Намын жагсаалтын гай
“Юмыг яаж мэдэх вэ гээд лам юутай төрсөн” гэдэг онигоо шиг ирэх сонгуулийн чимээнээр аль нэг намын жагсаалтад орчихвол УИХ-ын гишүүн болчих магадлал маш өндөр гэдгийг мэдэж, мэдэрсэн залуучууд эдүгээ хадаастай сандал дээр суусан мэт хавчигнаж, өндөлзөөд тун тогтворгүй байна. Саяхан л гэхэд “Дарханы” гэх тодотголтой, МАН-ын гишүүн, Т.Ганболд “урваад” нэгэн залуухан нам руу шургаж байгаа харагдав.Үүнийг УИХ-д суугаа түүний ах Дэмбэрэлийн заавар ч гэх нэгэн байна. Нөгөө талаас энэ залуу мөнгө хаяж байгаад УИХ-ын эрхэм сэнтийд сэмхэн суучих алсын зорилготой болохоос үзэл баримтлалаараа элсч, бас намаа сольж байна гэвэл тэрүүн шиг онигоотой зүйл байхгүй л дээ.
Ингэхэд манайд өөрийнхөө намын ямар үзэл баримтлалтайг ч мэддэггүй, ер нь нам гэдэг юмныхаа мөн чанарыг ойлгоогүй намын дарга олон байдаг юм. Тэд Засгийн эрхийг эрх авах гэсэн нийтлэг, үндсэн зорилгыг нь л муухан гадарлах бөгөөд албан тушаалд очих шат гишгүүр гэсэн ойлголтоос нэг их хэтэртэггүй юм, зайлуул. Тэгсэн мөртөө улс орны хэмжээний асуудлыг цээжнийхээ бангаар мөн ч сайхан тууна шүү дээ. Ямар сайндаа л банкуудад байгаа иргэдийн зээлийг тэр аяар нь хүчингүй болгоно гээд нэг нөхөр зурагтаар хээв нэг авч байна билээ. Үүнийг сонсохоор мань мэтийгээ дооёоолоод ч байгаа юм шиг.
УИХ-д өнгөрсөн хугацаанд үзээд үзээд бараагүй, үндсэндээ “гологдол” болоод байгаа нөхдүүд одоо намынхаа жагсаалтын тэр хавьцаа бичигдчихвэл манайхан эрх барилаа гэхэд баараггүй сайд, дарга болно гээд сууж буй нөхдүүд зөндөө.
Жагсаалтаар УИХ-д ордог явдал өнгөрсөн сонгуулиар туршигдаж, сонгогчдын хувьд уйлах ихдэх, инээх багадах гэгч болов. За яахав, гудамжинд хийх ажилгүй тэнэж явсан энэ тэр нь дүүрч гэхэд, хэний төлөөлөл нь бүү мэд ийм хэсэг хүн гараад ирсэнд гайхаад бардаггүй. Хэн ч түүнийг сонгож, хэн ч түүнд санал өгөөгүй байдаг юм шүү дээ. Ингэснээр наад зах нь “сонгууль” гэдэг үгийн мөн чанар бүрэн алдагдчихаж байгаа юм. Тухайлбал, З.Баянсэлэнгэ гишүүний УИХ-д суусан амьд жишээ байна. Тэр хэний төлөөлөл вэ? Түүнийг хэн сонгов? Ингэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр нь З.Баянсэлэнгийг УИХ-д суухаар болтол, “Түүний нэр ийм дээгүүр бичигдсэн юм уу” гээд гайхаад байсан гэдэг юм. Мөн тун ч олон хүн МАХН-даа эргэж ороод п жагсаалтын эхээр нэрээ бичүүлчихгүй яав даа гээд тархиа шаан халаглаж байсан юмдаг. Эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ ч энэ хугацаанд хэсэг ардынхаа төлөөлөл биш болохоор Н.Энхбаярын төлөө махаа шуугдтал үзэлцлээ шүү дээ.
Одоо энэхүү жагсаалтаар УИХ-д ордог замыг нэн даруйхан хаах хэрэгтэй. Энэ аргаар УИХ-д мал ч ороод ирэх магадлалтайг харлаа. Эсвэл мань мэтдээ улиг болсон, байн байн зайлаасай гээд хараалгуулах нөхөр бөөн мөнгө өгч байгаад энэхүү дулаан сэнтийдээ 100 насалтлаа суух магадлал өндөр байна. Түүнээс гадна УИХ-д өнгөрсөн хугацаанд үзээд үзээд бараагүй, үндсэндээ “гологдол” болоод байгаа нөхдүүд одоо намынхаа жагсаалтын тэр хавьцаа бичигдчихвэл манайхан эрх барилаа гэхэд баараггүй сайд, дарга болно гээд сууж буй нөхдүүд зөндөө.
Энэ бүхэн хортой. Адалсандаа бус аргагүйн эрхэнд хоцрогдоод, амьтан хүний элэг доог болоод байгаа нөхдүүдийг одоо амар даа гэхээр л залуустаа улстөрийн шатаар жам ёсоороо өгсөх бололцоо даанч өгөхгүй шавар хаагаад салахгүй шинжтэй.
Тиймээс зайлуул, зарим нь өөр намыг бараадаж байгааг үгүйсгэхгүй байна. Дээр хэлсэн шиг зальтай нэгэн нь өөр, шинэ, нэлээд санал зулгаачих магадлалтай, очлоо гэхэд дарлаад байх архагууд байхгүй намыг сонгож байгаа нь үнэн. Энэ бүгдээс хамгийн хортой нь Монголын сонгууль иймэрхүү байдлаар яваад, З.Баянсэлэнгэ шиг нөхдүүд санаанд оромгүй газраас санамсаргүй УИХ-д орчихоод байхаар парламент нь, сонгогчид нь мөддөө төлөвших шинж алга. Хамаг гай нь энэ л дээ.
Д.Гал
Эх сурвалж: 24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yag unen