Ард түмний үнэгүйдсэн санал

http://www.bolod.mn/Upload/news/5913e3f39258967big.jpg

“УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнг худлаа байсан” гээд улс төрийн намууд бүр ард түмнээс сонгогдож гарч ирсэн УИХ-ын зарим гишүүн хэлж байна. Тэд ард түмний саналыг авч УИХ-д гарч ирсэн хэрнээ ийнхүү ярьж байгаа нь санал хэрхэн үнэгүйдсэнийг гэрчлэх биз.

Бүр болоогүй одоо улстөрчид ард түмний саналаар улаам цайм бизнес хийх хүсэлтэй болчихсон нь доорх жишээгээр бэлхнээ харагдана.

Ардын намынхан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж Сонгуулийн ерөнхий хорооноос 1 тэрбум гаруй төгрөг төсөвлөж өгөхийг шаардаж байсан нь саяхан. Гаднаа ард нийтээс санал авах ёстой гэж лоозогнож байсан Ардын намынхан “Ард түмнээ сонсъё”, “Бид хамтдаа” аянуудынхаа хүрээнд ард иргэдийн тархийг “Саналын хуудсыг гараар тоолох ёстой” гэсэн мессежээр хангалттай угаачихсан байсан. Түүнийхээ үр дүнг үзэх гэсэн боловч эрх баригчдын гайгаар чадаагүй гэх.

Ардчилсан намынхны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй гэдгийг мөн л ард түмнээсээ асууна гэж байгаа. Ингэхдээ зөвхөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэсэн асуулт тавих нь буруу гэж Үндсэн хуулийг анхлан батлагчид ярьж, хэлж байгаа. Харин яг ямар заалтад юу гэсэн өөрчлөлт оруулах гэж байгаагаа тодорхой асуух нь жинхэнэ санал асуулга болох аж. Харамсалтай нь үүнийг нь үл тоон өөрсдийнхөөрөө зүтгэж байгаа Ардчилсан намынхны хувьд үр дүн бус санал асуулга явуулах нь л чухал байгаа. Тэд өөрсдийн эхлүүлсэн шинэчлэлийг ард түмнээсээ асууж үргэлжүүлсэн гэх нэрийг зүүгээд парламентаар Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахыг шийдэх хүсэлтэй байгаа юм.

Улстөрчдийн ярьж байгаагаар бол сонгуулийн үеэр худалдаад авчихаж болдог ард түмний саналыг бусад үед ч гэсэн өөрсдийн талд ашиглахад гэмгүй гэнэ. Ийм үнэгүйдсэн саналаар УИХ-д суусан гишүүд үнэ хүндгүй байхаас өөр яах билээ. Тэд өөрсдийгөө ч гэсэн үнэгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр нь энэ шүү дээ.

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих