Үндсэн хуулиас давсан хуулийн шинэ төсөл

Олон улсын гэрээ хэлэлцээрийг үл тоосон хуулийн төсөл батлагдвал Монгол Улсыг хүлээсэн үүргээ биелүүлдэггүй,  дагаж мөрддөггүй гэсэн ойлголтыг дэлхий нийтэд төрүүлнэ

Монгол Улсын эдийн засаг хямралд өртөж тун хүнд байгааг иргэд, олон нийт сайн ойлгож байгаа. Ийм нөхцөл байдалд төр засгийн бодлого аль болох  төсөв хөрөнгө хэмнэх горимд шилжихийн зэрэгцээ төсвийн орлогыг тасралтгүй бүрдүүлэхэд анхаарах нь зүйн хэрэг. Уг шалтгааны улмаас Монгол Улсын Сангийн сайд болон Хууль зүйн сайд нар “Онцгой  албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах”  тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах  тухай төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр  бэлтгэжээ. Үүний үндсэн дээр улсын төсвийн орлогыг  3.99 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой тухай саналыг хуулийн төсөл боловсруулагчид гаргажээ. Гэвч  дээрх хуулийн болон тогтоолын төсөл рүү эргэн харах хэд хэдэн шалтгаан байна.

Хэрвээ бид үүнийг анзаарахгүйгээр, зөвхөн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан зарим импортын бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварт өөрчлөлт оруулах юм бол Монголчууд бидний хэлдэгээр “Нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэр болоход хүрэх нь ээ. Ингэж хэлэх шалтгаан юу вэ?

Дээрх төслийг санаачлагчдын зүгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор  тодорхой нэр төрлийн барааны  нэгж тус бүрд ноогдох  албан татварын хувь нэмжээг нэмэгдүүлэх саналаа уг хуулийн төсөлд тусгажээ. Эдгээр бүтээгдэхүүн дотор импортоор оруулж ирэх шар айрагны литр тутамд 1000 төгрөг буюу 50 орчим цент нэмэгдүүлэх саналыг оруулжээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол эх оронд үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн шар айрганд ялгамжтай татвар ногдуулах ёсгүй. Мөн өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар шар айраг үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 /тавин сая/ төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 25 000 000 /25 сая/ төгрөгийн хураамж адил төлдөг байсныг одоогийн хэлэлцүүлэх хуулийн төсөлд шар айраг импортлох үйл ажиллагааг тусад нь салган  зөвхөн импортын зөвшөөрөл авахад 500 000 000 /500 сая/,  тусгай зөвшөөрлөө сунгахад 250 000 000 /250 сая/ төгрөг болгохоор төлөвлөж байгаа нь импортын үйл ажиллагаанд хууль санаачлагчдын зүгээс зориудаар саад хийж байгаа үйлдэл хэмээн үзэхэд хүргэж байна.

Гэтэл яг ийм санал 2009 онд ҮХЦ-ээр хэлэлцэгдэн, Цэцийн босго давалгүй унасан байна. Сангийн сайдын төсөв бүрдүүлэхийн тулд зарим бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмэх  тухай хуулийн төслийг санаачилсан нь  юуны өмнө Үндсэн хуулийн цэцийн 2005 болон 2009 онд Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг дахин сэргээсэн  эсэх тухай маргааныг  тус тус хянан шийдвэрлэж МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООСОН шийдвэрийг зөрчихөд хүрч байгааг  сануулах нь илүүц бизээ. Сангийн сайд тэргүүтэй дээрх төслийг санаачлагчид Үндсэн хуулийн Цэцийн 2009 оны тогтоолыг  олж хараагүй бол төрийн уялдаа холбоо, залгамж чанар өдгөө бүрэн алдагджээ гэж хэлж болох. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дээр Хөх тэнгэр л байдаг гэдэг. Хэн ч, ямар ч албан тушаалтан Цэцийн шийдвэрийг давах, түүнийг үгүйсгэх эрхгүй.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ёсоор бол эх орны үйлдвэрийн болон импортын  тодорхой нэр төрлийн бараа Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-ийн удиртгал хэсгийн “Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчлэн Олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх” гэсэн заалт болон бусад заалтыг зөрчсөн. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 ба 3 буюу “2. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.  3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”гэсэн заалтыг тус тус илтэд зөрчсөн хэмээн ҮХЦ-ийн Их суудлын хурлаас үзэж тогтоолоо гаргасан байна.

Иймээс Онцгой албан татварын хуулийн 6.1 дэх заалтад Эх оронд үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн пивоны албан татвар бүх төрлийн шар айрагт литр тутамд 290 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 0.2 ам.доллар байсан ажээ.

Уг хуулийн төслийг санаачлагчид үүнийг мэдэж байсан ч Үндсэн хуулийг зөрчин байж хуулийн төсөл санаачлахдаа хүрсэн нь согтууруулах ундаа, тэр тусмаа архи үйлдвэрлэгчдийн асар хүчтэй “лобби”-нд өртсөн байх магадлалтай гэж үзэх хардлагыг бий болгож байна.

Хэрвээ тийм биш гэвэл дөрөв орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг  нэмэгдүүлэхийн тулд ҮХЦ-ийн шийдвэрийг үл огоорч, шар айраг импортлогчидод дарамт үзүүлж,  импортын шар айрагны үнийг архины үнэтэй дүйцэхүйц өсгөж байгааг юу гэж ойлгох вэ?

Хуулийн төсөл санаачлагчдын дээрх шийдвэр Монголын ирээдүй болсон залуусыг “шар айраг бүү уу,  зөвхөн  архи л уу” гэж тулгаж байгаагаас өөрцгүй хэрэг гэж хэлж болохоор байна.

Архидан согтуурах явдал нийгэмд аюулын харанга дэлдэж байгаа энэ цаг үед архины үйлдвэрлэлийг  төрийн бодлогоор багасгаж,  улмаар олон нийтэд архины хэрэглээг багасган үүний оронд шар айрагны зүй зохистой хэрэглээг бий болгох нь соёлт хүн төрөлхтөний ухамсарын хүрээнд нэгэнт шийдсэн асуудал байдаг.

Гэтэл манай улсын хувьд үндэсний  архи, пиво үйлдвэрлэгчдийн лобби шахалтаар  хууль боловсруулагчид нь гадаадад үйлдвэрлэсэн, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн шар айрагны үнийг татварын бодлогоор дамжуулан нэмэгдүүлэхээр улайрах, ингэхдээ холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээг  үл хүндэтгэн зүтгэж байгаа нь архи үйлдвэрлэгчдийн  “гар хөл хэдий  хол хүрч чаддаг”-ыг харуулсан бодит үйл боллоо гэж үзэхэд хүргэж байна.

Хэрвээ энэ төслийг УИХ-ын байнгын хороогоор дэмжих болон УИХ-ын нэгдсэн чуулганаар батлах юм бол нэг талаас эрх баригчид залуу үеийнхний өмнө “гэм буруутан” болоод зогсохгүй нөгөө талаас Монгол Улс олон улсын өмнө гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй,  дагаж мөрддөггүй улс юм байна гэсэн ойлголтыг дэлхий нийтэд бий болгоно гэдгийг эрхэм гишүүд анхааран үзэх биз ээ.

Ц.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих