан нийгэм, төр, шүүхийн зарчим Амьдралынхтай огт адилгүйгээс тэр. Энд шударга ёс, тэгш эрх гэдэг ёстой харилцан адилгүй ойлголт болж хувирна. Эрх чөлөө ч аандаа хумигдана. Өнгө, мөнгөөр ялгаварладаг хорвоогийн жам.
К.Марксын Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн эрхэм уриа-зарчим хүний өөрийнх нь мөн чанарт яг таг тохирдог учраас л хүн төрөлхтөний гайхамшигт дуудлага болсон байж таарна. К.Марксын мөрөөдсөн социалист нийгэм өдгөө скандинавын хойгийн орнуудад зарим талаар хэрэгжиж байна гэцгээдэг. Тэдгээрт ард олны тайван амьдрал, гэр бүл хүүхэд, эмэгтэйчүүд нэн тэргүүнд тавигдаж,“аргагүй хүнд зайлшгүй халамж” хүлээн зөвшөөрөгддөг ажээ. Капиталист улсууд гагцхүү тухайн үеийн Зөвлөлт социализмыг хуулбарлаж нийгмийн халамжуудыг бий болгосон нь үнэн билээ.
К.Маркс капиталист гэх хөрөнгөтний нийгэмд анализ хийгээд эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсны эсрэг байгууламж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн нь үнэн болох нь амьдралаар шалгагджээ. Дэлхийн 7 тэрбум хүний дөнгөж 1% нь бүх баялгийн 50%-ийг эзэмшин өмчилж байна. 99 % нь үлдэх 50% дээр нь хүссэн хүсээгүй үлдэж,үүнээс өөр аргагүйд хүрчээ. 20 жилийн дараа 1% нь 55%-ийг өмчилж, 100 жилийн дараа юу болох нь ойлгомжтой.
К.Марксын дүгнэснээр капитализм том нь жижгээ залгиж, буржуазууд улам баяждаг нь энэ ажгуу. Энэ нийгмийн тогтолцоо капитализм өндөр хөгжсөн оронд одоогийн байдлаар тохирч байна. Харин капитализмыг сохроор дагасан жижиг улс орон “галууг дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө гэгч болдгийн жишээ нь Монгол улс маань байна. Тиймээс ч зарим улс орон өөрийн гэсэн онцлогтой нийгмийн байгуулал байгуулаад байгаа нь учиртай.
Монголчууд бид явж буй замаа эргэж нэг харах хэрэгтэй болж байна. Өдгөө бидний амьдарч буй нийгэм болох капитализм Монголд лав сайн сайхныг авч ирсэнгүй, Ардчилал нэрийн дор монголчуудыг жинхэнээсээ сульдаан ядрааж байна. Бидний бий болгосон хөрөнгөтний нийгэм бол үнэндээ Ардчилал биш юм.
Өнгөрсөн 25 жилд монгол хүнээ гэж жинхэнэ зүрх сэтгэлээрээ хандсан бодлого хэрэгжүүлээгүй нь Ард түмэн одоо ийнхүү ядарч зүдэрч буйгаас тодорхой байна. Хөрөнгөтний нийгэм эдүгээ мухардалд ороод байна. Харин түүнийг ямар нийгмийн байгууллаар солих вэ гэдэг л асуултын тэмдэг болоод байна.
Нэг мэргэн ухаантай хүн энэ дэлхийн баялаг энэ дэлхийн бүх хүнд хүрэлцэнэ, харин хүмүүсийн шуналыг гүйцээнэ гэвэл 1000 дэлхий байгаад ч хүрэлцэхгүй гэжээ.
“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн нийгэм л Монгол орныг, цаашилбал энэ дэлхий ертөнцийг аварна гэж би бодож байна.
Марксын социализм яаж ч бодсон зэрлэг капитализмаас олон талаараа давуутай гэдэгтэй маргах хүн үгүй ч цагаасаа түрүүлэн хэрэгжүүлэх гэсэндээ хөрсөндөө бүрэн буугаагүй нь Лениний буруу гэж үү.
Магадгүй хүн төрөлхтөн Марксын социализм өөд эргэх ч юм бил үү, хэн мэдлээ. Марксын хүссэн хүн болгон эрх чөлөөтэй, шударга ёс, тэгш эрх ноёлсон газрын диваажинд амьдрахыг хүсэхгүй монгол хүн бий гэж үү.
ЛАМЖАВЫН ГҮНДАЛАЙ
URL: