Завьтай болохыг хүссэн завтай хүний марзаганал

10402813_1489896117996772_104016426735971858_nБи завьтай болмоор байна
Бийрээр зурж, үгээр хэлэхийн аргагүй
Бишид хүмүүс хараад ухаан алдаж унамаар
Бишгүй том дарвуулт завьтай болмоор байна

Тэгээд би…
Тив дэлхийг тойрох усан аялалд гармуй!

Хараа голоор дайраад
Ерөө голоор дамжаад
Бялхам Сэлэнгээр давшлаад
Байгаль нуураар довтлоод
Баренцын тэнгист хөвөөд
Балхааш нууранд булхаад
Адриатын тэнгисээс жижигрээд
Афины буланд живээд
Азовын тэнгист жингүйдээд
Амударъя мөрнөөр урсаад
Ижил мөрөнд сэргээд
Эгийн тэнгисээр уруудаад
Дон мөрнийг шудраад
Днепр мөрнийг шувтлаад
Каспийн тэнгисээр гатлаад
Кара-Кумаар шалдлаад
Дундад тэнгисээр сэлээд
Дунай мөрнөөр шилрээд
Сардина арлыг сэгсрээд
Суэцийн сувгийг сэтлээд
Адений булангаар тойроод
Арабын тэнгист тулалдаад
Маскатын арал дээр шархдаад
Мальдивын хоолойгоор цоргодоод
Газын зурвасаар мөлхөөд
Ганга мөрөнд мөргөөд
Инд мөрөнд тухлаад
Эрчис мөрөнд туугдаад
Чиг зүгээ алдаад
Чеченьд ирж байлдаад
Амьтай голтой мултраад
Авгайдаа ирж бүлтрээд
Ахиж босч далдаганаад
Арвайхээрээр цүлдэгнээд
Онгийн гол дээр онхолдоод
Орхоны цүнхээлд зомголдоод
Мэнд гарч мэлтэгнээд
Нэрмэл авч хундагалаад
Хоноц болж жүжиглээд
Хоньчины охинд сүжиглээд
Хонон өнжин мунаглаад
Хонийг нь зарж мөнгөжөөд
Хонгор хүүхнээ дагуулаад
Хотод авчирч гангалаад
Замын тоосоо гүвээд
Заяаны ханиа зүхээд
Завсрын хүүхэнд дурлаад
Завьтай байснаа дурсаад…

Нээрээ би завьтай болмоор байна
Нэвширсэн зовлон, мансуурсан жаргалаар дүүрсэн
Нэгэн хэвийн уйтгарт ахуйгаас холдож
Нижгээд сайхан адал явдал туулмаар байна…

(Жич: Энэ бол шүлэг биш зүгээр л нэг марзагнал байлаа. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш дээ)


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих