Баруунтурууны асуудлыг нууцын зэрэглэлд оруулжээ
Нэгэн үес цэрэг нь зүү залгисан хэргээр олны анхааралд өртөж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид цаг уурын ижил төстэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Хөвсгөл аймгийн арын сумдаас цэрэг ихэвчлэн татдаг байна.
Харамсалтай нь 2013-2015 оны хооронд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ тэргүүтэй сумдаас татагдсан цэргүүдээс 5 залуу амь насаа алдаж, одоогоор мөн 5 залуу хүн өвтэй хэвтрийн дэглэм сахиж байгаа аж. Эндээс зориуд тодруулж дурдахад Ренчинлхүмбэ сумын хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд эл цэргийн ангид алба хаасан гурван залуу нас барж, 4 нь өвчтэй байгаа юм.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн арван нэгдүгээр сард ХХЕГ-ын удирдлагууд болон нас барсан залуусын ар гэрийнхэнтэй уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үеэр ХХЕГ-аас “Бидний буруу. Зохих арга хэмжээг авч байгаа” гэсэн бол үдээс хойш нь мэдээлэл хийж, “Биднийг гүтгэлээ. Цэрэг нас бараагүй” гэж мэдэгдсэн билээ.
Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн зүгээс энэ асуудлаар Батлан хамгаалах яаманд хандан, нэгдсэн чуулганд нээлттэй мэдээлэл хийх хүсэлт хүргүүлсэн байдаг. Харин салбар яамных нь зүгээс мэдээллийг илгээхдээ нууцын зэрэглэлд хамааруулан хүргүүлсэн байна. Энэ нь холбогдох хуулийн дагуу сонсголын явцад чуулган хаалттай хуралдах дэгд хамаарна гэсэн үг.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн зүгээс энэ асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, мэдээллийг хүргэх хэрэгтэй гэж үзэж буй юм. Тиймээс Аюулгүй байдлын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцүүлэх хүсэлтээ уламжлаад буй аж.
Баруунтурууны асуудлаар бэлтгэсэн тусгай сурвалжлагыг ЭНД дарж уншина уу?
Ж.Мядагбадам
URL: