“Утаатай тэмцэгчид” 5 тэрбумыг завшчихаад 5 тэрбум төгрөг хүрэлцэхгүй гэх юм
Утааны бизнесийн сезон эхэлжээ…”Зуух авна” гэж байна. “Зуухаа зарна” ч гэсэн зар байх юм. “Зуух үнэгүй тарааж байгаа” гэх сайн мэдээ ч дуулдлаа. Харамсалтай нь үнэгүй тараана гэсэнд нь аягүй сэжигтэй хандацгааж байна аа. Энэ зуух тараагч эсвэл тэнэг, эсвэл сонгуульд нэр дэвшигч байх гэлцэнэ. Хэрэв нэр дэвшигч байсан бол түүнд мөнгө чухал байж таарна. Өөрийн хөрөнгөөрөө зуух хийж тараахдаа ядаж нэр дэвших тойрогтоо тараадаг байгаа даа. Гэтэл бүх дүүрэгт тараагаад байна гэхээр их сонин. Магадгүй, Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа юм болов уу гээд л гайхшаа барж байх юм. Гэвч энэ бүхний цаана агаарын бохирдлыг бууруулахын тулд амаараа бурах биш, ганц ч гэсэн айлын яндангаас баагих утааг багасгах юмсан гэсэн л залуу байгаа юм.
Гэхдээ утаа бизнес болсон уу гэвэл болсоон. Хамгийн сүүлийн албан мэдээг дурдахад Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн баасан гаригт хуралдлаа.
Тус хурлаар Үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт орсон тухай аймгийн Засаг дарга нарт танилцуулах, аймаг, нийслэлийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад гурвалсан НАНО технологи бүхий шингэн НАНО бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга мэдээлэл хийх, 2016 онд аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Шингэн НАНО технологиор баяжуулсан “НАНО шатахуун”-ыг хэрэглэснээр автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утаа, тогтворжилтын түвшинг бууруулах боломжтойг “Жим вейл Монголиа интернейшнл” компанийнхан танилцуулсан бөгөөд энэ асуудлаар судалгаа хийхийг Уул уурхайн яам болон Газрын тосны газрын удирдлагуудад тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.
Мөн тус хурлаар гэр хорооллын 10-12 мянган айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, 10 орчим мянган айл хэрэглэж буй түүхий нүүрс цэвэршүүлэгч бодисоор баяжуулах турших, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр Их тойруугийн 110 Кв-ын дэд станцуудаас хэт ачаалагдсан 4 шугамын ачаалал хөнгөвчлөх угсралтын ажил, нийслэлийн таван цэцэрлэгийн усан халаалтын зуухыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ.
Албан мэдээ нь нэг иймэрхүү. Тэгвэл албаны шугамаар мөртлөө яг дээрх зорилгоор ашиг сонирхлын зөрчил гаргадаг “но”-той үйлдэл энэ утаанд нуугдаж байдаг. Нэг жишээ дурдъя. Дээр дурдсан үнэгүй тараадаг зуух буюу “Нүүдэлчин” зуухыг лаборторийн шалгалт”-даа зориуд унагаадаг “уламжлалтай”. Дэлхийн банкны санхүүжилтээр Улааннбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд 2014 онд Монголд анх удаа Зуухны хөгжлийн төвийг Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн дэргэд байгуулсан байдаг. Үүний өмнө буюу 2009 онд Улаанбаатар хотод Гэрийн зуухны туршилтын лаборатори байгуулагдаж өөрийнх нь вэб хуудсанд бичсэнээр 2013 оноос Дэлхийн банкны тусламжаар хөгжсөөр байгаа, гол зорилго нь утааны хийн бохирдлыг бууруулах төхөөрөмжүүдийг туршиж, шинэ дэвшилтэт технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори болох юм байна.
Энэ лаборатори өнгөрсөн хугацаанд 40-өөд туршилт явуулсан тухайгаа дурьдахдаа “Зуухны туршилтын лаборатори нь 2013 онд “Өлзий”, “Хас”, “Дөл”, “Миний дөл”, “Гэр зуух”, Талст”, Векас-107” зэрэг нийт 19 нэр төрлийн гэрийн зуухнуудад туршилт хийж гүйцэтгэснээс “Сэлэнгэ констракшн”-ий оруулж ирсэн “Өлзий”, Их тэнгэрийн хүч” ХХК-ийн “Векас”, “Роял Өүшн” ХХК-ийн “Дөл” зэрэг зуухнууд “Цэвэр агаар” төслийн шалгуурт тэнцэж Улаанбаатар хотод тараагдаад байна гэж вэб сайтдаа мэдээлжээ. Гэтэл одоогоор үнэгүй тараагдаж байгаа “Нүүдэлчин” зуухны технологид тааруулахгүйгээр, өөрөөр хэлбэл утаагаа шатааж, утаагаа түлж халдаг зуухны яг утаан дээр нь утаа хэмжигчээ суурилуулчихаад “шалгалт”-даа унагачих гээд зүтгээд байгаа нь харамсалтай. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бол дээрх лабораторийг манай орны нөхцөлд тохирохгүй лабораторийг Дэлхийн банкны санхүүжилтээр оруулж ирсэн байх магадлалтай гэж үзэх нь цөөнгүй таарах аж. Тэгэхээр одоогоор зуухнуудад хийж буй дүгнэлтүүд ерөөсөө л Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан, Зуухны туршилтын лабораторийн эрхлэгч Б.Одонхишиг нарын таалалд нийцсэн эсэх асуудал болж хувираад байна гэцгээж байв.
Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан өнгөрсөн пүрэв гаригт буюу Сөүл хотын даргаас “утааны харуул” гэгчийг “бэлгэнд” авч, Үндэсний хороо хуралдахын өмнөх өдөр хэвлэлүүдэд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “Суурин дөрвөн харуулаас авсан хэмжилтийн дүнд үндэслэж гаргасан мэдээллээр хотын агаарын бохирдол өдгөө стандартаас 2-7 дахин их байна. Улаанбаатарын утаа дэлхийн бохир хотуудаас ихэслээ гэсэн мэдээлэл ор үндэсгүй. Бохирдол ямар байгааг хүн бүр www.agaar.mn цахим хуудаснаас харах боломжтой. Иргэдэд хүртээмжтэй мэдээлэл түгээхийн тулд энэ жил дөрвөн харуул дээрээ нэмж, тус бүр нь тэрбум төгрөгийн үнэтэй хоёр харуул ашиглалтад оруулах гэж байна. Сөүл хотын даргын айлчлалын үеэр Улаанбаатар хотод бэлэглэсэн харуулыг гэр хорооллын дунд буюу Дамбадаржаад суурилуулна. Мэдээллийг нь бид Сөүл рүү явуулж, давхар хянуулах юм. Энэ сарын 15-17-нд БНСУ-ын мэргэжилтнүүд ирж, ашиглалтад оруулна. Үлдсэн нэг харуулыг ирэх оны гуравдугаар сард ЖАИКА-гийн шугамаар нийлүүлнэ. Ингэснээр утаа буурсан, буураагүй гэх маргаан илүү шинжлэх ухааны үндэстэй болох юм” хэмээжээ.
Мөн тэрбээр “Агаарын бохирдолтой тэмцэхэд өнгөрсөн хугацаанд нийт 93 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг зөвхөн сайжруулсан зуух авахад зарцуулсан юм биш. Хамгийн их нүүрс түлээд их бохирдол гаргадаг нам даралтын зуухнуудыг шинэчлэх, авто машинаас үүдэлтэй агаарын бохирдлын эсрэг зарцуулсан. IV ДЦС-ыг шинэчлэх, гэр хорооллын дулаан хангамжийг сайжруулах гээд дэд бүтэцтэй холбоотой ажлуудад ихэнхийг нь шингээсэн байдаг.
2011 онд Ерөнхийлөгчийн зарилгаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гаргасан. Хуулийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Энэ хороонд бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга багтдаг. Агаарын бохирдол гэдэг нь ганц яам эсвэл хотын захиргаа дангаараа хийх ажил биш учраас ийм бүтэцтэй байгаа юм. Ингээд энэ ажлыг бодлогын түвшинд нэлээд зангидаж байсан ч өнгөрсөн жилээс бүтэц зохион байгуулалтыг танаж, уналтад орууллаа. Тус хороо одоо хоёрхон хүнтэй. Үндэсний хороо энэ жил хоёрхон удаа хуралдсан, хуралдаад аймаг, нийслэл өөрсдөө ажлаа хий гэсэн чиглэл өгөөд орхисон. Мөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байсан хөрөнгө оруулалт тасралтгүй багасчээ. Эхлээд 34 тэрбум төгрөг байснаа 30, 24, 10 тэрбум болсон. Энэ жил таван тэрбум төгрөг зарцуулах боллоо. Ирэх жил мөнгө төсөвлөхгүй юм байлгүй. Агаарын бохирдлыг бууруулахад энэ жил анхандаа огт мөнгө төсөвлөөгүй байснаа арай гэж таван тэрбум болгосон. Уг нь энэ их мөнгө. Гэхдээ агаарын бохирдлын эсрэг ажилд бол тийм ч их биш. Бүгдийг нь Улаанбаатарт биш, орон нутагт бас өгнө гэсэн. Энэ жил бид БОНХАЖЯ-нд гурван санал явуулсан. Эхнийх нь гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах. 2014-2015 онд 16 дэд станцын ачааллыг хөнгөлж, 28.000 өрхийн цахилгаан хангамжийг найдвартай болгож, айлуудад нүүрсээр биш, цахилгаанаар гэрээ халаах боломж олгосон. Энэ жил бид найман дэд станцын ачааллыг хөнгөлье, үүнд гурван тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Одоогоор уг шийдлийн талаар ярихгүй байгаа учраас энэ жилдээ хэрэгжүүлэхгүй байх гэж ярилаа.
Таван тэрбум төгрөг өө гэж…Манай улсын агаарын бохирдолтой тун холбоотой тоо доо. Та бүхэн санаж байгаа бол эдүгээ татан буугдсан “Цэвэр агаар” сангийнхан анх таван тэрбум төгрөг завшсан хэргээр шалгагдаж эхэлсэн юм даг. Нарийндаа шахмал түлшний гэрээ байгуулчихаад л гэрээнд тусгасан зориулалтаар бус хувьдаа үл хөдлөх хөрөнгө, машин тэрэг авч завшсан хэргээр 5-7 жилийн ял сонссон байдаг. Гэтэл одоо дахиад таван тэрбум төгрөг чамлах хэрэг байна уу.
Сонирхолтой нэг холбоос таамаг төрүүлдэг нь Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Х.Галанбек өөрөө “Өлзий” зуухны төслийн удирдлагын багт ажиллаж байсан гэдэг. Тэгэхээр агаарын чанарын албанаас зуух шалгаруулахаар “Өлзий” зуух түрүүлээд байдагт ашиг сонирхлын зөрчил байдаг юм биш биз гэсэн хардлага дагуулдаг нь байж болох л үндэслэл. Тэрбээр өнгөрсөн жил “Мянган сорилтын сангаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 100 мянга орчим бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын өрхүүдэд тараасан. Үүний үр дүнд нэг айлын өдрийн нүүрсний хэрэглээ 2.3 кг-аар багасч, нийслэлийн агаарын бохирол 2012 оны арваннэгдүгээр сарыг 2013 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 20 хувиар буурсан” гэж яриад сууж байсан. Харин өнгөрсөн пүрэв гаригт өгсөн ярилцлагадаа “Утаа өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Нэгдүгээр сард утаа ихэсдэг. Ирэх сард хэр их болохыг мэдэхгүй” гэжээ.
Ямар үр дүнд хүрэхээ мэдэхгүйгээр яаж ажилладаг, өмнөх оныхоо мөн үеийн түвшинд л байхын тулд тэрбум тэрбумаар нь хөрөнгө зарцуулж, түүнийхээ төлөөсөнд даргын тушаал биелүүлсэн төрийн албан хаагчдыг ялладаг байх хэрэг байна уу. “Цэвэр агаар” сан зөв ажилласан бол байх ёстой сан. Харин зүй бус ажиллуулчихаад бантсандаа татан буулгаад, үүрэг чиглэлийг нь тарамдуулж, аль болох ойлгомжгүй байдал үүсгэн төөрөлдүүлэх нь ч цаанаа энэ чиглэлээр орж ирж байгаа гадны төсөл хөтөлбөрүүдийн мөнгө хаачив гэсэн эрэлд хатаагаад байгаа юм билүү. Лав л утаа багассан гэж хэлэх хүн ховор байна. Энэ бүхэн “утаатай тэмцэгчид”-ийн ажлын үр дүн биш гэж үү.
С.Зэндмэнэ
Эх сурвалж: Zaluu.com
URL: